“Чингис хааны удам”-ын 125 жилийн ой

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 29

Буриадын жүжигчин Валерий Иванович Инкижинов 125 жилийн өмнө 1895 оны гуравдугаар сарын 25-нд Эрхүү хотод төржээ. Түүнийг “Чингис хааны удам” киногоор нь монголчууд бид сайн мэднэ.

Валерий Иванович Инкижинов бол жүжигчин, найруулагч, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч хүн байлаа. Всеволод Мейерхольд, Лев Кулешов, Лесь Курбас, Всеволод Пудовкин нарын хамтран зүтгэгч, Сергей Эйзенштейн, Григорий Александров, Иван Пырьев, Эдуард Тиссэ, Анатолий Головня, Григорий Козинцев, Леонид Трауберг, Сергей Юткевич нарын багш гэж байгаа. Ямар том нэрс байгааг харж байгаа биз дээ. Тэд бүгд шинэ ЗХУ-д кино хэмээх шинэ урлагийг хөгжүүлэх гэж зүтгэж байсан хүмүүс.

 

Инкижинов “Чингис хааны удам” киноны анчин Баярын дүрээр дэлхийн кино урлагт хүч түрэн орж ирсэн юм. Найруулагч Всеволод Пудовкины 1928 онд бүтээсэн энэ кино дэлхийн бараг бүх оронд гарч, кино урлагийн сонгодог бүтээлүүдийн нэг болсон. Гол дүрийн жүжигчин Инкижинов ч кинотойгоо адилхан хувь заяаг туулсан билээ.

Всеволод Мейерхольдын студид хичээллэж байхдаа тэр бар мэт уян налархай хөдөлгөөнөөрөө гайхагдаж байв. Дуугүй кинонд энэ чанар нь түүнийг од болгосон юм.

Киноны зураг авалтыг Буриадын хээр талд хийсэн бөгөөд Инкижинов 33 настай байлаа. Үйл явдал 1918 онд өрнөнө. Иргэний дайны үеэр Английн цэрэг Монголыг эзэллээ.  Анчин Баяр Английн худалдаачинд үнэгний арьс зарах гэсэн боловч үнэ дээрээ тохиролцоогүйн улмаас баривчлагдана. Гэвч түүнээс “Энэ хүн бол Чингис хааны удам” гэсэн бичиг гарч ирлээ. Англичууд үүнийг улс төрд ашиглан, Баярыг Монголын хаан болгох гэсэн боловч Баяр татгалздаг. Эцэст нь тэр Английн цэргийн штабыг устгаж, партизануудтай нийлдэг билээ.

ЗХУ-ын шүүмжлэгчид киног хүйтнээр хүлээн авсан юм. Бараг 20 жил агуулахад хэвтсэний эцэст киног 1949 онд Мосфильм студид сэргээсэн байдаг. Харин Барууны орнуудад “Чингис хааны удам” кино дуугүй киноны шилдэг бүтээл гэж өргөмжлөгдсөн юм. 1930 онд ЗХУ-ын кино урлагийн төлөөлөгчид Парист очиход Инкижинов хамт явав. “Чингис хааны удам” киног үзэгчид алга ташин хүлээж авлаа. Ингээд эх орондоо харих цаг болоход буриад жүжигчин вокзал дээр найруулагч Михаил Ромм, Всеволод Пудовкин нарт оргилуун дарс задлаад, өөрөө галт тэрэгнээс буун одсон байна.

Тэр үед түүний эхнэр хүнд өвчтэй охиноо аваад Парист эмчилгээнд очсон байв. Киногоо гаргахаар баярлан очсон түүнийг охин нь нас барсан гэсэн мэдээ хүлээж байв. Эхнэр нь ч хүнд өвчтэй. ЗХУ-д эмчлэх боломж байхгүй. Ингээд  Инкижинов эх орондоо харилгүй, Францад үлдсэн юм. Удалгүй тэр Европын кинонд тоглож эхэлсэн, нэр хүнд нь ч өссөн. Валерий Инкижинов Парист 20 жил амьдарсан. Дэлхийн дайныг даван туулж, 1950 онд АНУ-д амьдрахаар явжээ.

Валерий Инкижинов 1973 онд Парист ахмадын асрамжийн газарт нас барсан юм. 2011 онд Францын Сент-Женевьев де Буа хотын захиргаанаас газрын төлбөр төлөөгүй хэмээн түүний булшийг оршуулгын газраас гаргах болоход Франц дахь буриадууд мөнгө цуглуулан, эхнэр, охиных нь булшных нь хамт үлдээж байсан түүхтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top