Н.Оюундарь: НӨАТ-ын урамшууллыг сугалаагаар олгож байгаа нь шударга бус үйлдэл

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 17

УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа


-Та НӨАТ-ын буцаан олголтыг 70 хувь болгох хуулийн төсөл өргөн барьсан. Уг НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн ч дэмжигдсэнгүй. Яагаад дэмжигдсэнгүй вэ?

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүд санаачлан 2019 оны арванхоёрдугаар сарын 23-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Түүнээс өмнө нь иргэдээс санал авсан. НӨАТ-ын буцаан олголтын хувь 20 байсныг нэмэгдүүлж 70 хувь болгох хуулийн төслийг иргэд цаг үеэ олсон, ардын амьдралд дэмтэй төсөл хэмээн ихээхэн дэмжиж байгаа. Өнгөрсөн мягмар гарагт хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хорооны хурлаар хэлэлцсэн. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг дэмжээгүй. Гэхдээ УИХ-ын нэгдсэн чуулганаар хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэнэ.

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг ямар байна гэж үнэлдэг вэ?

-Нийслэл Улаанбаатар хотод гэхэд их дэлгүүр найм, хүнс, барааны зах, худалдааны төв 68, супермаркет 158, хүнсний дэлгүүр 3377, ресторан 1156, баар 1057, кафе 324 зэрэг нийт 10147 байгууллага бүтээгдэхүүн худалдаалж, үйлчилгээ үзүүлж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлж байна. Харин нийтийн ахуй үйлчилгээний үсчин, зурагчин, гутал засвар, халуун ус, бүх төрлийн цахилгаан хэрэгслэл болон дугуй засвар зэрэг 3652 нэгж, цайны газар (1001), хүнсний мухлаг (1514) бусад жижиг үйлчилгээний байгууллагууд нь иргэдэд цахим баримт олгохгүй байгаа нь нэмэгдсэн өртгийн албан татварын орлогод зохих хэмжээгээр сөргөөр нөлөөлж, иргэдийг хохироож байгааг өөрчлөх арга хэмжээг холбогдох байгууллагууд авах хэрэгтэй байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг сүүлийн гурван жилийн байдлаар авч үзэхэд татвар ногдуулалт болон төвлөрүүлэлт жил дарааллан нэмэгдсэн байна.

-Та тэгвэл санаачилсан хуулийнхаа талаар энгийн жишээ татахгүй юу?

-Болно. Нэг ширхэг талх дунджаар 1300 төгрөг. Үүний 130 төгрөг нь НӨАТ болно. 130 төгрөгийн 20 хувь буюу 26 төгрөгийг иргэд гар дээр буцаан авдаг. Бидний санаачилсан энэ төслөөр 26 төгрөг биш 91 төгрөгийг буцаан авах юм. Талхыг 1209 төгрөгөөр авна гэсэн үг. Нийт 141900 татвар төлөгч байна. Үүний дөрөвний нэг нь буюу 35000 НӨАТ төлөгч бий. Гэтэл бид орсон газар бүрээсээ баримт авч чаддаг бил үү. 141,000-106000 мянга гаруй аж ахуй нэгж НӨАТ төлөгч биш аж. Эднээс ядаж гуравны нэг нь орлоо гэж бодоход НӨАТ төлөгч 75000 болох тоо харагдаж байгаа. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш борлуулалтын орлогын хэмжээ нь хуулийн шаардлага хангасан татвар төлөгчийн тоо 2016 онд 2337, 2017 онд 2934, 2018 онд 3838-аар, 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар 1027-гоор нэмэгджээ. 2019 онд төсвийн орлого 12.9 их наяд болсноос 10.5 их наяд нь ААНОАТ бөгөөд үүнээс 30 хувь нь НӨАТ болон иргэдэд буцаан олгогдсон.

-НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлснээр ямар давуу тал гарах бол?

-Давуу тал их. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар иргэдэд буцаан олгож байгаа татварын хувь хэмжээ нь дэлхийн улс орнуудтай харьцуулахад бага, урамшууллыг сугалааны тохирлоор олгож байгаа нь шударга бус үйлдэл юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэн 70 хувь болгосноор худалдан авалтыг эрчимжүүлнэ. Нөгөө далд эдийн засгийн хэмжээг бууруулна. Цаашлаад татвар төлөгчийн тоог нэмэгдүүлж, тэдэнд ногдох татварын ачааллыг бууруулна. Татварын тэгш, шударга байх зарчмыг хангаж, олон улсын жишиг рүү дөхөх юм. Жишээ нь, НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлснээр иргэд үйлчлүүлж байгаа газраасаа Е баримтаа шаардаж авдаг болно. Ингэснээр баримт өгөхгүй байгаа газрууд багасах, далд эдийн засаг аандаа хумигдах, иргэдийн зүгээс байгууллага, аж ахуйн нэгжид тавих шаардлага сайжирч, татварын орлогын бааз өргөжих боломж бүрдэнэ. Мөн компаниуд буцаан олголт гэж авахгүй, зөвхөн эцсийн худалдан авалтаараа  хувь хүн дээр очиж байгаа дарамт юм. Эцэст нь Монгол Улсын хэмжээнд  байгаа 2000 гаруй татварын байцаагч бий. Эдгээр албан хаагчдын ажлыг хөнгөвчилнө, иргэд  маань өөрсдөө давхар хяналт тавиад явах бүрэн боломжтой.

-Цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах гэж байна. Энэ тухайд ямар бодолтой байна?

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн байсан Коронавируст халдвар /СОVID-19/-ын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт хийсэн. Уг хөтөлбөр батлагдсанаар 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжих бөгөөд аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аас чөлөөлөх, 2020 оны хоёр, гуравдугаар сарын орлого нь өмнөх оны мөн үеийнхээс 50 хувь болон түүнээс дээш хувиар буурсан ч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжийн ажилчдад 200 мянган төгрөг олгох, мөн иргэн, аж ахуй нэгжийг Нийгмийн даатгалын шимтгэлээс, Хувь хүний орлогын албан татвараас зургаан сарын хугацаатай чөлөөлөх зэрэг дэмжлэг багтсан. Түүнчлэн хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөг 30 мянган төгрөг болж нэмэгдэхээр байгаа юм.

-Засгийн газраас “Covid-19” цар тахалтай холбоотойгоор зургаан сарын хугацаатай ААН болон компаниудын НДШ-ийг чөлөөлөхөөр болсон. Үүнд хэчнээн байгууллага хамрагдахаар байгаа вэ?

-Шинэ коронавирус дэлхий нийтийг хамарч цар тахлын хэмжээнд хүрсэн нь  төр, аж ахуй нэгж, иргэдийн санхүү, эдийн засагт хүндрэл учруулж байна. Цар тахлын улмаас ажил нь доголдож, орлого нь багасаж байгаа ч ажлын байрыг хадгалсан, хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тайлан ирүүлж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн зургаан сарын хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөхөд нийт 640 мянган хүн хамрагдахаар байгаа. Ажилгүйдлийн тэтэгжмийн сан гэж байдаг. 100 орчим тэрбум төгрөгтэй.  Энэ хүнд үед хамгийн чухал нь ажлын байраа хадгалж үлдэх нь чухал. Ажил олгогч төдийгүй, ажилтанд ч чухал. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж байгаа маягаар бид хүндрэлийг хамтдаа давна.

-Ямар журмаар ААН, иргэдэд 200 мянган төгрөгийн тусламжийг олгох вэ?

-2020 оны хоёр, гуравдугаар сарын борлуулалтын нийлбэрийг нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тэн хагаст хүрэхгүй бол тусламж олгоно. “КОВИД-19” халдварт өвчний үед иргэдэд төрөөс үзүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, нийгмийн хамгааллын чиглэлээр авсан арга хэмжээний нэг нь Төрийн байгууллагын шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон ч ажлын байраа хадгалж байгаа байгууллагын ажиллагсдад ажилгүйдлийн даатгалын сангаас гурван сарын турш, сар бүр 200 мянган төгрөг олгох арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон. Засгийн газар маань цаг үеээ олсон чухал шийдвэрүүдийг гаргаж байгаад иргэд баяртай байгаа. Засгийн газар, УОК, ЭМЯ болон хууль хүчнийхэн гээд бүгдээрээ л эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна. Цаг наргүй ажиллаж байгаа мэргэжлийн бүх хүмүүст талархаж байна. Тиймээс энэ хүнд үед иргэд маань мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмж, шаардлагыг биелүүлж хүнд үеийг хамтдаа давна гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
JDUchin T1 avgai(98.113.248.233) 2025 оны 03 сарын 13

JDuchin t1 barsgar avgai yasan hojuu uhaan suusan yum shig jujiglej baihiin?

1  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2025 оны 03 сарын 13

Ene hvn yasan hochim oilgoj baih uym ve .Yamar negen tatvariig sygallaanii helbert oryylj ban gedeg bol .Mash ih mungu ygaaj baigaa neg ilerel .Bas totryylj bicheh uym bol .Tur zasg ni kazino baigyylsantai adil gesen vg .Ene baliar ajilgaag tur yaraltai zogsooh heregtei .Shydarga bys mungunii togtoltsoo tsaana gemt heregtenvvdiin olz boldog .Erunhii said vvniig zohioson demjisen baih .

2  |  0
Батхүү(202.126.88.180) 2025 оны 03 сарын 13

Дөрвөн жилийн дараа ухаан суусан байна

2  |  0
Үнэн(99.63.200.71) 2025 оны 03 сарын 13

Энэг мэдэн будилсан ждүчин чаавкаг хөөж явуул.. !!!

2  |  0
Z(202.9.46.31) 2025 оны 03 сарын 13

JDUCHIN T1 AVGAI

3  |  0
Ипр(202.126.88.199) 2025 оны 03 сарын 13

Тэнэгт ЖДУЧин авгай

3  |  0
z(103.80.211.184) 2025 оны 03 сарын 13

saihan hyyhen umaa

1  |  2
Үнэнийг нь хэллээ(49.0.137.164) 2025 оны 03 сарын 13

Bitgii tenegt balai mini

3  |  0
zochin(64.119.17.141) 2025 оны 03 сарын 13

bvh niiteer tulsun huuliar irgdd tulsun hemjeegeer ni butsaaj olgoh huuliin tegsh erkhiin zarchim aldgdsan erkh zvi huuliin mdleggui hvmvvs huuli batlah muu vr dagabartaig haruulsan zvil harin ene gishvvn hojuu blob ch mdej

1  |  0
Top