“Meta” корпорацын тэргүүн Марк Цукерберг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа тус компанийн эзэмшдэг нийгмийн сүлжээн дэх контентыг цензурдэх зорилгоор дарамт шахалт үзүүлдэг байсныг хүлээн зөвшөөрчээ.
Цукерберг ийм агуулгатай захидлыг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын хууль зүйн байнгын хорооны дарга Жим Жорданд хаяглан ирүүлснийг тус хороо Х сүлжээнд нийтэлсэн байна. Байдены засаг захиргаа 2021 онд ковидтой холбоотой тодорхой контентыг хязгаарлахыг шаардаж байжээ. Гэсэн хэдий ч тухайн контентыг устгах эсэх шийдвэрийг нийгмийн сүлжээ өөрөө гаргадаг байсан гэнэ.
“Засгийн газрын зүгээс дарамт шахалт үзүүлэх нь буруу бөгөөд энэ тал дээр олон нийтэд ил тод болгоогүйдээ харамсаж байна. Бид ямар ч засаг захиргааны зүгээс ирэх дарамт шахалтын улмаас контентынхоо стандартын тал дээр буулт хийх ёсгүй гэдэгт бүрэн итгэлтэй болсон” гэж Цукерберг бичжээ. Тэрбээр мөн Цагаан ордны тэргүүний хүү Хантер Байдены ноутбук дэх хар тамхи, биеэ үнэлэхтэй холбоотой агуулга бүхий мэдээллийг түгээлтийг хязгаарласнаа хүлээн зөвшөөрчээ. Үүнийг тэрбээр факт чекингийн шаардлагатай холбон тайлбарласан бөгөөд Meta цаашид ийм зүйл давтагдахаас сэргийлж, бодлогоо өөрчилсөн хэмээн мэдэгджээ.
Х сүлжээг эзэмшигч Илон Маск Цукербергийн энэхүү мэдэгдэлд тайлбар хийхдээ “АНУ-ын Үндсэн хуулийн нэгдүгээр заалтыг зөрчсөн юм шиг сонсогдож байна” хэмээн бичжээ.
Сэтгэгдэл ( 0 )