Цагтаа Холливудын хүчирхэг продюсерын нэг байсан Харви Вайнштейнд Нью-Йорк мужийн шүүхээс олон тооны хүчирхийллийн хэрэгт буруутай гэж үзэн, 23 жилийн хорих ялаар шийтгэлээ.
67 настай Харви шүүхийн танхимд тэргэнцэр түрэн хүрч ирсэн. Энэ сарын эхээр тэр зүрхний хагалгаанд орсон бөгөөд тэр үед өмгөөлөгч нар нь үйлчлүүлэгчээ өндөр настай, хүнд өвчтэй хэмээн таван жилийн ял оноох санал тавьж байсан юм.
23 жилийн ял сонссоныхоо дараа түүний бие муудаж, шоронгоос Манхэттений “Bellevue” эмнэлэгт хүргэгджээ. Харви хэр удаан эмнэлэгт байх нь тодорхой бус бөгөөд бие нь зүгээр болмогц "Райкерс-Айленд" шоронд ялаа эдлэх юм.
Харви Вайнштейний өмгөөлөгч Донна Ротунно ирэх долоодугаар сард шүүхийн шийдвэрийг давж заалдан, шүүгч нарыг олон нийтийн #MeToo хөдөлгөөний нөлөөнд автсан гэдгийг батлан харуулах болно гэдгээ сэтгүүлчдэд мэдэгдээд байна.
Сэтгэгдэл ( 0 )