The Irish Times I The Hu: Дэлхий дахинд байгаа фэнүүдийнхээ дэмжлэг, хайраар бахархдаг

2020 оны 02 сарын 20

Дэлхийн чихийг дэлдийлгэж байгаа The Hu хамтлаг Европын аялан тоглолтоо өндөрлүүлээд эх орондоо эргэн иржээ. Тэд Ирландад тоглолт хийх үеэрээ “The Irish Times” сонинд ярилцлага өгсөн байна.

The Hu бол орчин рок хөгжмийн шинэ үзэгдэл гэдэгтэй дэлхий нийт санал нийлсээр байна. Уламжлалт зэмсэг, хөөмийн аялгуу нь тэднийг дэлхий дахинд алдаршууллаа. YouTube суваг дээрх найман сая хандалт, Европт хийсэн амжилттай тоглолт гээд тэдний тухай хэлэх үг маш олон. Элтон Жон хүртэл тэднийг шүтэн биширч байгаагаа ярьсан. 

“The Irish Times” сонины сэтгүүлч Ронан МакГриви хамтлагийн гоцлол дуучин Ц.Галбадрахаас ярилцлага авчээ. Ярилцлагыг орчуулан хүргэж байна.


-Танай хамтлаг хэзээ байгуулагдав?

-Бид Улаанбаатарт СУИС-д анх уулзаж байсан. 2016 онд хамтлагийн продюсер Б.Дашдондогтой анхны дуун дээрээ ажиллаж эхэлсэн. Эхний хэдэн уран бүтээл маань бидний хайж байсан өнгө аясыг олоход тусалсан.

-Монголын уламжлалт хөгжмийн зэмсгүүд байна. Хөгжмүүдээ танилцуулж болох уу?

-“The Hu хамтлагийн аялгуу, дуу бол бүгд монгол үндэсний гайхамшигт хөг аян дээр тулгуурласан байдаг. Бид Морин хуур, товшуур, цуур, төмөр хуур хөгжим дээр тоглодог. Манай хамтлаг бол уламжлал, орчин үе бөгөөд өнгөрсөн, одоо цаг юм. Стильдээ тохируулан хөгжмийн зэмсэгтээ бага зэрэг өөрчлөлт хийсэн.
 


-Гэхдээ гитар зэрэг рок хөгжмийн зэмсэг дээр ч тоглож байна?

-Тийм ээ, манай хамтлагт гитар, бөмбөр дээр тоглодог гишүүд бий.

-Танай хөгжмийн төрлийг тодотговол?

-Бид өөрсдөө Хүннү рок гэж нэрлэдэг. Энэ бол монгол үндэстний хөгжим, орчин үеийн рок хөгжмийн хослол юм. Монгол хэлний Хүн гэсэн үгээс гаралтай. Өрнө Дорно, өнгөрсөн одоо цагийн уулзвар гэж ч хэлж болно. Маш хүчтэй төрөл тул металл хөгжим, сонгодог рок хөгжим ч тоглож болно. Манай стилийн хамгийн гол зүйл нь монгол ардын хөөмий.

-Танай хамтлаг  “Better Noise Music”-д байдаг. Энэ бол хэви металл хамтлаг байдаг талбар шүү дээ. Та нарыг хэви металл хамтлаг гэж тодорхойлохыг хэрхэн хүлээн авдаг вэ?

-“Better Noise Music”-д олон рок хамтлаг байдаг. Хүннү рок хөгжимд металл хөгжмийн маш олон элемент байдаг.

-Барууны ямар хамтлаг та бүхний уран бүтээлд нөлөөлсөн бол?

-Бид маш олон хөгжмийн төрлөөс эрч хүч авдаг. Монгол үндэсний хөгжмөөс эхлээд Pink Floyd, Metallica, Slipknot, System of a Down, Rammstein, Tool, Lamb of God. Хэлээд байвал үргэлжлүүлээд л байхаар байна.

-Анх уран бүтээлээ эхэлж байхдаа Хүннү рок дэлхийг эзэлнэ гэж бодож байв уу?

-Дуу, хөгжмийн клип бүтээхдээ маш их цаг зарцуулж байсан болохоор амжилт олно гэдэгтээ итгэлтэй байсан. Бид “Yuve Yuve Yu” дууны клипээ хийх гэж баруун Монголд замгүй газраар 5000 км аялж байлаа. Элсэн цөлд халууцаж, маргааш нь уулын оргил дээр даарах үе ч байсан. Бид хүмүүсийн сонирхлыг татаж чадсанаараа бахархдаг.
 


-Ийм их амжилтад хүрсэндээ гайхдаг уу?

-Заримдаа итгэхэд хэцүү байдаг. Дэлхий дахинд байгаа фэнүүдийнхээ дэмжлэг, хайраар бахархдаг. Хаана ч очсон тэд хамтдаа дуулж, хамтдаа баярладаг нь сайхан.

-“Papa Roach”-ийн  Жейкоби Шэддикс,  “From Ashes to New”-гийн Дэнни Кейс нартай хамтран ажилласан.

-Жейкоби бол бидний багаасаа сонсож өссөн рок домог. Хамтран ажиллах нь нэр төрийн хэрэг.

-Монголын Эзэнт гүрэн, Чингис хаан танай уран бүтээлд их утга учиртай санагддаг. Харин баруунд Монголын Эзэнт гүрнийг сөргөөр хүлээн авдаг. Та бүхэн Монгол Улсыг энх тайвны хүч байсан гэж батлах юм. Яагаад?

-Манай өвөг дээдэс агуу хаан, баатрууд байсан. Монгол Улс бол баялаг уламжлал, соёлтой улс. Эрт дээр цагт ч манай улс дэвшилтэт олон зүйлийг дэлхийд дэлгэрүүлж байлаа. Алс тэртээ 13-р зууны үед монголчууд анх шашин шүтлэгийн эрх чөлөөг зарлан тунхаглаж байлаа. Анхны шуудан, Гэрэгэ хэмээх анхны дипломат паспорт ч монголчуудын бүтээл. Монгол хөгжим, зэмсэг, дуу манай соёлын салшгүй хэсэг, бид энэ соёлоо дэлхий дахинтай хуваалцаж байгаадаа баяртай байдаг.

-Та Ирландын талаар юу мэдэх вэ?

-Ирландад сайхан зүйл их бий. Үзэсгэлэнт байгаль, Конор МакГрегор, Жеймсон, Гиннесс гээд л. Бид Ирландад тоглолт хийсэндээ баяртай байна. Ирланд фэнүүддээ баярласнаа илэрхийлье.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
U(202.126.88.64) 2020 оны 02 сарын 20

Best. good luck

0  |  0
zochin(202.9.47.49) 2020 оны 02 сарын 20

the hu bidnii baharhal

2  |  0
sieg heil(202.179.24.44) 2020 оны 02 сарын 20

kkk

0  |  0
Top