Автобуудлын барилгын ажлыг үргэлжлүүлэх хөрөнгийг шийдвэрлэнэ

2020 оны 03 сарын 06

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2020 оны 03 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллалаа. Тэрбээр 03 дугаар сарын 03-ны өдөр Замын-Үүд суманд ажиллаж, Улсын онцгой комиссын 1, 2, 3 дугаар тогтоол, Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг эхлүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаатай газар дээр нь танилцан, үүрэг чиглэл өгөв.

Энэ үеэр УБТЗ ХНН-ийн Замын-Үүд өртөө, шилжүүлэн ачих анги, Бүс нутгийн тээвэр логистикийн төв, гаалийн хяналтын талбай, АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын үйл ажиллагаатай танилцаж, хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагуудын төлөөлөл, улс, хот хоорондын автотээвэр эрхлэгчидтэй уулзан, тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэж ажиллалаа.

ЛОГИСТИКИЙН ТӨВИЙН АШИГТАЙ АЖИЛЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Замын-Үүд сум дахь Бүс нутгийн тээвэр логистикийн төвийг 2018 онд ашиглалтад оруулсан бөгөөд 2019 онд Монголын төмөр зам ТӨХК, Улаанбаатар төмөр зам ХНН-тэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, логистикийн төвийг одоогоор УБТЗ ХНН түрээсээр ашиглаж байгаа юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ОХУ, БНХАУ-ын хооронд хийгдэж буй худалдааны бараа эргэлт 200 тэрбум ам.долларт хүрсэн өнөө үед Логистикийн төвийг ашигтай ажиллуулахын тулд хүчин чадлыг улам нэмэгдүүлж, авто терминалын ажлыг зохион байгуулах шаардлага хэрэгцээ бийг дурдав. Ингэснээр Польш, Унгар, Беларусь зэрэг Европын улсуудаас автотээврээр хийгдэх ачаа эргэлтийн хэмжээ нэмэгдэж, улс орны эдийн засагт эерэг үр дүн авчрах давуу талтай юм. Мөн тэрбээр Монгол Улс Орос, Хятадын маш том худалдаа эргэлтийн давуу байршилд байгаагаа ашиглан тээвэрлэлтийн хүчин чадлаа нэмэгдүүлж, хөгжих боломж өндөр байгааг онцлоод логистикийн төвийг ашигтай ажиллуулах боломжийг бүрдүүлэхэд шаардлагатай тооцоо судалгааг гаргаж танилцуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.


АВТОБУУДЛЫН БАРИЛГЫН АЖЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ ХӨРӨНГИЙГ ШИЙДВЭРЛЭНЭ

Тус суманд баригдаж буй зорчигч тээврийн автобуудлын барилгын ажлыг 2012 онд эхлүүлсэн боловч тодорхой шалтгаануудын улмаас царцсан байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэх талаар судлан танилцуулж, барилгын ажлыг яаралтай эхлүүлэхийг АТҮТ-ийн захирал Б.Гүрсоронзонд үүрэг болголоо.

Энэхүү автобуудлын барилга 50х43,2 м.кв хэмжээтэй, нийт 7430 м.кв талбайтай, зоорьтой  3 давхар, гаалийн агуулахын барилга 1530 м.кв, өндөрлөсөн тавцан, гадна зам талбай, явган хүний зам, ногоон байгууламжтай. Хоногт  4,500 зорчигчдод үйлчлэх ба тэдгээрийн 450 тн ачаанд боловсруулалт хийх хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн юм. Мөн Зоорь ба 1 давхартаа зорчигчдын ачаа тээш хадгалах гаалийн баталгаат агуулах, автотээврээр болон төмөр замаар тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх, ачаа тээш бүртгэх нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, жолооч нарын амралтын өрөөтэй байх юм.

Мөн даац хэтрүүлэн тээвэрлэлт хийж, авто зам эвдэж байгаа асуудалд хатуу хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд санууллаа.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕД АЖИЛЛАЖ БУЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан одоогийн байдлаар дэлхийн 80-аад улс оронд тархаад буй коронавирусийн /COVID-19/ дэгдэлтийн үед ажиллаж буй төрийн албан хаагчдадаа амжилт хүсэв.

Тэрбээр хөрш оронд аюулт өвчин тархаж, улс оронд онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед эх орныхоо аюулгүй байдал, язгуур эрх ашгийн төлөө хянаж, хамгаалж, тээвэрлэж, тусгаарлаж, өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж буй онцгой байдал, эрүүл мэнд, мэргэжлийн хяналт, цагдаа, зам, тээврийн салбарын нийт төрийн албан хаагч нарт Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийллээ. 

Түүнчлэн эрсдэл өндөртэйн дээр цөөн хүн амтай манай улсын хувьд сайтар зохион байгуулалттай ажиллах, ялангуяа хамгийн “халуун цэг”-т тооцогдож буй Замын-Үүд боомтод ажиллаж буй мэргэжлийн байгууллагынханд ажлаа цалгардуулалгүй, дор бүрнээ хичээн, онцгой анхааралтай ажиллаж, хяналтаа сулруулахгүй байхыг санууллаа.  

Онц байдал тогтоосноос хойш БНХАУ-аас Замын-Үүдийн төмөр зам, авто замын боомтоор Монгол Улсын 2000 гаруй иргэнийг татан авч, тандалтын ажлыг зохион байгуулаад байгаа юм.

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жу(64.119.25.96) 2020 оны 03 сарын 06

Дарханы замаа хурдан янзал чи

0  |  0
Top