Хууль зүй, Дотоод хэргийн сайд Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчидтай уулзлаа

2020 оны 07 сарын 17

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль Зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль Зүй, Дотоод хэргийн Дэд сайд С.Баатаржав нар өнөөдөр /2020.07.17/ цагдаа, дотоодын цэргийн алба хаагчидтай уулзлаа. Уулзалтад цагдаа, дотоодын цэргийн анги байгууллага, газар, хэлтсийн удирдлагууд болон 21 аймаг, 9 дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид онлайнаар оролцлоо.

Уулзалтын эхэнд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ “Юуны өмнө нийт цагдаагийн албаны бие бүрэлдэхүүнд Монголын цагдаагийн байгууллага үүсч байгуулагдсаны 99 жилийн ойн мэндийг хүргэе. Хууль зүй, Дотоод хэргийн яамнаас цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, иргэдийн гомдол саналыг шуурхай шийдвэрлэхэд анхаарч бодит алхамуудыг хийх төлөвлөгөөтэй байгаа. Цагдаагийн албанд олон жил зүтгэсэн, чадвар, туршлагатай С.Баатаржав даргатайгаа гар нийлэн ажиллахаар болсон. Тиймээс цагдаа, дотоодын цэргийн байгууллагын асуудлыг шийдвэрлэх, бодлогын ажлуудыг хийхэд үр дүнтэй байна хэмээн итгэлтэй байна. Түүнчлэн миний бие иргэдтэй тулж ажиллаж буй хэсгийн байцаагч нарын ачааллыг тэнцвэржүүлэх, хэргийн шийдвэрлэлтийг чанаржуулахад анхаарч ажиллах болно” гэлээ.

Уулзалтын үеэр ХЗДХ-ийн Дэд сайд, Бригадын генерал С.Баатаржав нийт бүрэлдэхүүнд хандан “Миний бие цагдаагийн албанд 30 жил ажиллаж, зүтгэсэн байна. Энэ хугацаанд намайг цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид бүх талаар дэмжиж, тусалж, хамтран ажиллаж ирсэн билээ. Иргэдийнхээ амар амгалан, аюулгүй байдлын төлөө үүргээ цалгардуулалгүй, хариуцлагатай, шудрага, зарчимч ажиллаж буй нийт бие бүрэлдэхүүндээ Монголын цагдаагийн байгууллагын түүхт 99 жилийн ой, Дотоодын цэргийн түүхт 98 жилийн ойн мэндийг хүргэе. Цагдаагийн алба нэр төр, журамт үүрэг дээр тогтдог “Үнэний төлөө” итгэл үнэмшлийн алба. Иймд хувь хүн амьдралдаа, ажилдаа хариуцлагатай, ухамсар, ёс зүйн өндөр шаардлагыг гагц өөрийн төлөө бус нийт алба хаагчдын нэр төрийн төлөө хэмээн санаж яваарай. Миний бие Засгийн газрын шийдвэрээр энэхүү Дэд сайдын албанд томилогдон ажиллахаар боллоо. Монгол төрийн шийдвэрийг хүндэтгэн хичээн ажиллах болно.Цагдаа, дотоодын цэргийн байгууллага, алба хаагчдынхаа төлөө бүхий л чадлаараа дэмжиж, зүтгэх болно. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Хууль Зүй, Дотоод хэргийн яамны бодлого чиглэлийг бодит, үр дүнтэй ажил болгоход бүх талаараа дэмжиж ажиллах болно” хэмээлээ.

Уулзалтын төгсгөлд аймаг, дүүргийн цагдаагийн газраас санал, хүсэлтээ илэрхийлж, шинээр томилогдон ажиллаж буй Хууль Зүй, Дотоод хэргийн яамны удирдлагуудад ажлын амжилтыг хүслээ.

Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top