Европын комисс 13 хүртэлх насныханд нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглох санал гаргав

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 09 сарын 18

 

Европын комисс Европын холбооны 27 гишүүн орнуудад 13 хүртэлх насны хүүхдүүдэд нийгмийн сүлжээ, дүрс бичлэгийн формат, чатбот, хиймэл оюун ухаант туслах хэрэглэхийг бүрэн хориглох, 13-14 насныхны хэрэглээг хатуу хязгаарлах тухай хуулийн төслийг танилцуулжээ.

Эл хуулийн төслийг батлах, хэрэгжүүлэхэд амаргүй байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Учир нь ЕХ-ны гишүүн орнуудад хүүхэд, нийгмийн сүлжээний асуудалд өөр өөр байр суурьтай ханддаг.

Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен хэт олон хүүхэд хэт бага наснаасаа цахим ертөнцийн нөлөөнд орж байна. Цахим ертөнцөд буллинг, заналхийлэл шууд гэрт нь хүрч, алдаа бүр үүрд бичигддэг гэжээ.

Хуулийн төсөлд зааснаар, 13 хүртэлх насны хүүхдүүдэд нийгмин сүлжээ болон бусад ижил төрлийн платформыг хэрэглэхийг бүрэн хориглож байгаа бол 13-14 насныхан зөвхөн эцэг эхийн аккаунтаар дамжуулан нээсэн аккаунтаар өдөрт нэг цаг хэрэглэх боломжтой.

Харин 15-18 насны өсвөр үеийнхнийг нийгмийн сүлжээ хөгжүүлдэг компаниудад хатуу шаардлага тавих замаар нийгмийн сүлжээ, видео платформ, чатбот, хиймэл оюун ухаант туслахын сөрөг нөлөөгөөс хамгаалах юм. Ингэхдээ технологийн компаниудад хэрэглэгчийн профайл болон үйлдлийг судалсны үндсэн дээр зөвлөмж пост санал болгохыг хориглох, хортой контент үзэх, хүүхдүүдэд танихгүй хүнтэй харьцах боломжийг хаах зэрэг заалтуудыг тусгасан байна. Түүнчлэн, чатбот болон хиймэл оюун ухаант туслахуудад сэтгэл санааны хувьд хараат болгох байдлаар хүн хоорондын хувийн харилцааг дуурайхыг хориглохыг заажээ. Ингэснээр өсвөр настнууд чатбот эсвэл хиймэл оюун ухаан туслахуудтай харилцсаны дараа амиа хорлох байдлаас урьдчилан сэргийлэхийг зорьж байна.

Мөн Европын комисс хүүхэд, өсвөр настнуудын аккаунтыг хэсэгчлэн хаалттай буюу байршлыг тогтоох, камер болон микрофоныг нь хаах зэрэг санал дэвшүүлжээ.

Компаниуд эдгээр шаардлагуудын дагуу платформоо шинэчлэх төслөө танилцуулах ёстой бөгөөд шаардлагуудыг зөрчсөн тохиолдолд жилийн орлогынх нь зургаан хувьтай тэнцэх торгууль тавина.

Энэхүү хуулийн төслийг батлахын тулд ЕХ-ны бүх гишүүн орнууд болон Европын парламент дэмжих ёстой. Үүнд олон сар шаардагдана. Франц, Австри, Дани, Грек, Испани зэрэг улс тус хуулийн төслийг танилцуулахаас ч өмнө хүүхдүүдийн нийгмийн сүлжээний хэрэглээг хязгаарлах төлөвлөгөөгөө танилцуулж байсан билээ. Франц улсад холбогдох хуулийн төсөл томоохон саадтай хэдийн тулгараад байна. Тус улсын Үндсэн хуулийн цэц энэхүү хуулийн төсөл нь үг хэлэх эрх чөлөөг боомилж байна гэж үзсэн тул Францын Засгийн газар тус хуулийн төслийн шинэчилсэн найруулга дээр ажиллаж байна.

Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен хуулийн төслийг боловсруулахдаа дэлхийд анх удаа хүүхэд, өсвөр настнуудын нийгмийн сүлжээг хориглосон Австралийн туршлагыг судалсан гэж мэдэгдсэн. Гэтэл тус улсад хуулийн хэрэгжилтийн явцад ихээхэн хүндрэлтэй тулгараад байна. Австралийн харилцаа холбооны сайд Аника Уэллс өсвөр настнууд нийгмийн сүлжээ болон бусад хориглосон платформуудыг ашигласан хэвээр байгааг хүлээн зөвшөөрч байсан билээ. Үүний төлөө нэг ч компанид торгууль ногдуулаагүй байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Otgg(202.9.46.223) 3 цагийн өмнө

Ted mon vgend orox baixdaa.

0  |  0
Top