Сүүлийн 20 жилд ган гачгийн давтамж 29 хувиар нэмэгдэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 12

НҮБ-ын шинжээчид сүүлийн 20 жилд манай гараг дээр тохиож буй ган гачгийн давтамж 29 хувиар нэмэгдсэн болохыг тогтоожээ.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын гүйцэтгэх захирал Ибрахим Тьявын мэдээлснээр, ган гачгийн үргэлжлэх хугацаа, давтамж, үр дагавар нь улам бүр нэмэгдэж байна. Энэ нь хүн амын тоонд сөргөөр нөлөөлөхөөс гадна экосистемийг алдагдуулж байна. Дэлхийн дулаарлын томоохон үр дагавруудын нэг нь байгалийн гамшигт үзэгдлүүд юм. Эрдэмтэд үүнд өвөл цагийн онцгой дулаарал, зуны хэт халалт, олон долоо хоног үргэлжлэх аадар бороо, ган гачиг зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүдийг нэрлэжээ.

2000-2019 оны хооронд бүх төрлийн ган гачгийн давтамж 29 хувиар нэмэгдсэн бол 23 улсад нэгэн зэрэг тохиож байжээ. НҮБ-ын шинжээчдийн үнэлгээнээс үзвэл сүүлийн 20 жилд ган гачгаас үүдэлтэй эдийн засгийн хохирлын хэмжээ 124 тэрбум ам.доллароос давжээ. Ингэхдээ хохирлын ихээхэн хэмжээ нь Африк, Азийн ядуу орнуудад ногдож байна.

Африкийн орнууд ганд нэрвэгдсэн тоогоор тэргүүлж байна. Өнгөрсөн хугацаанд энэ тивд 130 гаруй удаа ган гачиг тохиожээ. Мөн Энэтхэг, Австрали ган гачигт ихээхэн өртөж байна. Үүний улмаас тус хоёр улсын ДНБ болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл 2-5 хувиар буурчээ.

Ирэх жилүүдэд ган гачгийн давтамж улам нэмэгдэнэ гэж шинжээчид үзэж байна. 2030 он гэхэд 700 сая хүн “уур амьсгалын дүрвэгч” болж 2050 он гэхэд дэлхийн хүн амын 70 орчим хувь нь байнгын болон үе үе болох ган гачигт нэрвэгдэнэ. Тиймээс хүн төрөлхтөн хамтран ган гачгийн үр дагавартай тэмцэх арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна гэж Тьяв тэргүүтэй эрдэмтэд үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top