Facebook олон нийтийн сүлжээ царай таних системээс татгалзахаар шийдвэрлэжээ.
Энэхүү системийг ашиглахыг зөвшөөрсөн нэг тэрбум гаруй хүнийг гэрэл зураг болон дүрс бичлэгт царайгаар нь автоматаар таньдаг программыг зогсооно гэж “Meta” компанийн мэдэгдэлд онцолжээ. Аравдугаар сарын 28-нд “Facebook” компани нэрээ “Meta” гэж өөрчилсөн билээ.
Энэхүү системтэй холбоотой олон тооны асуудал, тодорхойгүй байдал гарч ирсэн тул ийм шийдвэр гаргасан гэж тус компани тайлбарлажээ.
Царай таних системийг зогсоосноор Facebook-ийн хэд хэдэн боломжууд мөн алга болох гэнэ. Тухайлбал, хэрэглэгчид тухайн хүнийг тааглах /tag/ эсэхийг дахин санал болгохгүй гэнэ. Тодорхой үйлчилгээнүүд ирэх долоо хоногт ажиллахгүй болно.
Facebook олон нийтийн сүлжээ царай таних технологийг 2010 оноос хойш ашиглаж иржээ. Эл технологийн тусламжтай олон нийтийн сүлжээ царай таних системийг ажиллуулахыг зөвшөөрсөн хэрэглэгчийн царайг гэрэл зураг, дүрс бичлэгт таньдаг. Тус компанийн мэдээллээр, нийт идэвхтэй хэрэглэгчдийнх нь гуравны нэг нь энэ системийг ашигладаг байна.
Иллинойс мужийн оршин суугчид 2015 онд “Facebook” компанийг хэрэглэгчдийн биологийн өгөгдөхүүнийг өөрийнх нь зөвшөөрөлгүй цуглуулж байна хэмээн буруутган, шүүхэд өгч байжээ. 2021 онд талууд нөхөн төлбөр олгох тохиролцоонд хүрсэн. Тохиролцоо ёсоор шүүхэд нэхэмжлэх гаргасан хүн бүрт 345 ам.долларын нөхөн төлбөр олгоход зориулж корпорацын зүгээс нийт 650 сая ам.доллар төлөхөөр болсон байна.