Өнөөдөр /2025.12.10/ Австрали улс 16 хүртэлх насны хүүхдүүдэд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглож, энэ хүрээнд тэдний TikTok, YouTube, Instagram, Facebook зэрэг сүлжээнд нэвтрэх эрхийг хаасан дэлхий дээрх анхны орон болж байна.
“Сургуулийн амралтаа өөрт хэрэгтэй байдлаар ашиглаарай. Утас үзэж цаг хугацааг үрэхийн оронд спортоор хичээллэж, хөгжмийн зэвсэг дээр тоглож сурч, шинэ ном уншаарай” гэж Австралийн ерөнхий сайд Энтони Албаниз шинэ хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан телевизээр мэдэгдэл хийхдээ онцолжээ. “Хамгийн гол нь цагийг найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ амьд харилцаа үүсгэн өнгөрүүлээрэй” гэж Албаниз онцолсон байна.
Одоогоор энэхүү хориг 10 платформд үйлчилж байгаа бөгөөд цаашид шинэ бүтээгдэхүүн гарч ирэхийн хэрээр эл жагсаалтыг нэмэгдүүлэх аж.
Анхны реакци
Ноа Жонс, Мэйси Нейланд гэгч 15 настай хоёр хүү хүний эрхийг хамгаалагчдын дэмжлэгтэй Австралийн дээд шүүхэд ханджээ. Тэд эл хууль нь тэдний чөлөөтэй харилцах эрхийг зөрчиж байна гэж үзжээ. “Би нийгмийн сүлжээ ашиглахыг хориглосны эсрэг байна. Учир нь залуу австраличууд бидний хувьд энэ нь дэлхийгээс холбоогоо тасалж, дуу хоолойгоо өргөх эрхгүй болж байна гэсэн үг” гэж Ноа Жонс Associated Press агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Digital Freedom Project байгууллагын мэдээлснээр, энэхүү хууль нь 2.6 сая залуу хүний Австралийн Үндсэн хуульд баталгаажуулсан эрхийг боомилж байна. Үүнтэй зэрэгцэн, хориг үйлчилж байгаа компаниуд мөн эсэргүүцлээ илэрхийлж байна.
Австрали улсаас гадна одоогийн байдлаар Грек, Мальта, Дани, Норвег зэрэг улс ийм төрлийн хууль боловсруулахаар ажиллаж байгаа бол Сингапур, Бразил зэрэг улс үйл явцыг анхааралтай ажиглаж байна.

Сэтгэгдэл ( 0 )