Хятад улс Хойд Солонгос руу эмч нараа илгээжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 25

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны биеийн байдал хүнд байна, нас барсан ч байж магадгүй гэсэн мэдээлэл гараад байгаа билээ. Тэгвэл Хятад улс Хойд Солонгосын нийслэл Пеньян руу төлөөлөгчдөө илгээжээ. Олон улсын хэвлэл мэдээллийн агентлагуудад мэдээлж байгаагаар Хятадын Коммунист намын Олон улсын харилцаа холбооны газрын төлөөлөгчид энэ сарын 23-нд Хойд Солонгост айлчилсан байна. Айлчлалын бүрэлдэхүүнд эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд багтжээ.

Өмнөд Солонгос, Хятад, АНУ зэрэг улсын албаныхан, тагнуул Ким Жон Ун хаана байгаа, биеийн байдал нь ямар байгаа зэргийг тодруулахаар ажиллаж байгаа ч Хойд Солонгосын зүгээс ямар ч мэдээлэл өгөөгүй байгаа юм.

Ким Жон Ун хамгийн сүүлд энэ сарын 11-нд олны өмнө харагдсан билээ. Тухайн өдөр Ким Жон Уны хувийн нисдэг тэрэг болон машин нь Пеньянаас гарч яваа харагдсан гэсэн мэдээллээс үндэслэн Өмнөд Солонгосын хэвлэлүүд Хойд Солонгосын удирдагчийг коронавирусний халдвараас сэргийлж эсвэл биеэ тэнхрүүлэхээр хөдөө байдаг харш руугаа явсан гэж таамаглаж байгаа аж.

Ким Жон Ун зүрхний мэс засалд орсныхоо дараа хөдөө очсон бөгөөд эмч нар нь удалгүй нийслэл рүүгээ буцсан гэж зарим хэвлэл мэдээлжээ. Харин АНУ-ын нэгэн сэтгүүлч Ким Жон Уны бие муу байгаа, тархи нь үхэжсэн гэж “Твиттер”-тээ жиргэсэн ч удалгүй устгасан байна.

36 настай Ким Жон Ун 2014 онд хэсэг хугацаанд “алга болоход” олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мөн түүнийг нас барсан гэж мэдээлж байв. Тухайн үед тэрбээр хөлөө гэмтээсэн байсан бол энэ удаад зүрхний мэс засалд орсон, мэс заслын дараа бие нь муудсан гэгдэж байна. Мөн тамхи, архи хэрэглэдэг, илүүдэл жинтэй, магадгүй чихрийн шижинтэй, байнга ажилд дарагддаг гэгдэж байгаа Ким Жон Уны аав болон өвөө нь зүрх судасны өвчнөөр нас барсан. Мэргэжилтнүүд түүнийг удамшлын зүрх судасны өвчинтэй гэж үзэх нь ч бий.

 

Top