БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр /2020.03.05/ “Шинэ эрин” цогцолборт сургуульд ажиллалаа.
Тус сургуулийн байрнаас өргөн нэвтрүүлгийн сувгууд ЕБС-ийн сурагчдад зориулсан хичээлийг боловсролын байгууллагын ажилтан, багш нартай хамтран хүргэж байгаа билээ.
Энэ үеэр сэтгүүлчид ирэх зургадугаар сард болох Элсэлтийн ерөнхий шалгалт, анги дэвших шалгалтуудын талаар тодруулахад БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Энэ жил улсын хэмжээнд Элсэлтийн ерөнхий шалгалтыг бол авна. Анги төгсөх болон бусад улсын шалгалтыг авахгүй, зохион байгуулахгүй гэсэн үг. Ер нь бол төгсөлтийн улсын шалгалтыг тавдугаар анги, есдүгээр анги, арванхоёрдугаар ангиас л авч байгаа шүү дээ. Өнгөрсөн хичээлийн эхлээд бага ангийн хүүхдүүдээс шалгалт авахыг болиулсан. Бага ангийн хүүхдүүд анги төгсөх шалгалт өгдөггүй. Тэгэхээр энэ жил улсын шалгалтууд болон анги төгсөх шалгалтуудыг зохион байгуулахгүй гэж ойлгох хэрэгтэй. Одоогийн байдлаар таван долоо хоногийн буюу 35 хоногийн танхимын хичээл тасарч, үүнтэй холбоотой теле хичээлээр энэ хоцрогдлыг нөхөх асуудал явж байгаа. Тэр таван долоо хоногийнхоо хичээлийг сурагчид дөрөв, тавдугаар сардаа эргэж харж өндөр шахуу үзэх учраас бид энэ хичээлүүдийнхээ хоцрогдол, агуулгыг нөхөх асуудалд л гол анхаарлаа хандуулна. Түүнээс биш хүүхдүүдийг төгсөлтийн шалгалтад бэлтгэх, өөр янз бүрийн шалгалт, уралдаан, олимпиад руу сатааруулж болохгүй гэдэг чиглэл өгч байгаа” гэсэн юм.
Мөн “12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүдээс монгол хэлний шалгалт авдаг. Түүнийг авна. Одоогийн төлөвлөсөн байгаагаар дөрөвдүгээр сарын 25-нд эхний шалгалт авна. Энэ шалгалтад орж амжаагүй болон амжилттай өгч чадаагүй хүүхдүүдэд хоёр дахь боломж болгож шалгалт авдаг. Түүнийг тавдугаар сарын 16-нд гэж төлөвлөж байна. Энэ хоёр шалгалтаа бол авна. Яагаад гэвэл монгол хэлнийхээ шалгалтын босго оноог давж байж их, дээд сургуульд суралцах асуудал яригдана шүү дээ. Тийм учраас энэ хоёр шалгалтыг бол 12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүд заавал өгнө. Гэхдээ энэ монгол хэлний шалгалт бол хичээл сургууль теле байдлаар явж байгаатай холбоотой хүндэрсэн агуулга байдаггүй. Ерөнхий 12 дугаар ангийн хүүхдийн хэмжээнд ийм мэдлэгтэй байх ёстой гэдэг агуулгаар нь авдаг. Босго оноо нь 400 хэвээрээ байна” гэсэн юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг ВИДЕО хэлбэрээр үзнэ үү!
Сэтгэгдэл ( 0 )