Сүүлийн үед мета ертөнцийн талаар идэвхтэй ярих болсон. Ялангуяа, “Facebook” компани нэрээ “Meta” гэж өөрчилсний дараа илүү хүчээ авч байна. Анх энэ нэр томьёог АНУ-ын зохиолч Нил Стивенсоны 1992 онд гарсан “Цасны нуранги” шинжлэх ухааны зөгнөлт туужид ашигласан байдаг.
“Meta” компанийг үндэслэгч Марк Цукерберг эртнээс виртуал бодит байдлын хөгжилд хөрөнгө оруулж эхэлжээ. Тухайлбал, 2014 онд виртуал бодит байдлын нүдний шил бүтээдэг “Oculus Rift” компанийг хоёр тэрбум ам.доллароор худалдан авч байсан бол 2019 онд тархины импульсийн тусламжтай удирддаг программ хангамжийг хөгжүүлдэг “CTRL-Labs” стартап компанийг мөн худалдаж авав. 2021 онд виртуал бодит байдалд ажиллах, харилцах, арга хэмжээ зохион байгуулах боломжтой “Horizon” платформыг нэвтрүүлжээ.
Виртуал бодит байдал урам хугалсан нь ч бий. Урт хугацааны туршид эл технологи хөрөнгө оруулагчдыг татаж, асар их боломжийг амлаж байсан. 2013 онд “Google” виртуал бодит байдлын нүдний шил гарахад хүсэн хүлээж байсан шиг “тэсрэлт” болсонгүй. Үүнд хоёр шалтгаан бий. Тухайн үед олон нийт худалдан авах боломжтой хямд бөгөөд чанартай хэрэгслүүд байсангүй. Мөн эдгээр хэрэгслийг хэрэглэх боловсронгуй программ хангамж, контент дутагдалтай байлаа.
Харин 2020 онд “Oculus Quest 2” сет гарснаар Цукерберг виртуал бодит байдлын зах зээл дээр жинхэнэ хувьсгал хийв. Тэрбээр боломжийн үнэтэй, чанартай виртуал бодит байдлын дуулга гаргасан юм. Үнэ нь 299 ам.доллар. Үүний дараа “Facebook” компани энэ дуулганд тохирсон контент бүтээхээр идэвхтэй ажиллаж эхэлсэн. Үр дүнд нь “Oculus” баяжуулсан /Augmented reality/ болон виртуал бодит байдлын хэрэгслийн зах зээлийн 53 хувийг эзэлж чадсан юм.
Шинжээчдийн үзэж буйгаар, тус компани экосистем бүтээх гарааг эхлүүлж, зөв чиглэлийг сонгожээ. Дуулгатай хамт Цукерберг виртуал бодит байдлын хэрэгслүүдийг дэмждэг боловсронгуй үйлдлийн систем бүхий маркетплейс буюу цахим худалдааны платформ гаргасан. Виртуал бодит байдлын дуулга маркетплейст нэвтэрч, эдгээрт зориулсан тусгай контентууд гарч, “Horizon” нийгмийн сүлжээ шинээр бий болов. Энэ бүгд мета ертөнцийн урьтал нөхцөл байлаа. Үүнээс үзвэл энэ ертөнц нэгхэн жилийн нүүрийг үзэж байна гэж хэлэхэд өрөөсгөл болно.
Урьд өмнө виртуал бодит байдлыг тоглоом, зугаа цэнгэлийн давуу тал гэж үздэг байв. Гэвч мета ертөнц зэрэг нь технологийг өөр түвшинд аваачиж байна.
Энэ сарын 2-нд “Microsoft” компани виртуал аватарыг бүтээх, виртуал бодит байдалд ажиллах боломж олгох зорилгоор “Mesh for Teams” платформыг танилцуулсан. Үүнтэй зэрэгцэн “Apple” компани ирэх жил баяжуулсан болон виртуал бодит байдлын нүдний шилээ танилцуулахаар төлөвлөж байна. Энэ бүхэн технологийн салбарын аваргууд виртуал бодит байдалд нухацтай хандаж буйг илтгэж байна. Харин Цукерберг дэлхийг “Meta”-гийн өмнө ба хойно гэж хуваах цэгийг тогтоов.
Цаашид юу болох вэ?
“Meta” харилцаа холбоог шинэ хэлбэр, илүү өндөр түвшинд шилжүүлж байна. Бид хавтгай сүлжээнээс илүү багтаамжтай сүлжээ рүү орж байна. 27 инчийн дэлгэц 360° орон зай болж тэлнэ. Тэр ч атугай хүмүүс нэгдсэн орон зайд байхдаа хаанаас ч хамаагүй ажлаа хийж, нэг өрөөнд сууж байгаа мэт хоорондоо харилцах тэр цаг үе ойртож байна. Ирээдүйд биднийг амьд мэт аватарууд хүлээж буй.
Цукербергийн өөрийнх нь хэлснээр, виртуал бодит байдал нь зөвхөн цахим тоглоом, харилцаа холбооны асуудал биш. Энэ бол ажиллах, спортоор хичээллэх, суралцах, хөгжиж, туурвих орон зай юм. Энд хүн бүр өөрийгөө илэрхийлж, хөгжих боломжтой. Яг л бодит ертөнц шиг. Магадгүй илүү далайцтай. Учир нь виртуал бодит байдал бүхэл бүтэн шинэ ертөнцийг бүтээх боломжийг нээдэг. Энд хил хязгаар гэж үгүй.
Саяхан “Meta” виртуал бодит байдлын “Within” фитнес компанийг худалдаж авсан. Тус компани “Supernatural” программыг боловсруулж байна. Тус программ виртуал бодит байдлын нүдний шилний тусламжтай бэлтгэл хийх боломж олгох юм.
Гэвч үүнтэй зэрэгцэн бид шинэ асуудалтай тулгарна гэж шинжээчид ярьжээ. Энэ бол асар их мэдээлэл. Ёс зүйн хувьд ч хүндрэл гарахыг үгүйсгэх аргагүй. Бид бодит байдлаа умартан, өөртөө анхаарал тавихаа болино гэх. Шинэ дүр болох аватардаа уусаж, виртуал ертөнцөд бүрэн автагдана гэх. Гэхдээ төр, засаг интернетийн нэгэн адил энэ технологийг зохицуулах арга хэмжээ авч магадгүй юм. Харин “Meta” энэ талаар хэдийнээ бодож, ийм сорилттой нүүр тулахад бэлэн гэдэг нь дамжиггүй.
Виртуал бодит байдал дахь харилцаа холбоо
Ковид-19 цар тахлаас үүдэн технологийн салбарт томоохон үсрэлт гарсан. Хүн төрөлхтөн ч виртуал харилцаа холбооны хэлбэрт дасаж эхлэв. Ирэх арван жилд бид цаг хугацааг интернетийн гурван хэмжээст хувилбарт өнгөрүүлж, хүссэн цагтаа виртуал ертөнцөд зочилж, аватар дүрээр дэлхийн нөгөө өнцөгт байгаа найзтайгаа уулздаг болно гэдэгт Цукерберг итгэлтэй байна. Харин харилцаа холбооны тал дээр виртуал бодит байдал “Zoom” эсвэл “Skype” одоохондоо ялж чадаагүй л байна. Учир нь одоогоор аватарт нүүрний хувирал байхгүй. Чухал уулзалтын үеэр инээмсэглэсэн дүртэй аватар итгэл төрүүлж чадахгүй л болов уу. Виртуал бодит байдал одоогоор компьютерын тоглоомд дурлагсдын дунд илүү түгээмэл байна.
Хил хязгаараа тэлсээр
Виртуал бодит байдал урлагийн салбарт хүчээ авч байна. Виртуал галерей олноор нээгдэж, виртуал наадам, үзэсгэлэн, концерт зохион байгуулагдах болов. Энэ бүгд коронавирусний цар тахлын нөхцөлд нүдээ олсон хэлбэр.
Алдаа гаргаж, олсон мэдлэг зарим салбарт туйлын чухал байдаг. Тухайлбал, виртуал бодит байдлын технологийг гал сөнөөгч, цэрэг, цагдаа, онцгой байдал, эмнэлгийн ажилтан, жолооч нарыг сургахад өргөнөөр ашиглаж байна. Зөвхөн виртуал бодит байдал л онцгой нөхцөл байдлыг бий болгох боломжтой орон зай. Ингэснээр тухайн ажилтан үүссэн нөхцөл байдалд бүрэн орж, орчинтойгоо ажиллаж, үнэтэй туршлага хуримтлуулна.
Виртуал технологид асар их нөөц, боломж бий. Нэгэн үед интернет бидний амьдралд орж ирсэн шиг өдгөө виртуал бодит байдал хаалга тогшиж байна. Технологи эхэн үедээ өртөг өндөр байдаг тул эхлээд томоохон корпорацуудад нэвтэрдэг. Цаашид хүрээ нь тэлж, олныг хамардаг. Харин тэр хүртэл бидэнд бодит ертөнц, “Meta”, түүний бүтээх мета ертөнц хэрхэн хөгжихийг ажиглан, хүлээх л үлдлээ.
Сэтгэгдэл ( 0 )