Хавдраас шалтгаалсан нас баралтын 55 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 02

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс 1.5 дахин их байна. Нас барж буй 10 хүн тутмын зургаа нь эрэгтэй, дөрөв нь эмэгтэй байна. Хөдөлмөрийн насны хүн амын нас баралтын түвшинг авч үзэхэд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 3.3 дахин их, мөн эрэгтэйчүүд харьцангуй эрт нас барж байгаа нь анхаарал татсан асуудал юм.

Нас баралтад нөлөөлж буй хамгийн том хүчин зүйлс нь эрүүл мэндийн асуудлаас хамааралтай байна. Эрүүл мэндийн статистикийн 2018 оны тайлангаас харахад өвчний улмаас нас барсан эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдээс 1.5 дахин их. Тэр дундаа халдварт бус өвчлөл болох зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар зонхилж байна.

 Амбулаторийн үзлэгт бүртгэгдсэн хүмүүсийн тооноос харахад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.5 дахин бага. Бүртгэгдсэн өвчлөлийн хувьд эмэгтэйчүүд их байгаа боловч өвчлөлөөс шалтгаалсан нас баралтаар эрэгтэйчүүд их байгаа юм.

Тухайлбал, 2018 онд бүртгэгдсэн шинэ, хуучин нийт хавдартай хүмүүсийн 37 хувь нь эрэгтэй, 63 хувь нь эмэгтэй хүмүүс буюу эмэгтэйчүүд 1.7 дахин их байхад хавдраас шалтгаалсан нас баралтын 55 хувь нь эрэгтэйчүүд буюу эмэгтэйчүүдээс 1.2 дахин их байна.

Зүрх судасны тогтолцооны өвчин мөн адил үзлэгээр бүртгэгдсэн хүмүүсийн эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 1.6 дахин их байхад нас барсан хүмүүсийн хувьд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.4 дахин их байна.

 Эрэгтэйчүүдийн нас баралтад нөлөөлж буй дараагийн голлох хүчин зүйлст бусад осол, зам тээврийн осол, амиа хорлолт, бусдад хорлогдох, үйлдвэрлэлийн осол багтаж байна. Бусад ослын хамгийн өндөр хэлбэр нь спиртийн хордлого байгаа нь анхаарал татаж байна. 2018 оны статистикийн тайлангаас нас баралтын шалтгааныг харахад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс амиа хорлолтоор 5.8 дахин, зам тээврийн осолд өртсөн тохиолдол 2.8 дахин, бусдад хорлогдсон тохиолдол 4.1 дахин, бусад ослоор 3.8 дахин их байна. Мөн үйлдвэрлэлийн ослоор нас барсан тохиолдол бүгд эрэгтэй байна.

Эрэгтэйчүүдийн нас баралтын шалтгааныг насны бүлгээр авч үзэхэд 15-44 насанд спиртийн хордлого, амиа хорлолт, мотоцикл, тээврийн ослоор, 45-аас дээш насанд халдварт бус өвчний улмаас зонхилон нас барж байна.

 Нас баралтад нөлөөлж буй хүчин зүйлсийг авч үзэхдээ боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг орхигдуулж болохгүй юм. Олон улсад хийгдсэн боловсролын түвшин болон дундаж наслалтын хамаарлыг судалсан судалгаануудад хүн амын боловсролын түвшин дээшлэх тусам дундаж наслалт уртсаж байгаа дүгнэлт гарсан байна. Харин манай улсын хувьд хүн амын дундаж наслалт, боловсролын түвшин хоёрын хоорондын хамаарлыг илүү нарийвчлан дүгнэх боломжгүй байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top