Тролл арми бэлдчихээд тоглоомын дүрмийг тогтож болохгүй!

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

“Хүн тус бүр ганцхан сошиал хаягтай байх тогтолцоо руу шилжинэ”. Энэ хэний үг гээч, Хууль зүйн сайдын үг. Хотын дарга байхдаа бургас хядсан С.Амарсайхан яг одоо нийгмийн сүлжээг хядах юм гэнэ. Учир нь цаххим орчин дахь гэмт хэрэг нэмэгдээд байгаа болохоор. Үндэсний аюулгүй байдалд аюул учраад байгаа болохоор. Хуурамч хаягууд зах замбараагүй контент хийгээд байгаа болохоор. “Хүн байхгүй бол асуудал байхгүй” гэдэг шиг хуудаснууд байхгүй бол аюулгүй болчих юм байх.

Дарга ангийн бодож тооцоолсноор насанд хүрсэн хүн иргэний үнэмлэх, хувийн дугаараар бүртгүүлж, данс нээдэг ганцхан хаягтай байх юм гэнэ.

Тэдний бодож олсон шин зөвхөн ганцхан нийгмийн сүлжээний хаягтай байхыг хуулиар хатуу зааж, хязгаарласан тогтолцоо одоогоор дэлхийн аль ч улс оронд алга. Гэвч зарим улс орнуудад “Бодит нэрийн бүртгэл”, “насны баталгаажуулалт”-ын тогтолцоог нэвтрүүлжээ. Манай урд хөрш БНХАУ л гэхэд сошиал медиа хаяг нээхдээ утасны дугаар, иргэний үнэмлэхийн дугаараар заавал баталгаажуулах хуультай. Гэхдээ энэ нь нэг хүн зөвхөн нэг л хаягтай байна гэсэн үг биш. Баталгаажуулалт хийгээд л явбал хэдэн ч хаягтай байж болно. Вьетнам, Тайланд, Филиппин зэрэг улс орнуудад цахим залилан, болзошгүй гэмт хэргээс сэргийлэхийн тухайтад бичиг баримтаар баталгаажуулах журам хэрэгжиж эхлээд байна.

Дэлхийн аль ч улс оронд хүн тус бүр нэг сошиал хаягтай байх зохицуулалт хэрэглэдэггүй. 

Насны хязгаарлалтын тухайд Австрали улс 2025 оноос эхлэн 16-аас доош насны хүүхдийн сошиал медиа хэрэглээг хуулиар хориглож, платформуудыг хэрэглэгчийн насыг заавал ирэний үнэмлэх, биометрикээр баталгаажуулахыг шаардах болсон. Үүгээрээ ийм практикыг нэвтрүүлсэн дэлхийн анхны улс болсон юм. Саяхан Франц улс 15-аас доош насны хүүдийн сошиал медиа хэрэглээг хязгаарлаж, Европын холбооны анхны улс болоод байна. Их Британи яг энэ жишгийг нэвтрүүлэхээр судалж байгаа. Турк улс ийм хуулийн төсөл өргөн мэдүүлсэн ч эцэслэн батлагдаагүй.

Коммунистууд ер нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхэд дургүй юм билээ.

Ямарсайндаа нэг хүн зөвхөн нэг л хаягтай байна гэдэг дэлхийд байхгүй тогтолцоо бодож олоод, түүнийгээ олон нийтэд зарлаж байхав. Улаан коммунист гэгдэх БНХАУ-д ч ийм хатуу тогтолцоо байдаггүй юм шүү дээ. Ер нь тролл хуурамц хаягийг хэн түлхүү ашигладаг вэ, улс төрчид. Чухам тэд л улс төрийн зодоондоо, сонгуулийн толхилцоондоо ашигладаг юм. Өнгөрсөн жил эрх баригч намын даргын төлөөх зодоон троллуудын дунд л өрнөсөн. Хотын даргаа ч троллуудын арми тонгорч унагасан. Чухамдаа улс төрчид л өөрсдийн олиггүй хуулиа нийгмийн дэмжлэг авч байгаа мэт дүр үзүүлэн троллуудаар магтуулаад тэгээд баталдаг. Өөрт таалагдаагүй бол троллуудаар сэвсээр байгаад “шонд өлгөөд” арчиж хаядаг. Чухамдаа тэд л троллуудаа амьд үзэл бодол гэдэгт итгээд рийл хийж хөөрцөглөөд, контент бүтээж хөглөдөг юм. Өөр хэн ч биш. Нийгмийн шаардлагаар өөрсдийнхөө тэжээсэн тролл армиа тэд устгана гэнэ. Устгахдаа жирийн иргэдэд хатуу үйлчлэх хууль батална гэнэ. Тэд хэдэн мянган армитай, жирийн иргэд хэдхэн хаягтай байж болохгүй юм гэнэ.

Өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн арав хүрэхгүй жилийн дотор хоёронтоо гар хүрсэн Үндсэн хуулийн өмнөтгөлд “...хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж...” гээд 16 дугаар зүйлийн 16-д “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэж заасан бий. Арав илүү жил засгийн эрх атгахаар Үндсэн хууль наалдахаа байдаг юм байна. Тийм гэдгийг Хууль зүйн сайд нь хэлсэн үгээрээ харуулчихлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top