Сонни стадион дүүргэж, “Тоттенхэм”-ээс явахаасаа өмнө нялх маамуу болов

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 03

Өмнөд Солонгосын Сөүл хотноо Английн “Тоттенхэм” бэлтгэл тоглолтоор очоод байна. Ням гаригт тэд “Ньюкасл”-тай тоглох болно. Энэхүү тоглолтод Сон Хён Мин багаа ахлаж, ахлагчийн туузтай гарах нь ойлгомжтой болжээ. Мөн Соны “Тоттенхэм”-ийн төлөөх сүүлчийн тоглолт байх болно.
 


33 настай Сон Хён Мин Хойд Лондоны клубт 9 улирлыг өнгөрүүлсний дараагаар шинэ сорилттой тулахыг хүсч буйгаа мэдэгдсэн юм. Тэрхүү шинэ сорилт гэдэг нь Мэжор лигийн “Лос Анжелес” клуб хэмээн хэвлэлүүд бичсээр бүтэн сарыг үдэж байна.
 


Стадион дүүрэн буюу 66 мянган элэг нэгтнүүдийнхээ нүдний өмнө “Тоттенхэм”-ийн төлөө сүүлчийн тоглолтдоо гарах Сон болон түүний багийнхан хэвлэлийн бага хурал оролцлоо. Багийнхан нь хэвлэлийн бага хуралд байх зуур 218 сантиметр өндөр, 166 кг жинтэй, цагтаа шаггүй холимог тулаанч явсан Чой Хон Мэн талбайн хажууд Сон Хён Минтэй уулзаж, яг л нялх хүүхэд шиг өргөж тэврээд, бүүвэйлэх мэт гар дээрээ зөөлөн хөдөлгөж олныг хөгжөөлөө. Нялх маамуу Сонни ч инээдээ барьж ядан, нүүрээ даран байв.
 


Чой Хон Мэн бол цагтаа холимог тулааны домогт тамирчин Федор Эмельяненко, Мирка Крокоптой тулаан хийж явсан эр. Одоо 44 настай Чой MMA-д домогт Брок Леснартай тулаан хийхээр тов тогтсон ч бие нь өвдөж, эмнэлэгт хэвтсэнээр тулааныг цуцалж байлаа. Чойгийн ид үе 2006-2016 он юм.
 


Нялх маамуу Сонни буюу Сон Хён Миний хувьд бол өөрөө “Тоттенхэм”-ээс явах хүсэлтээ өгчихсөн гэдгээ хэлсэн. Мөн багийн дасгалжуулагч Томас Франк ч “Бүх зүйл ойлгомжтой гэж бодож байна. Сонни гараанд ахлагчийн туузтай гарна. Энэ бол түүний “Тоттенхэм”-ийн төлөө сүүлчийн тоглолт. Энэ тоглолтоо Өмнөд Солонгост элэг нэгтнүүдийнхээ өмнө хийх нь сайхан. Төгсгөл ийм сайхан байх сайхан. Сон багийнхаа төлөө чадах бүхнээ хийсэн, хүндлэл хүлээх ёстой тоглогч” хэмээн өгүүлсэн юм.
 


“Тоттенхэм”-“Ньюкасл”-ын буюу Сон Хён Миний Хойд Лондоны клубын төлөөх сүүлчийн тоглолт өнөөдөр Улаанбаатарын цагаар 19:00-д Сөүлийн төв стадионд болно.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2(103.57.92.108) 2025 оны 08 сарын 07

Прёмир лига үдэг ганц тоглогч маань явахнээ

1  |  0
2(103.57.92.108) 2025 оны 08 сарын 07

Прёмир лига үдэг ганц тоглогч маань явахнээ

1  |  0
Зочин(202.126.90.154) 2025 оны 08 сарын 03

Ганц цомын бараа харсан дээрээ одоо явсан нь дээр байх оо, ирэх жил бол авах газар олдохгүй болно

0  |  0
Top