Улсын хэмжээнд 2020 оны эхний 02 сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 170 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 143 хэргээр буюу 45.7 хувиар буурсан. Харин гэр бүлийн хүчирхийллийн улмаас 1911 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 48.7 хувиар, 1263 хүнийг баривчлах шийтгэл ногдуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 87.4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 25 дугаар зүйл /Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үүрэг/-ийн 25.2-т ”Тухайн орон нутгийн хүн амын тоо, эрүүгийн болон нийгмийн хэв журмын нөхцөл байдлыг харгалзан цагдаагийн байгууллагын бүтцэд цагдаагийн мэргэшсэн алба хаагчдаас бүрдсэн нэгжтэй байж болно”, Засгийн газрын 2016 оны “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” 121 дүгээр тогтоолын 5.4.8.2 “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болгож, бүтэц, зохион байгуулалтыг бэхжүүлэх, техник, технологийг шинэчлэх, цогц арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх” гэж тус тус заасны дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/301 дүгээр тушаалаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийг шинээр байгуулан ажиллаж байна.
Цагдаагийн байгууллага нь гэр бүлийн хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч болон хүчирхийлэлд өртөгчийн зан төлөвийг өөрчлөх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхолыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхэд төрийн болон төрийн бус байгуулага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хайр өвтгөдөггүй” урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг энэ оны 03 дугаар сарын 09-ны өдрөөс 27-ны өдөр хүртэл хугацаанд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сан зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулж байна.
Иргэд та бүхэн цагдаагийн болон бусад байгууллагаас зохион байгуулж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх аливаа ажил, арга хэмжээг өргөнөөр дэмжин оролцож, гэмт хэрэг, зөрчилгүй, эрүүл, аюулгүй орчинд аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх, хүчирхийлэлгүй нийгмийг төлөвшүүлэхэд хамтран ажиллаарай.
“Хайр өвтгөдөггүй” урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээний талаарх мэдээ, мэдээлэл, контентыг “ЦЕГ-ын ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ХЭЛТЭС”, “Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан Сэргийлэх Хэлтэс” фэйсбүүк пэйж хуудаснаас үзнэ үү.
Сэтгэгдэл ( 0 )