Барилга, үйлчилгээний чиглэлээр 20 гаруй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж буй “Сөүл групп” компанийн хамт олон өнөөдөр /2020.04.03/ Улсын Онцгой комисст 1000 ширхэг хамгийн сүүлийн үеийн оношлуурыг хандивлалаа. БНСУ-ын Seegene компанийн үйлдвэрлэн гаргасан “2019-nCoV Assay” үндсэн оношлуурыг коронавируст халдварыг оношлоход хамгийн найдвартай төхөөрөмж хэмээн АНУ, ОХУ зэрэг дэлхийн улс орнууд нэвтрүүлээд байна. “Сөүл групп” компанийн захирал Д.Өнөрболор “Монголын төр засгийн зүгээс аюулт өвчний эсрэг үйл ажиллагааг бүх бололцооныхоо хирээр маш сайн явуулж байна. Миний бие гурван хүүхэдтэй ээж хүн, Монгол Улсын иргэний хувьд зүгээр хараад сууж чадсангүй. Дэлхийн улс орнууд хэрэглэж байгаа “2019-nCoV Assay” сайн чанарын энэхүү оношлуурыг авчрахад бидэнд тийм ч амар хялбар байгаагүй. Тусламжийн гараа сунгаж байгаа бүх байгууллага, хүмүүст баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье” гэсэн юм.
Өнөөдөр уулзалтанд МУИС-ийн Генийн инженерчлэлийн лабраторийн эрхлэгч эрдэмтэн, доктор О.Одгэрэл оролцсон. Тэрээр дээрх оношлуурын талаар “Дэлхийн улс орнууд төрөл бүрийн оношлуурыг үйлдвэрлэн хэрэглэж байна. Бусад оношлуур хоёр генийг илрүүлдэг бол энэхүү оношлуурын хувьд гурван генийг илрүүлдэг. Хамгийн гол нь тухайн хүн коронавируст халдварын тээгч болсноо мэдэхгүй, ямар нэг шинж тэмдэг илрээгүй далд үедээ байсан ч халдварыг илрүүлдэг оношлуур юм” хэмээн онцоллоо.
Уг оношлуурыг Seegene компанийн үйлдвэрлэн гаргасан машинд уншуулдаг. Манай улс өмнө нь ДОХ-ын чиглэлээр дээрх машиныг авч байсан учраас энэхүү оношлуурыг бүрэн ашиглах боломжтой. Тэр хэрээр коронавируст халдварын оношлуур, хүртээмж сайжирч байгаа талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү танилцууллаа. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Сөүл групп”-ын хамт олны хандивласан 1000 оношлуур, Монголд суугаа Солонгос иргэдийн нийгэмлэгийн хандивласан 2000 оношлуур нийт 3000 ширхэг оношлуурыг ХӨСҮТ-д хүлээлгэн өгсөн юм. Тэрээр “Энэ цаг үед бид хоорондоо нягт харилцаа холбоотой хамтран ажиллах тэр дундаа эрдэмтэд, эмч нарын багтайгаа улам ойр ажиллах шаардлагатай байна. Бидэнд хамгийн сүүлийн үеийн оношлуур, апарат байна. Харин одоо тархалтыг нэмэхгүй байх, халдварын онош батлагдсан иргэдээ бүрэн эмчилж хамтын хүчээр энэ бүхнийг даван туулах нь чухал байна” хэмээн онцоллоо гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.