Марк Цукерберг: Мета ертөнцийн ирээдүй

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 06

Нийгмийн сүлжээний амьд бэлэг тэмдэг болсон Марк Цукерберг дөчин насныхаа босгон дээр хатуужиж, эрийн цээнд хүрч, гайхалтай итгэлтэй байдал нь компаниа үндсээр нь өөрчлөх урам зориг өгнө.

Илон Масктай хийгээгүй ч гэсэн тулааны талаарх ярианы ачаар Цукерберг мэдээллийн ертөнцөд тун эвгүй байдлаар эргэн ирсэн ч бизнест нь харин эерэгээр нөлөөлөв. Түүнд “Meta” гэх томоохон компанийн зангарагтай тэргүүн болсноо харуулах ховор боломж тохиосон. “Таны хувь заяаг таны өрсөлдөгч бус тавьсан зорилгодоо хэрхэн хүрч байгаа нь тодорхойлдог” гэж Цукерберг ярьжээ.

Ирэх оны тавдугаар сард Цукерберг 40 нас хүрнэ. Тэрбээр 106 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөс гадна буяны үйл ажиллагаа явуулдаг салбар, дэлхийн хамгийн чухал компаниудыг өөрчлөх эрмэлзэлтэй нэгэн.

Түүний анд, “Spotify” компанийг үндэслэгч Даниэл Экийн ярьснаар, Цукерберг өдгөө хорвоо ертөнцийг тулааны урлагийн үүднээс харж байна. Энэ нь түүний хувийн амьдрал, “Meta” компанийн үйл ажиллагаанаас харагдана. Эрийн цээнд хүрсэн Цукерберг ММА-ийн гол зарчим болох өөрөө өөрийгөө шинжлэх аргыг сонгожээ. “Тэмцээнд орохдоо та бусадтай бус өөрөө өөртэйгөө тулалддаг. Та зүгээр л өөрийнхөө илүү сайн хувилбар болохыг хичээдэг” гэж Эк найзынхаа тухай өгүүлжээ.

2012 онд Facebook бирж дээр анх гарч, зах зээлийн үнэлгээ нь 82 тэрбум ам.долларт хүрсэн амжилтын оргил үед “хорон Марк”-ийн эрин үеэ эхэлсэн. 2010-аад оны дунд үед Цукерберг Дундад Өрнөдөөр аялж, жижиг хот, тосгодын загасчин, фермер, гал сөнөөгчидтэй уулзалт хийж байв. Энэ үеэр Калифорнийн Менло Парке дахь түүний дэлхийг нэгтгэсэн компани ардчиллын аюул болох дөхсөн. 2014 онд Facebook алгоритм Мьянмар дахь угсаатны цэвэрлэгээ хийх уриалгыг түгээж, 2016 онд Доналд Трампын сонгуулийн сурталчилгааны штабад зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан “Cambridge Analytica” компани Facebook-ээр дамжуулан олж авсан мэдээллээ санал хураалтын өмнө ашигласан. “Марк Цукербергийн өв нь ардчиллын үндсийг ганхуулахад түүний компанийн гүйцэтгэсэн гол үүрэг болно” гэж “Facebook” компанийн хуучин хөрөнгө оруулагч, хожим нь нийгмийн сүлжээний шүүжмлэгч болсон Рожер Макнами ярьсан байдаг. Түүний хэлснээр, Facebook-гүй дэлхий дахин тэс өөр, илүү сайхан байх байсан. Сайн үйлс хийх асар их боломжтой хүмүүсийн хувьд энэ бол жинхэнэ эмгэнэл гэж тэрбээр ярьж байжээ.

Цукербергийн эд хөрөнгө 

2008 онд 24 насандаа Цукерберг өөрийн хүчээр тэрбумтан болсон хамгийн залуу тэрбумтан болж, “Forbes” сэтгүүлийн АНУ-ын хамгийн чинэлэг 400 эрхмийн жагсаалтад орж байв. Долоон жилийн дараа тэрбээр эхний аравт багтсан хамгийн залуу тэрбумтан болж дэвшсэн.

2021 оны есдүгээр сард Facebook компанийн хувьцааны нэгж үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч, зах зээлийн үнээлгээ нь 1.1 их наяд ам.долларт хүрсэн бол Цукербергийн хөрөнгө 136 тэрбум ам.доллароор үнэлэгдэв. Түүний бизнес мета ертөнцийн эрин зуун руу бүх хурдаараа тэмүүлж байлаа. Хожим нь тэрбумтан “Facebook” компанийн нэрийг “Meta Platforms” болгон өөрчлөхөөр шийдсэн. Ингэснээр тэр мета ертөнц компьютер тооцооллын ирээдүй рүү хөтлөнө гэсэн мессежийг өгөхийг хүсжээ. Энэ бол түүний том эрсдэл байсан. Эл эрсдэл багагүй хохирол авчирсан. Дараагийн 14 сард “Meta” компанийн хувьцаа 75 хувиар унаж, 2022 онд цэвэр ашиг нь 41 хувиар буурчээ. Цукербергийн хөрөнгө ч 33 тэрбум ам.доллароор буурч байлаа.

“Хиймэл оюун ухаан болон мета ертөнц манай компанийн хөрөнгө оруулалтын үндсэн хоёр чиглэл” гэж Цукерберг мэдэгдэж байна. Мета ертөнцийг бүтэлгүй санаа гэж зарим хүн үздэг ч Цукерберг үзэл бодлоо өөрчилсөнгүй. Гэхдээ энэ ертөнцөд дор хаяж 10 жилийн дараа мөнгө хийх боломжтой хэмээн мэдэгддэг. Түүний энэ санаа 40 тэрбум ам.долларын үйл ажиллагааны алдагдал хүргэсэн ч Цукерберг бат итгэлтэй байсаар байна.

Харин энэ жил тус компанийн орлого 50 хувиар өсөж, 34 тэрбум ам.долларт хүрнэ гэж шинжээчид таамаглаж байна. Компанийн хувцааны үнийн өсөлт Цукербергийн эргээд дэлхийн хамгийн баян 10 хүний жагсаалтад оруулав.

Түүний хувьд мета ертөнц бол зөвхөн виртуал болон виртуал бодит байдал төдийгүй хиймэл оюун ухааныг багтаасан стратегийн нэгээхэн хэсэг.

Хиймэл оюун ухаан бүх салбарт нэвтэрнэ гэдэгт тэрбумтан итгэлтэй байна. Нийгмийн сүлжээг үндэслэгч хиймэл оюун ухаан өндөр өртөгтэй адал явдал гэдгийн хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ тэр “Meta” компанийн цорын ганц хувьцаа эзэмшигч. Түүний үгийг бүгд сонсоно. Харин түүнд асар их тэвчээр бий. “Виртуал бодит байдлын нүдний шил гаргахад илүү хугацаа шаардлагатай байна. Үүнд “Reality Labs”-ын төсвийн ихэнх хэсэг нь зориулагдаж байна. Энгийн нүдний шилэнд супер компьютер багтаах гэж хичээж байгаа учир тэр.

Хэрэв энэ санааг ойлгомжтой бөгөөд хүртээмжтэй байдлаар хэрэгжүүлж чадвал зарчмын хувьд цоо шинэ зах зээл төрүүлэх боломж бий. Хэрэв бүтэлгүйтвэл маш өндөр өртөгтэй бүтэлгүйтэл байх болно. Facebook утас эсвэл крипто валютын “Libra” төслийн нэгэн адил.

Цукербергийн буяны үйл ажиллагаа

Марк Цукерберг “Өгөх тангараг /The Giving Pledge/” санаачилгад гарын үсэг зурсан анхдагчдын нэг. Тухайн үед тэрбээр 26 настай байлаа. Билл Гейтс, Уоррен Баффет нарын санаачилсан энэхүү кампанит үйл ажиллагааны хүрээнд тэрбумтнууд хөрөнгийнхөө дор хаяж талыг нь буяны үйлст зориулахыг уриалдаг. “Билл буяны үйл ажиллагааг зүй зохистой явуулж, өтөл насандаа энэ тал дээр амжилтад хүрэхийг хүсвэл дадлага хийх ёстой гэдэгт итгэдэг нэгэн” гэж Цукерберг мэдэгдэж байжээ.


2015 онд охиноо төрхөөс өмнө Марк Цукерберг эхнэр Присцилла Чанны хамтаар охиндоо зориулж захидал бичжээ. Тэд захиандаа нийгмийн сүлжээнийхээ хувьцааны 99 хувийг буяны санд хандивлах амлалт өгсөн байна. Буяны сангаа “Chan Zuckerberg Initiative” гэж нэрлэжээ. Өдгөө тэрхүү үнэт цаас 103 тэрбум ам.долларын үнэд хүрч, хосууд 4.2 тэрбум ам.долларыг нь хэдийн буяны үйлсэд зориулаад байна. Тэд охиндоо өгсөн амлалтаа биелүүлэхийн цагт тус сан дэлхийн томоохон буяны байгууллагуудын нэг болж, зөвхөн Гейтсийн сангийн ард орно. “Meta” компанийн санхүүгийн байдлаас шалтгаалан “Chan Zuckerberg Initiative” ирээдүйд түүнээс ч том болох боломжтой. Чан эл төслөө гайхалтай боломж гэдэг. Тус санг хязгаарлагдмал хариуцлагатай компаниар бүртгүүлсэн тул сангийн бодлогод нийцсэн ашгийн төлөөх бизнест хөрөнгө оруулдаг. Санг үндэслэгчид татварын хөнгөлөлт эдэлдэггүй, үйл ажиллагаа нь ил тод.

“Chan Zuckerberg Initiative” сан энэ зууны сүүл гэхэд эрдэмтдэд дэмжлэг үзүүлэх замаар бүх өвчнийг судлах, эмчлэх, урьдчилан сэргийлэх амбицтай зорилго тавьжээ. Боломжгүй мэт болох ч Чан бууж өгөх бодолгүй байна. Түүнчлэн, тус сан биологи, анагаах ухааны салбарт хиймэл оюун ухаан дээр суурилсан дэлхий дээрх хамгийн том кластерыг бүтээхээр төлөвлөж байна.

Үүсгэн байгуулсан сан нь төрөл бүрийн өвчнийг судлах зуур Цукерберг өөрөө бүтээмжээ нэмэгдүүлэх зорилго тавьж, өөрийн эрүүл мэнддээ нухацтай хандах болжээ. Тэр өдөр бүр дасгал хийж, хоногт наймаас доошгүй цаг унтдаг. Жиу жицү, холимог тулаанаар хичээлэнгээ тэрбумтан тулаан хийдэг. “Chan Zuckerberg Initiative” сангийн тавьсан зорилгод бага ч атугай хүрвэл өнгөрсөн үеийн нүглээ наминчилж болно гэж үздэг. Санасан зүйлийнхээ дөнгөж гуравны нэгийг хэрэгжүүлэхэд дэлхий дахинд асар их тус авчирна хэмээн итгэдэг.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top