THE HU: Бид хэнийг ч хуулаагүй, ориг болохоор амжилтад хүрсэн

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 02

Сүүлийн үед дэлхийн хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж, Монгол Улсын нэгэн нэрийн хуудас болоод байгаа THE HU хамтлаг. Өнгөрсөн жил Америкт, энэ оны эхээр Европ тивд аялан тоглолтоо хийсэн тус хамтлаг энэ сараас Ази тивийг эзлэхээр бэлтгэж байна. Ази тив дэх тэдний довтолгоо гуравдугаар сарын 12-нд Токио хотоос эхэлж, 13-нд Осака хотод үргэлжлэх юм.
 


Японд “THE GEREG TOUR JAPAN 2020” тоглолтоо хийхээр бэлтгэж байгаа “THE HU” хамтлагийн гишүүдтэй “Rolling Stone Japan” сэтгүүлийн сурвалжлагч Томоюки Ямазаки уулзан ярилцжээ. Тус сэтгүүлд гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна.

“Rolling Stone Japan”

1274, 1281 онд хоёр удаа Наран орныг эзлэх гэж довтолсон Монгол гүрний гурав дахь дайралт 2020 оны гуравдугаар сард эхэлнэ. Энэ дайралтыг хийх нь 2016 онд Улаанбаатарт байгуулагдсан “THE HU” хэмээх рок хамтлаг юм. Монголын үндэсний хөгжмийн зэмсэг болон хөөмийг рок хөгжимтэй хослуулсан хүннү рок стилиэрээ дэлхийн анхаарлыг татаж байгаа залуус. Тэдний “Yuve Yuve Yu”, “Wolf Totem” клипүүд нь юүтүүб суваг дээр тус бүр 30 сая үзэгчтэй болоод байна. Америк, Европт хийсэн тоглолтоороо орчин үеийн рок хөгжмийн ертөнцөд Монгол Улсын нэрийг мандуулж байгаа хамтлаг билээ.
 


Энэ удаад тус хамтлаг “The Gereg” цомгийнхоо танилцуулгаар анх удаа Японд тоглох гэж байна. Японы “BABYMETAL” хамтлагийн Хойд Америкт хийсэн хоёр ч концертын өмнө уран бүтээлээ өргөсөн тэднийг фэнүүд нь тэсэн ядан хүлээж байна.

Ингээд Японд ирэхээс нь өмнө хамтлагийн гишүүн Галаа (хөөмий, морин хуур), Энхүүш (хөөмий, морин хуур), Жаяа (хөөмий, лимбэ, цуур хөгжим) нартай уулзан ярилцлаа.
 


-THE HU хамтлагийн анхны тоглолт Японд хэзээ болох бол гэж хүлээж байлаа.

Галаа: THE HU хамтлагтай бол Японд анх удаа очих гэж байна. Би ахлах ангид байхдаа Японд богино хугацаагаар суралцаж байсан. Мөн 10 жилийн өмнө Жаяатай хамт Японд Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хандивын тоглолт хийж байлаа.

Энхүүш: Би “Домог” хамтлагт байхдаа бас Японд тоглож байсан. THE HU хамтлагтай дахин Японд ирэх болсондоо баяртай байна.

Галаа: The Gereg цомгийн нэр нь 13 дугаар зууны үеийн Монголын элч төлөөлөгчдийн хэрэглэдэг байсан пайз буюу одоогийн паспорт юм. THE HU хамтлагийн дэлхий дахинд танилцуулж байгаа паспорт бол манай “Гэрэг” цомог. Мөн энэ цомог дуу хөгжимд хил хязгаар үгүй гэдгийг бэлгэдэж байгаа. Тэр үеийн монголчууд аялал, худалдаа гээд гадаад улс орнуудтай харилцаа их байв. Чингис хаан Монгол гүрэнд шашин шүтлэгийн эрх чөлөөг зарлан тунхагласан нь тэр үед цоо шинэ зүйл байлаа. Манай хамтлаг ч эрх чөлөөтэй, орчин үеийн хөгжмийг тоглох хүсэлтэй.
 

-Хамтлагийнхаа стиль, хөгжмийн төрлийг Японы фэнүүддээ танилцуулаач.

Энхүүш: Бид хүннү рок тоглодог. Барууны рок хөгжмийг Монголын үндэсний хөгжимтэй хослуулсан төрөл юм. Энэ хөгжмөөр бид дэлхий дахинд өвөг дээдсээ дээдлэх хүндэтгэл, хайр, байгаль дэлхийгээ хайрлах, нийгмийн тэгш байдал, улс орнуудын эв нэгдлийн тухай дамжуулах зорилготой байдаг. Бидний хувьд эдгээр нь  тун чухал, үнэт зүйлс.

-Монголд 1990 оны үед ардчилсан систем тогтож, Барууны дуу хөгжим нэвтрэн орж ирсэн гэж сонссон. Та бүхэнд ямар хамтлаг, дуучны уран бүтээл их нөлөөлсөн бэ?

Жаяа: Slipknot, Tool, Metallica хамтлагуудын нөлөө их байлаа, одоо ч сонсох дуртай. Харамсалтай нь Улаанбаатарт ирж тоглох хамтлаг бараг байдаггүй. Гэхдээ Scorpions, Sepultura, Nazareth хамтлагууд манайд тоглож байлаа. THE HU хамтлаг амжилт олсноор Монголд рок хөгжим улам хөгжин, Барууны олон рок хамтлаг ирдэг болоосой гэж хүсдэг.

-THE HU хамтлаг уран бүтээлээ яаж туурвидаг вэ? Продюсер Дашкагийн үүрэг юу вэ?

Галаа: Уран бүтээлээ хамтлагийн бүх гишүүд хамтран бүтээдэг. Продюсер Дашка маань шинэ санаа гаргаж, хөгжим, дууны сэдэвт санал бодлоо хэлдэг. Ер нь тайзан дээр гардаггүй ч хамтлагийн нэгэн гишүүн.
 


Та нараас өмнө Монголын рок хамтлаг дэлхийн тавцанд гарч чадаагүйн шалтгаан юу вэ?

Жаяа: Бид амжилт олсон нь зөвхөн монгол үндэсний хөгжим ашигласандаа биш мөн THE HU гэдэгтээ байгаа юм. Манай хамтлагийн онцлог, өөрийн гэсэн шинж чанар нь хөгжим сонсогчдыг татсан гэж боддог. THE HU хамтлагийн хүннү рок төрөл нь зөвхөн бидний л тоглодог төрөл. Монголын үндэсний хөгжмийн зэмсэг, хөөмийг рок хөгжимтэй нийлүүлсэн, энэхүү ер бусын хөгжмийг дэлхийн өөр ямар ч хамтлаг тоглодоггүй. Бид хэнийг ч хуулаагүй, жинхэнэ ориг хөгжим. Цаашдаа Монголын хамтлагууд дэлхийд алдаршихыг үгүйсгэхгүй. Тэдний дунд маш сайн хамтлаг ч байж болно. Гэхдээ тэдний стиль нь хүннү рокоос өөр байх болов уу.

-Хамтлагийнхаа нэрийн талаар тайлбарлаач. Англид тун ижилхэн нэртэй хамтлаг бас байдаг.

Энхүүш: Бид хамтлагийнхаа нэрийг Английн The Who хамтлагаас хуулж, аваагүй. Ийм нэртэй хамтлаг байдгийг мэдээж мэдэж байсан. THE HU гэдэг нэрд маш их утга учир бий. Монгол хэлний "Хүмүүн" буюу хүн гэсэн үгнээс үүсэлтэй. Ухамсартай хүмүүсийг бүгдийг нь зааж байгаа юм. Санамсаргүй тохиолдлоор англи хэлэнд хүнийг бас ”hu” man гэдэг. Бүх хүмүүсийн сэтгэлд хүрсэн хөгжим бүтээх гэсэн утгаар ингэж нэрлэсэн юм.
 


-THE HU бол Ази тивээс дэлхийд гарч байгаа рок хамтлаг. Та бүхэнтэй адил Азиас дэлхийн тавцанд дэвшсэн Японы охидын каваи-метал стилийн BABYMETAL хамтлаг байгаа. Энэ охидын талаар ямар бодолтой байна вэ?

Галаа: BABYMETAL бол тун өвөрмөц хамтлаг. Тэдэнтэй хамт Сиэтл, Портлендэд тоглолт хийж байсан. Хэви метал хэмээх хуучны төрөлд бүжиг зэрэг шинэ зүйл оруулан, өөрсдийн гэсэн стильтэй болж чадсан хамтлаг. Энэ утгаараа манай хамтлагтай ижил байж ч болох юм. Гэхдээ тоглолтын хувцас, байдал огт өөр л дөө.
 


-BABYMETAL хамтлагтай харилцаа байдаг уу?

Галаа: Бид эхэлж тоглоод дараа нь тэдний тоглолтыг үзсэн. Тийм шоу анх удаагаа харлаа. Маш өвөрмөц, сэтгэл хөдлөм. Дараа нь тэд манай өрөөнд ирж, хамт зураг авхуулсан. Хэзээ нэгэн цагт BABYMETAL хамтлагтай хамт Америк, Европоор аялан тоглолт хийх юм сан. Үнэхээр гайхалтай охид.

-Танай уран бүтээлүүд өвөг дээдсээ хүндлэн, магтан дуулсан байдаг. Харин 1950 оны рок-н-ролл, 1970-аад оны панк рок хамтлагуудад өмнөх үе, өв уламжлалыг эс хүндэтгэсэн, эрс эсэргүүцсэн дуу олон. Та бүхэн рок-н-ролл хөгжмийн уламжлал, дэг журмыг эсэргүүцдэг бүтээлийн талаар ямар бодолтой байдаг вэ?

Галаа: 1950, 1970 оны рок хамтлагууд бидний замыг нээж өгсөн, ахмад үе минь тул их хүндэлдэг. Гэхдээ ахмадуудын хэлсэн, дуулсан бүхэнтэй санал нийлэх алба байхгүй. Бид тэдний хуулбар биш, өөрсдийн гэсэн бодолтой. Бид өвөг дээдэс, өв уламжлалаа хүндэтгэх ёстой гэж боддог, энэ бодлоо дуугаараа илэрхийлдэг. Залуу сонсогчид үүнийг минь ойлгож байвал их баярлана. Залуучууд өвөг дээдсээсээ өв залгамжлан авсан энэ сайхан дэлхийгээ хайрлах сэтгэлтэй болоосой гэж боддог.
 


-“Yuve Yuve Yu” дууны үгийг харахад Эзэнт төр дахин мандана гээд зарим утгаараа хэт үндсэрхэг байх шиг?

Галаа: Энэ дуу бол улс төрийн мэдэгдэл биш илүү оюунлаг зүйл байгаа юм. Орчин үеийн залуучуудад Их Монгол улсын үеийн омог бахархлаа эргүүлэн сэргээхийг уриалсан утгатай, хүчтэй золбоотой өөрийнхөөрөө бай гэдэг дуу. Бид хүмүүст ямар нэг үзэл бодлыг хүчээр тулгах гэж оролдохгүй. Харин ч эсрэгээрээ өөрийн үзэл бодолтой бай гэж хэлдэг.

-Танай хамтлагийн концерт дээр үзэгчид “Shoog! Shoog!” гэж гараа өргөн, та нартай хамт дуулдаг. “Shoog! Shoog!” гэж ямар утгатай үг вэ?
 


Энхүүш: Шөөг, Шөөг гэдэг нь Монголын уламжлалт бөө мөргөлийн үг. Үүрдийн мөнх цэлмэг хөх тэнгэртэй байхыг хүссэн утгатай. Японы үзэгчид ч бидэнтэй хамт дуулаасай гэж бодож байна.

-THE HU хамтлагийн дууг Японд сонсохыг тэсэн ядан хүлээж байна.

Жаяа: Бид танай оронд өмнө нь тоглож байсан болохоор Японы үзэгчид хөгжмийн маш мэдрэмжтэй, өндөр боловсролтойг мэддэг. THE HU хамтлагийнхаа эерэг энерги, эрч хүчийг тэдэнтэй хуваалцах болсондоо их баяртай байгаа. Удаан хугацаанд дурсагдах тоглолт болно гэж итгэж байна. Бид ч гэсэн тэсэн ядан хүлээж байгаа шүү.
 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.161.76) 2020 оны 06 сарын 13

Wolf Totem, Yu ve Yu ve Yu duunuud ni Copy shaatsan l bnleeshd

0  |  0
Эрүүл мэнд чухал(39.115.114.99) 2020 оны 03 сарын 03

Өвөрмөц хамтлаг болж чадсан бусдыг дууриагаагүй нь үнэн шүү

0  |  0
Эрүүл мэнд(39.115.114.99) 2020 оны 03 сарын 03

Өвчин зогстоь хойшлуулаа энэ өвчин зүгээр 1 томуу биш маш хүчтэй эм тариагаар арагй гэж дарж байна

0  |  0
Daruuhan(150.129.141.61) 2021 оны 07 сарын 09

Daruuhan bai

2  |  0
Zochin(68.146.199.167) 2020 оны 03 сарын 02

Sumogoo xurtel uzegchgui zoxion baiguulj bxad... Ene xavartaa togloltoo tsutslaachee!!!!

0  |  0
zochin(43.242.243.61) 2020 оны 03 сарын 02

ZA ODOO BOLIO. UWCHIN TARAAKH NI .

0  |  1
зочин(202.9.46.126) 2020 оны 03 сарын 02

ok

0  |  0
Top