Монгол Улсын Засгийн газар коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх цогц асуудлаар хуралдаж дууслаа.
Ерөнхий сайд болон Засгийн газрын хуралдаанаас Орон нутгийн зам, Улаанбаатар руу орох, гарах урсгалыг хязгаарласныг 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл сунгах чиглэлийг Улсын Онцгой комисст өглөө.
Хэрэв хязгаарлалтыг сунгавал хөдөө, орон нутаг руу явсан хүмүүс нийслэлийн хаягтай бол иргэний үнэмлэх, холбогдох бичиг баримтыг үндэслэн нэвтрүүлэх зэрэг зохицуулалт хийх бололтой.
Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол, Японы хооронд үйлдэж буй нислэгүүдийг цуцлах, бусад арга хэмжээг цаг алдалгүй авах чиглэл өглөө.
Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг дараах мэдээллийг өглөө.
Ц.ГАНЗОРИГ:
-Ерөнхий сайдын зүгээс гуравдугаар сарын 2-ныг хүртэл хөдөлгөөн хязгаарлах шийдвэрийг сунгах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулсан. Хөдөлгөөн хязгаарлахаас өмнө хөдөө явсан иргэд буцаж яаж ирэх вэ гэдэг асуудал үүсэж байгаа. Тэдгээр хүмүүсийн гэрийн хаягийг шалгаж, хот руу оруулах зэрэг асуудлыг нарийвчлан Улсын Онцгой комиссоор хэлэлцэн шийднэ.
Мөн Ерөнхий сайд Япон улсын нислэгийг цуцлах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулсан. Энэ хоёр асуудлыг УОК-ын хурлаар эцэслэн шийдээд, олон нийтэд мэдээлнэ.
Маргааш хуваарийн дагуу ажлын өдөр. Төрийн байгууллагууд 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Хувийн хэвшлийнхэн ажлын цагаа тооцоолж ажиллана. Гол нь Улаанбаатар руу орох, гарах урсгалыг хязгаарлаж байна.
Олон нийтэд хандаж төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, хөдөө гадаа явах эрсдэлтэй алхам битгий хийгээрэй гэж уриалж байна.
Засгийн газраас мөн өнөөдөр тогтоол гаргаж, хамгаалах хувцас хэрэглэлд шаардагдах төсөв баталлаа. Өмнө нь 4.2 тэрбум төгрөгийн төсөв баталсан байсан бол сая дахин 6.5 тэрбум төгрөгийн төсвийг нэмж батлаад байна.
Эмнэлгийн хэрэгсэл, хамгаалалтын хувцас захиалсан. Сөүлээс эдгээр ачааг татаж авах асуудал яригдаж байна. Өнөөдрийн байдлаар БНСУ-ын Инчены нисэх буудал дээр дамжих өнгөрөх нислэгийн нэг ч зорчигч байгаагүй. Одоогоор Турк, Орос, Казахстаны нислэг нээлттэй байгаа. Бангкок, Наритагийн нислэгүүд өнөөдөр хамгийн сүүлийн нислэгээ үйлдээд маргаашаас зогсоож байгаа.
БНСУ-д нас барсан Монгол Улсын иргэний үхлийн шалтгааныг тус улсын талаас албан ёсоор ирүүлнэ. Вирусээс эсвэл өөр өвчний улмаас нас барсан уу гэдгийг албан ёсоор мэдээлэх болно. Тухайн иргэн өмнө нь БНСУ-д дөрвөн жил ажилласан. Ингээд хоёрдугаар сарын 12-нд тус улс руу явсан. Очоод эмнэлэгт шинжилгээ өгсөн. Солонгост халдвар авсан 2-3 тохиолдол тухайн иргэний шинжилгээ өгсөн эмнэлгээр үйлчлүүлж байсан юм билээ. Тэгэхээр тэнд очоод халдвар авсан байх магадлал өндөр байгаа. Ойр байсан зургаан хүнээс нь шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан. Хамт ниссэн хүмүүсийг нь тусгаарлаад ажиглаж байгаа.
Улсын Онцгой комиссын 2020.02.20-ны өдрийн хуралдаанаас "Сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 23-ны 08.00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэл улс, хот хоорондын тээврийг зогсоох" шийдвэр гаргаж, баярын өдрүүдэд хэрэгжүүлж буй. Энэ хугацаа маргааш дуусах ба коронавирусын халдвар, сэжигтэй тохиолдлоос сэрэмжлэх үүднээс хугацааг сунгах эсэх асуудлыг одоо хэлэлцэх гэж байна.
Улсын Онцгой комисс яг одоо үргэлжлүүлэн хуралдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг ВИДЕОГООР ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 4 )
Нийтийн тээврийг бас зохицуулахгүй бол шинийн 8 дуустал золгоно гээд явах гэнэ дээ.
Архи зараад байгаа газруудыг хаамаар л байна. Өвчний хажуугаар архи гэж нэг муухай юм байнаа. Хаана хэнд хандах вэ? Архийг болиулмаар байна.
Haygaar ni ger ger luu ni yavuulah heregtei. Ariun tsever talaasaa hun ger gertee l baij baij sain sahij chadna. Gereesee hol baigaa hun ariun tsever sain sahij chadahgui. Harinch ersdeltei.
SUNGA SUNGA , NUGUU BAYAR GESEN DONTONGUUD CHINI MARGAASHNAAS EKHLEED L MONGOL DAYAR KHESETSGEENE