Хэрэглэгчдийг хуурсан гэх хэргээр “Meta” компанийг 25 тэрбум ам.доллароор торгов

Я.Болор | Zindaa.mn
53 минутын өмнө

АНУ-ын Нью Мексико мужийн шүүх хувийн мэдээллийг хамгаалах тухай хэргээр “Meta” компанид 25 тэрбум ам.долларын торгууль ногдуулжээ. Энэ нь тус компанийн түүхэн дэх хамгийн өндөр торгуулийн хэмжээ юм.

Тус компани олон жилийн турш хэрэглэгчид, тэр тусмаа Facebook сүлжээний хэрэглэгчдийн хувийн мэдээллийг “Cambridge Analytica” улстөрийн зорилгоор ашиглах боломж өгч байжээ. Нью Мексико мужийн эрх баригчид тус компани олон жилийн турш хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг хэзээ ч бусдад худалдаж, дамжуулж байгаагүй хэмээн хэрэглэгчдийг хуурч байсан гэж үзэн шүүхэд өгсөн байна.

Тус мужийн шүүгч Фрэнсис Мэтьюгийн мэдээлснээр, тус компани 2010-2021 оны хооронд хууль зөрчиж, санаатайгаар Facebook сүлжээний хэрэглэгчдийн мэдээллийг бусдад дамжуулж байсан. Тус компанийн удирдлага, тэр дунда Марк Цукербергийн захидал хэрэглэгчдийг төөрөгдүүлэхэд чиглэж байсан гэжээ.

Нью Мексико мужийн хуулиар торгуулийн хэмжээг 43 сая зөрчил тус бүрд 5000 ам.доллар буюу нийт 219 тэрбум ам.доллар гэж тогтоож байсан ч шүүгч 25 тэрбум ам.доллар болгож бууруулсан байна. Энэ нь “Meta” компанийн нэг улирлын ашигтай тэмцэх хэмжээний мөнгө юм.

“Meta” компани давж заалдахаа мэдэгдээд байна. “Энэхүү нэхэмжлэлээр хүмүүсийг интернэтэд юу ярьж болохыг заасан шинэ дүрмийг хэрэглэх зорилгоор үг хэлэх эрх чөлөөнд торгууль ногдуулж байна. Тиймээс бид давж заалдах шатанд ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байна” гэж тус компанийн мэдэгдэлд онцолжээ.

Хэтэрхийн удаан хугацаанд технологийн хүчирхэг компаниуд өөрсдийнх нь хэмжээ, нөлөө нь хуулиас дээгүүр мэт аягласаар ирсэн. Шүүхийн энэхүү шийдвэр нь нэг ч корпорац хариуцлагаас зугтах хэмжээний хүчирхэг байдаггүй гэдгийг харууллаа гэж Нью Мексико мужийн ерөнхий прокурор Раул Торрес мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top