Германы Макс Планкийн нэрэмжит Амьтны үйл хөдлөлийг судлах хүрээлэнгийн эрдэмтэд тэжээвэр болон зэрлэг ан амьтдыг ажиглах хиймэл дагуулууд хөөргөхөөр төлөвлөж байна.
Судлаачдын ярьснаар, амьтдын үйл хөдлөл, зан байдалд гарч буй өөрчлөлтүүдээр байгалийн гамшгийг урьдчилан таамаглах боломжтой аж.
Амьтад дээр суурилуулсан тусгай дамжуулагчид ирэх жилээс ашиглалтад орох хиймэл дагуулуудад мэдээлэл дамжуулах гэнэ. Эхний ээлжид зургаан хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байна. Судалгаагаар эрдэмтэд зөвхөн амьтдын үйл хөдлөл, зан байдлыг ажиглаад зогсохгүй эдгээр нь уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигтай ямар холбоотой болохыг судлах юм.
Үүнээс өмнө Италийн Сицилийн арлын Этна галт уулын бэлд ижил төрлийн судалгаа явуулж байжээ. Үр дүнд нь зэрлэг ан амьтад галт уул дэлбэрэхийг урьдчилан мэддэгийг тогтоосон байна. Тухайлбал, ан амьтад тайван бус болж, өндөрт бэлчихээс зайлсхийж байжээ. Түүнчлэн, Италийн Абруццо уулархаг бүс нутагт нохой, хонины үйл хөдлөл, зан байдалд гарсан өөрчлөлтөөр хэд хэдэн томоохон газар хөдлөлтийг урьдчилан таамаглаж чадсан байна.
Амьтад газрын тектоник өөрчлөлтүүдийг төдийгүй ион агаар мандал дахь өөрчлөлтүүдийг мэдэрч, улмаар байгалийг гамшиг болох гэж буйг мэдрэх чадвартай гэж эрдэмтэд таамаглаж байна.
Сэтгэгдэл ( 0 )