Буддын ухаанд НҮГЭЛ гэж ҮГҮЙ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 05

Буддын номлолыг бага ч атугай судалж байсан хүн бүр буддизм нь шашин уу, эсвэл гүн ухаан уу гэсэн асуултыг тавьдаг. Нэг талаас буддизмыг дэлхийн гол шашны нэг гэж ярьдаг бол нөгөө талаар бид бүгд л буддын гүн ухаан, номлол гэж хэлж заншжээ. Ямар шинж чанараар нь буддизмыг гүн ухаан гэж, ямар шинж чанар нь шашин болохыг нь тодорхойлдог вэ


Гүн ухаан, шаны ялгаа

Бидний амьдарч буй энэ ертөнц маш баялаг. Ертөнцийг үзэх үзлийн хувьд авч үзвэл олон зуун янзын үзэл бий. Эдгээрийн заримыг нь гүн ухаан гэдэг бол зарим нь шашин гэсэн ойлголтод багтана. Буддизм ихээхэн дэлгэрсэн дорнын улс орнуудад шашин, гүн ухааны ойлголтын ялгаа бага байдаг. Тиймээс олон зууны турш маргаан үргэлжилж, судлаачид энэ тал дээр нэгдсэн нэг санаанд хүрч чадахгүй л байна. Буддизмыг баримтлагчдын эгнээ жилээс жилд өргөжин тэлж буй нь буддизмын талаарх үзэл бодлын өрсөлдөөнийг улам бүр дэлгэрүүлсээр байдаг. Гүн ухаан дэлхий, бидний амьдрал, хорвоо ертөнцийн тогтолцоог бүх талаас нь судлахыг эрмэлзэж ирсэн. Гүн ухааны янз бүрийн урсгал чиглэл танин мэдэхүйн үйл явц, үнэт зүйлсийн тогтолцоо, ахуй, туршлага дээр суурилсан мэдлэг, учир шалтгааны холбоо хамаарлыг судалдаг. Гүн ухааны үзэл баримтлал бий болж, цаг хугацааны явцад баяжин, нэмэгдэж, өөрчлөгдөж иржээ. Гүн ухаан нь шинжлэх ухаантай “нөхөрлөдөг” тул тодорхой хэмжээнд үүнийг шинжлэх ухаанд хамаатуулах нь бий.

Харин шашин нь дээд хүч, далдын хүч, бурханд итгэх сүсэг бишрэл дээр суурилсан үзэл бодлын цогц. Шашин шүтлэг хүмүүсийг нэгтгэж, өөрийн дүрэм, сургаал номлолоо тулгана. Ингэхдээ сүсэгтэн олон нэгдэн, төрөл бүрийн зан үйл хийнэ. Үүний тулд тэд сүм, хийд зэрэг тусгай газруудад цуглардаг.

Гүн ухаан ч тэр, шашин ч тэр ертөнцийг танин мэдэж болох эсэх, үнэн юунд оршдог, бурхан байдаг эсэх, хүн гэж юу болох, юуг муу, юуг сайн гэх зэрэг хүмүүний чухал асуултуудад хариулдаг. Ингэхдээ гүн ухаан логик тайлбар хэлдэг.  Үүнд нь хүн итгэх, хүлээн авах эсэхээ өөрөө шийдэх ба энэ нь цаг хугацааны явцад шинжлэх ухааны нээлт, шинэ үзэл баримтлалаас шалтгаалан өөрчлөгдөж болдог байна. Шашны хувьд бурхан нь ухамсраас дээгүүр ба үнэнд үг дуугүй итгэж, ягштал биелүүлэх дүрэм бий.

 

Буддизм нь гүн ухааны хувьд

Буддын ухаан ертөнц болон бид бүгдэд байдаг бурханлаг байдлын тухай бус бодь сэтгэлийн тухай өгүүлдэг. Бурхны шашинтнууд бурхны боол бус харин номлолыг дагагчид. Өөрөөр хэлбэл, бид бурханд бус гэгээрэлд тэмүүлэх ёстой гэдгээрээ шашны үзлээс ялгаатай. Үүний үндэс нь чухам номлол байдаг нь гүн ухаанд илүү ойрыг илтгэж буй. Энэ номлолд үндэслэгч бий. Тэр нь Бурхан Будда. Бурхан багш Шагжамүни бурхан байгаагүй. Тэр өөрийн замаар явж, ертөнцийн үнэнийг таньж, бусдын тусын тулд бүхнээ умартсан агуу их номлогч, багш. Тэр энгийн нэгэн хүмүүн байжээ. Сидхартха Гаутама Энэтхэгийн Шагжа омгийн хааны хүү болон мэндэлж, эхнэр, хүүтэй байсан нь түүний энэ хорвоод амьдарч байсан нь эргэлзээ төрүүлэлгүй батална. Түүний номлол ертөнцийг бурхан бүтээсэн тухай, далдын хүчний тухай заадаггүй. Номлолын мөн чанарын талаар дэлгэрэнгүй өгүүлэх буддын олон судар байдаг. Эдгээрийн заримаас сахиус, ад чөтгөр, бодьсадвагийн талаар мэдэж болох ч тэднийг бурхан эсвэл эрлэг бүтээсэн гэж үздэггүй. Учир нь тэд бидний адил амьд бөгөөд сансар гэгдэх үхэх, төрөхийн эргэлтэд оршсоор байдаг. Тэднийг хэн ч тахидаггүй, Бурхан багшийг хүртэл. Будда багш өөрийг нь болоод хэн бугайг ч бурханчлан тахихгүй байхыг захидаг байжээ.

Бурхны шашинд нүгэл гэж үгүй. Харин үйлийн үр гэсэн ойлголт бий. Үйлийн үр нь гүн ухааны нэгэн адил аливаа үйл өөрийн гэсэн учир шалтгаан, үр дагавар дагуулдаг гэж тайлбарладаг. Түүнчлэн, бурхны номлол нь сохор сүсэг ч биш. Аливаа дүрэм, номлолыг өөрийн туршлага, өөрийн биеэр турших ёстой гэж Бурхан багш өөрөө айлддаг байжээ. Буддын гүн ухаан шинжлэх ухааныг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй “мөр зэрэгцэн” алхдагаараа шашин шүтлэгээс ялгаатай. Үүний нэгэн тод жишээ бол XIV Далай Лам. Дээрхийн гэгээнтэн эрдэмтэн судлаачидтай нягт хамтран ажиллаж, шинжлэх ухаан сонирхож, өөрийн гэсэн бүтээл туурвижээ. 

Буддын ухаан дагалдагчдаасаа номлолыг нь цорын ганц үнэн гэж хүлээн авахыг шаарддаггүй. Бурхны шашинтан болохын тулд бусад шашнаас татгалзах ч шаардлагагүй. Энэ үүднээс буддизмыг шашин гэж үзэх боломжгүй аж. Түүнчлэн сүүлийн жилүүдэд буддын ухаан барууны ертөнцийг улам бүр хүчтэй дагуулах болжээ. Буддын үзэл санаа орчин үеийн соёл, уран зохиолд биеллээ олсоор.

 

Буддизм нь шашны хувьд

Нөгөө талаас буддын ухааны гол зорилго нь хүмүүсийг аврах, үнэн болон эрх чөлөөнд хүрэхэд нь туслахад оршдог. Шашны зорилго биш гэж үү. Буддын ухаан тодорхой улс орон, үндэстний хязгаараас аль хэдийн хальж, дэлхий даяар асар олон тооны дагагчидтай болсон. Тиймээс ч ислам, христийн шашны адил бурхны шашныг дэлхийн шашин гэж үздэг.

Буддын сургаал, номлол 2.5 мянган жилийн туршид маш их өөрчлөгдөж, өөр хоорондоо эрс ялгарах урсгал, сургуулиудад хуваагджээ. Зарим уламжлалд Будда болон бусад бодьсадва нарыг бурханчлан тахиж, сүм хийдэд дүрийг нь залж, өргөл барьдаг. Бусад шашны нэгэн адил хурал хурж, ном айлдана. Олон төрлийн Буддын сүм хийд, дацанд хурал хурж, зан үйл хийх нь гүн ухаанаас ялгаатай.

Цахим нэвтэрхий толь ”Wikipedia” буддизмыг шашин, гүн ухааны номлол гэж зүгээр ч нэг тодорхойлоогүй. Учир нь буддизм аль алиных нь шинж чанарыг агуулдаг тул гүн ухаан уу эсвэл шашин уу гэсэн асуултад хариулахад төвөгтэй. Сүм хийд, зан үйл, сахиус зэрэг нь шашных ч номлол нь өөрөө цэвэр гүн ухааны шинж чанартай. Олон урсгал, олон талт чанараар нь буддизмыг гүн ухааны ертөнцийг үзэх үзэл гэж нэрлэж болох талтай.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(64.119.26.14) 2020 оны 06 сарын 05

Пин гээд өвчинг эдгээх нь биед муу. Гэнэт баяжих гэдсэнд халтай

0  |  0
Zochin(64.119.26.14) 2020 оны 06 сарын 05

Муу юм хийхгүй л бол нүгэл гэж үгүй

0  |  0
Top