Монгол орон түүхэн дурсгалт газар, соёлын өвөөрөө баялаг улс. Соёлын биет болон биет бус өвд эрсдэл учруулж болох хүчин зүйлс болон түүнийг хэрхэн сэргээн засварлаж, хадгалж хамгаалах шаардлагатай байгаа талаар Соёлын өвийн үндэсний төвийн захирал, доктор Г.Энхбаттай ярилцлаа.
-Монгол оронд буй соёлын биет өвөө хэзээнээс хэрхэн бүртгэлжүүлж эхэлсэн бэ. Хэчнээн төрлийн хэдий тооны биет өв бүртгэлтэй байна вэ?
-Монгол Улсад Ардын хувьсгал ялсны дараа Богд хааны ордон дээр тулгуурлаж музейн салбар үүссэнээр 1940 оны үед орон нутагт судлах танхимууд бий болсон. Манай оронд нийт 43 музейн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу дөрвөн жилд нэг удаа төрийн өмчит музейн тооллого явуулдаг бол хоёр жилд тухайн байгууллага дотоод хяналтын тооллогоо хийдэг. 2019 онд Монгол Улсын хэмжээнд 126810 дэсийн 27677 үзмэр байна. Үл хөдлөх дурсгалын үзлэгийг таван жилд нэг удаа хийдэг бол соёлын биет бус өвийг гурван жил тутамд үзлэг хийдэг. Энэхүү бүртгэл нь программ хангамжтай холбогдож, тухайн өв гэмтэх, алга болоход сэргээн засварлах, эрж хайхад шаардлагатай мэдээллийг бүрдүүлсэн байдаг. Соёлын өвийн төв нь бүртгэлээр хяналт тавихаас гадна жилд 150-200 эд өлгийн зүйлсийн эвдрэл гэмтлийг сэргээн засварлах, археологийн олдворуудыг бэхжүүлэх хүчин чадалтай. Засгийн газрын тогтоолоор 778 түүх дурсгалын хосгүй үнэт дурсгал байдаг.
-Манай улс ЮНЕСКО-д ямар, ямар биет соёлын өвөө бүртгэлжүүлсэн байдаг вэ. Цаашид бүртгүүлэхээр зэхэж буй хэчнээн өв байна вэ?
-Манай орон соёлын гурван биет өвийг ЮНЕСКО-д бүртгүүлсэн. 2004 онд Орхоны хөндийн дурсгалт газар, 2011 онд Монгол Алтайн хадны зураг, 2015 онд Бурхан Халдун уул багтсан. Үндэсний хэмжээнд урьдчилсан жагсаалтаар Говийн хадны зураг, Буган чулууны хөшөө зэрэг нэр дэвшүүлж буй 13 өв бий. Зургаадугаар сард Буган чулууны хөшөө дэлхийн өвд бүртгэгдэх ёстой байсан боловч цар тахлын улмаас хойшлогдоод байна. Үл хөдлөх дурсгалын хувьд 2015 онд анх удаа бүртгэл тооллого хийсэн. Соёлын өвийг хамгаалах хуулинд Соёлын өвийн үндэсний төв нь соёлын өвийг авран хамгаалах, сэргээн засварлах төв байна гэж заасан байдаг. Энэ үүргийн дагуу манай байгууллага газар дээр нь очиж судалгаа шинжилгээ хийж ажилладаг.
-Саяхан Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт оршдог соёлын өв болсон “Цогтын хадны бичээс” аюулд учирлаа. Танай төв цаг алдалгүй очиж сэргээн засварлаж, цэвэрлэж тордлоо шүү дээ. Ер нь шашин шүтлэгийн зан үйлийг соёлын өвд хал балгүйгээр хийх тухай ямар ажил өрнүүлж байна вэ?
-Монгол орон өргөн уудам тал хээр нутагтай. Устай, усгүй нөхцөлд чулуун дурсгал бүхнийг өдөр, шөнөгүй сахиад суух боломжгүй. Малчид мал хуйгаа адгуулж байхдаа гэрээгээр харж хандаж байдаг. Малчдыг отор нүүдэлд явсан хойгуур, эргэж тойроод явсан хойгуур ийм зүйл болчихсон байдаг. Сум орон нутгийн удирдлагууд өөрийн нутаг дэвсгэр дээр байгаа үл хөдлөх дурсгалаа хамгаалах, хайс хашаа хатгах, хажууд нь малчин гэрээгээр харж хамгаалуулах үүрэгтэй. Жилийн дөрвөн улиралд ажилтан цалинжуулаад байр саваар хангаад мануулаад байвал өөр хэрэг. Тийм боломж нөхцөл алга. “Дуутын хад”-ыг хэн хорлож сүйтгэснийг холбогдох байгууллага нь шалгаж байгаа. Хүмүүсийн соёлын өвийн мэдлэг хомс байдал, шашин шүтлэгтэй холбоотойгоор зулын шар тос нялж дэлхийд хосгүй дурсгалт газрыг аюулд учруулсан. Энэ нь ард иргэдийн соёлын өвийн мэдлэгийг шашин шүтлэгтэй нь уялдуулж мэдлэг боловсрол олгох шаардлагатай байгааг харуулж байна. Мөргөж сүсэглэж болно. Соёлын өвд хал балгүйгээр өөр газар зан үйлээ хийхийг хорихгүй. Бид “Дуутын хад”-ыг яаралтай судалгаа шинжилгээ хийж, оношоо тогтоож, тусгай бодис гаргаж шар тосыг нь арчиж цэвэрлэж авсан. Тус үйл ажиллагааны зардлыг Дэлгэрхаан сумын Засаг даргын тамгын газраас гаргуулсан. Тосон дээр нь маш их ургамал, шавж хорхой, тоосонцрын бохирдол бий болж задрал явагддаг шүү дээ. Мөн хад чулуун дээр сүү, айраг асгах зэрэг зохисгүй зан үйл их хийдэг. Нэг нь бохирдуулдаг, нэг нь цэвэрлэдэг баймааргүй байна. Урт удаан хугацаанд тогтоон барихын тулд соёлын өвийн талаар мэдлэг олгохоор Гандан хийд, шашны байгууллага, бөөгийн холбоодтой хамтарч лам, бөө нарт зориулсан арга зүй боловсруулж байгаа юм. Мөн соёлын өв, түүнийг хайрлан хамгаалах, мэдлэг мэдээлэл олгох сургалтыг ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулийн боловсролын хөтөлбөрт тусгаж өгмөөр санагддаг.
-Түүх дурсгалын зүйлсийн эвдрэл гэмтэлд нөлөөлөх хүчин зүйлс юу, юу байдаг вэ. Ийм аюулд орсон соёлын өвүүд хэр олон байна вэ?
-Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг 2020 онд үзлэг хийх ёстой байсан боловч хөл хорионы улмаас хийгээгүй. Үл хөдлөх дурсгал нь эх төрхөө алддаг, устдаг, өгөршдөг, физик гэмтэл, тоногдох, байгалийнгээд долоон төрхийн нөлөөлөл байдаг бол 29 хүчин зүйлээс болж энэ бүхэн үүсдэг. Үүнд уул уурхай, автомашин, суурьшлын бүс, аж ахуй, мал шөргөөх, вандализм, сүсэг бишрэл зэрэг хүчин зүйл орно. “Дуутын бичээс” дээр жишээ авахад эх төрхөө алдсан байдалтай сүсэг бишрэл буюу вандализмд өрсөн байсан. Вандализм гэдэг нь сүйтгэж байна гэсэн үг. Хүний хөл хүрсэн газар бүхэнд нэр усаа сийдэг асуудал гардаг. “Тайхар” чулуугаар жишээ авахад будаг нялсан, сийлсэн гаж үзэгдэл маш их. Мөн “Их тэнгэрийн ам”-ны хадны зураг түүхэн дурсгалт газрыг тойруулаад дүүрэн байшин, хашаа болчихлоо. Монгол оронд буй хөшөө дурсгалын 70-80 хувь нь байгалийн болон нийгмийн хүчин зүйлийн нөлөөгөөр ямар нэг эвдрэл гэмтэл үүссэн байдаг. Шунахайн сэдлээр эртний эдлэлийн наймаачид хиргэсүүр, булш бунхан ухаж, орон нутгийн дарга, нутаг орны ард иргэдтэй холбоо сүлбээтэй ажилладаг гэдгийг хууль хяналтынхан шалгаж илрүүлсэн байдаг. Бид сүүлийн 20 жилд үнэт дурсгалаа бүртгэлийн системд оруулснаар алдах, хил давах гэдэг асуудал байхгүй болсон.
-Соёлын өвийн төвд хамааралтай эрдэмтэн судлаачид хэр хангалттай байдаг вэ? Төр засгаас боловсон хүчний нийгмийн асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?
-Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар баруун, зүүн ,төв гээд бүс бүрд нэг, нэг соёлын өвийн дэд төв байгуулж манайхаас босоо удирдлагатай ажиллах шаардлагатай байгаа юм. 21 аймагт манай 35 ажилтан хүрэлцэхгүй байна шүү дээ. Музей гэдэг эрдэм шинжилгээ судалгааны байгууллага бөгөөд археологи, түүх, угсаатны зүй, байгаль, палеонтологи, урлаг уран сайхан, шашны дурсгал гээд маш олон төрөл багтдаг. Төрөл бүхэнд эрдэм шинжилгээний ажилтан, судлаачид байх ёстой. Соёлын өвийн үндэсний төвийн дэргэд Соёлын биет өвийг таньж тогтоох шинжээчийн зөвлөл байдаг. Тус зөвлөлд эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллүүд багтдаг. Нийгмийн асуудлын хувьд цалингийн хэмжээ маш бага байдаг. Бусад шинжлэх ухааны байгууллагуудтай адилхан зэрэг дэвийг нь тогтоолгох, илүү цагийг үнэлэх, эпотекын зээлд хөнгөлөлттэй хамруулах шаардлагатай байна. Аймгийн музейнүүд 1960-1970-аад оны зориулалтын бус байшинд үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Хэнтий, Дорнот, Өмнөговь аймагт шинэ музей баригдаж эхэлж байгаа нь сайшаалтай. Музей өргөжихийн хэрээр боловсон хүчин, санхүүжилт нэмэгдэх шаардлага гарна. Цар тахлын улмаас манай байгууллагын үйл ажиллагааны зардал танагдсан. Томилолтын мөнгө бүр байхгүй. Хэрэв хаа нэгтээ яаралтай түүхэн дурсгалт өвийг сэргээн засварлах шаардлага гарвал яах вэ. Байгалийн гамшигт үзэгдлийг онцгой байдал гэж үздэг ч соёлын өв эрдсэлд орж байгаа нь бас л онцгой байдалд орно шүү дээ.
-Та Монгол Улсын түүх соёлын үл хөдлөх дурсгалд сөрөг нөлөөт хүчин зүйлсийн учруулах эрсдэлийн үнэлгээний судалгааг хийж докторын зэрэг хамгаалсан. Энэ бүтээлдээ юуг илүү онцолсон бэ?
-Миний докторын бүтээл Монгол Улсын 1.5 сая кмв нутаг дэвсгэрийн хэдэн хувьд нь соёлын өвд эрсдэл учруулах орон зай бүхий газар нутаг байгаа юм бэ гэдгийг илрүүлэх зорилготой. Энэ нь байнга өөрчлөгдөж байдаг бөгөөд тухайн үеийнхээ датан дээр үндэслэдэг. Дээр дурдсан соёлын өвд эрсдэл үүсгэх 29 эрсдэлт хүчин зүйлээс дэлгэрүүлэн дурдвал уул уурхай, хайгуул, автозам, төмөр зам, хотжилт, суурьшилт, газар олголт, аж ахуйн нөлөөлөл, үер, ус, нар, салхи, гал, газар хөдлөлт, мал амьтан зэрэг байгаль, нийгмийн хүчин зүйл байдаг. Эдгээр хүчин зүйл нь булш, хадны зураг, сүм хийд дээр яаж нөлөөлөх вэ гэдгийг тус тусад нь судалгаа гаргасан. Жишээ нь, төмөр зам барих газарт дэлхийд гайхамшигтай хосгүй дурсгалт газар таарвал төмөр замаа тойруулж тат гэнэ шүү дээ. Мөн ОХУ-аас БНХАУ-руу татах хийн хоолой манай улсын таван аймгийг дамжин өнгөрнө. Энэ бүс нутагт ямар, ямар дурсгалт газар байна гэдгийг бид судалж өгдөг. Хэрэв зайлшгүй бүтээн байгуулалтын бүс нутаг таарсан тохиолдолд шинжлэх ухааны үнэ цэнэ багатай, олон тоогоор байдаг, эртний дурсгалт өв соёлыг авран хамгаалж, газрыг чөлөөлж, нүүлгэн шилжүүлж болдог. Соёлын өвд эрсдэл учруулж болох зүйлийг таньж мэдэхэд миний докторын бүтээл чухал ач холбогдолтой гэж бодож байна.
-Уул уурхайн салбар сүүлийн үед цэцэглэн хөгжиж байна шүү дээ. Уул уурхайн нөлөө түүхэн дурсгалт өв соёлд хэр их эрсдэл дагуулж байна вэ?
-ШУТИС-ийн багш н.Бат-Эрдэнэ уул уурхайн талаас нь дагнан судалсан байдаг. Энэ цаг үед манай улсад соёлын өвд хамгийн их эрсдэл учруулах хүчин зүйл нь уул уурхай болж байна. Харин гаднын улсын хувьд Англи улсад автозам, Европын оруудад үер, Гүржид хөрсний гулгалт, Хятадад газар хөдлөлт, Японд цунами маш их эрсдэл дагуулна.
-Соёлын өвийн нэг салшгүй хэсэг нь биет бус өв байдаг. ЮНЕСКО-д 15 өв бүртгэгдсэн байдаг. Хамгийн сүүлд хөхүүрийн айраг хийх технологи, холбогдох зан үйл бүртгэгдлээ шүү дээ. Он цагийн шалгуураар бүдгэрэн замхарч буй биет бус өв хэр их байдаг юм бол?
-Соёлын биет бус өв тээгч нь тэрхүү өвөө хойч үедээ өвлүүлэн үлдээдэг. Соёлын биет бус өвийг тээж яваа 100 гаруйхан хүний 40 гаруй нь зүрхний шигдээстэй байна. Амьд эрдэнэ болсон хүмүүсээ авран хамгаалъя гэж бодож байгаа бол төр засгаас эмчилгээний зардлыг нь гаргаж эмчилж өгмөөр байгаа юм. Биет бус өвийн хамгийн их эрсдэл нь насжилт болон өвчин л дөө. Гайхалтай туульч А.Балдандорж зүрхний өвчинтэйгөө тэмцэж байна шүү дээ. Түүн шиг туульч дахин төрөх болов уу. Биет бус өвийн бас нэг эрсдэл нь нүүлгэн шилжилт. Хөдөө орон нутгаас төв суурин руу шилжсэнээр тухайн нутаг орны онцлогтой уламжлал, соёл бүдгэрч байна. Баруун аймгийнхан Дархан, Сэлэнгэ рүү ихээр нүүдэллэн суурьшиж байгаа нь нөгөө сайхан Алтайн магтаал, цуур, товшуур Дарханд ороод ирчихээр газар зүйн хувьд өөрчлөлт орж эхэлж байна. Соёлын биет бус өв хил давж байна л гэдэг. Өвөрмонголд монголчууд амьдардаг. Тэд бас өв соёлоо тээж үлдэхийг хүсэж байгаа. Энэ нь нийгэм, эдийн засгаа сайжруулах бас нэг шалтгаан болж байгаа юм. Зарим соёлын биет бус өв нь нийгмийн хөгжлөө дагаад бүдгэрч түүх болон үлдэж, мэдээллийн санд бүртгэгддэг.
-Соёлын өвийн үндэсний төв ямар, ямар төсөл хөтөлбөр санаачлан ажиллаж байна вэ. Түүхэн дурсгалт газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутагт орших “Сэрүүн хаалга” хэмээх түүхэн дурсгалт газар нь “Монголын нууц товчоон”-нд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тоорил ханд Ван цол олгож, Тэмүүжин Татаруудыг дарсан тухай бичээс бий. Энэ газрыг хамгаалах, судлах, шинжлэх судалгааг япончуудтай хамтраад хийсэн. Өвөрмонголчууд шиг хөрөнгө хаяж, түүхэн дурсгалт газруудаа хөгжүүлж инновацид нэвтрүүлмээр байгаа юм. Чингис хааны унаган язгуур газар нь Монгол болохоор маш том давуу тал, боломж харагдаж байна.
-Ойрын үед сэргээн засварлах шаардлагатай соёлын өв хэр их байна вэ. Томоохон ажил эхлүүлэхэд шүүмжлэл дагуулдаг шүү дээ. Та бүхэн хэр их шүүмжлэл дагуулж байна вэ?
-Сүм хийдүүд, Тайхар чулуу гээд нэн яаралтай сэргээн засварлах газрууд олон бий. Засгийн газрын 69 дүгээр тогтоолоор 2019 онд “Чулуун соёлын өв” үндэсний хөтөлбөр, 68 дугаар тогтоолоор “Соёлын биет бус өв, өвлөн уламжлагч хүнийг яаж хамгаалах вэ” гэдэг үндэсний хөтөлбөр боловсруулсан. Энэ хүрээнд шат дараатай арга хэмжээ авч ажиллаж байна. Бид боломжит нөөцдөө тулгуурлаад ажлаа үргэлжлүүлж байгаа боловч хүмүүсийн өрөөсгөл ойлголт маш том бэрхшээл болдог. Иргэд соёлын өвийнхөө мөн чанарыг ойлгохгүй байж соёлын өв устаж байна гэж ярьдаг. Жишээ нь, Чойжин ламын сүм музейн гаднах тохижилтыг шинэчлэн засварлах явцад ард иргэдийн эсэргүүцэлтэй маш их тулгарсан. Үүнийг нь хэвлэлийн байгууллагууд мэргэжлийн хүмүүстэй нь уулзаж зөв мэдлэг мэдээлэл дамжуулахад оролцох хэрэгтэй. Соёлын өвийн ажил бол маш олон салбартай уялдаа холбоотой, цогц ажлын нийлбэр юм. Салбар бүрийг нь ойлгоход олон жилийн туршлага, мэдлэг шаардлагатай. Үнэ цэнэ, ач холбогдол, үнэлгээ гээд маш олон асуудал байдаг учраас өнгөцхөн хараад дүгнэж болохгүй гэдгийг онцолмоор байна. Соёлын өвийн бүрэн бүтэн байдал, эх төрхийг нь хэвээр хадгалахын тулд тал бүрээс нь бодолцож ажлаа явуулдаг юм шүү дээ. Ард иргэд маань хийж байгаа ажлыг маань ойлгохгүй байх юм бол төрөөс явуулж байгаа хамгааллын бодлого улам хүндэрч, цаг хугацаа л алдана. Соёлын өвүүд бол цаг хугацаа хүлээгээд байдаггүй. Цаг хугацаа алдах л юм бол дахин сэргээгдэх боломжгүй болдог. Эх төрх, бүрэн байдал бүрдэхгүй бол устах шатандаа явж байна л гэсэн үг. Соёлын өвийг хадгалалт, хамгаалахад төрийн бодлого, орон нутгийн үүрэг оролцоо, эзэмшиж буй аялал жуулчлалын байгууллага, хувь хүн, ард иргэдийн зангидсан сэтгэл маш чухал байдаг.
Сэтгэгдэл ( 4 )
Сайхан мэдээлэл байна.Баярлалаа.
Фэйсбүүкээр дүүрэн хүрэл дүрс, хутга, зэв авна гэсэн зар. Утасдаад асуухаар хүрэл хутгыг 1 саяар авна гэнэ. Цаашаа хятадруу л гаргадаг байхдаа.
МУУ НЭРТЭЙ УУЛ УУРХАЙ ЯАХАВ ЦААНА НААД ҮАРЫН ШАШИН, ХАРАНХУЙ МУНХАГ, ШУНАЛТ ИДЭГДСЭН Монголчууд ЧИНЬ ХЭДЭН БУЛШ Бунханг ухаад дууслаа. Хадны зураг дурсгалын чинь бузарлаж бна.
Мэдүүштэй сэдвээр мэдээлэл оруулсан бна, баярлалаа