АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Ц.Туваан “ТВ8” телевизийн “Нээлттэй хүн” нэвтрүүлэгт зочноор оролцсон юм. Түүний яриаг хөрвүүлэн хүргэж байна.
-2020 оны парламент бүрэн эрхийг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ удаад Ардчилсан нам мөн л сөрөг хүчин болж байна. УИХ-ын чуулган хуралдахтай зэрэгцэн Ардчилсан намын дотоод асуудал хамгийн их анхаарал татаж байгаа?
-2020 оны УИХ-ын сонгууль бол Монгол Улсын түүхэнд төрийн эрх барих дээд байгууллагаа бүрдүүлэх найм дахь удаагийн сонгууль боллоо. Бусад намуудын адил Ардчилсан нам мөрийн хөтөлбөрөө танилцуулж оролцсон. Сонголт ард түмний гарт байдаг. Өөрөөр хэлбэл ард түмний гарт төр барих эрх байна гэсэн үг. Тэгэхээр энэ удаа ард түмэн Ардчилсан намыг цөөнх байлгах байдлаар сонголтоо хийлээ. Энэ нь ард түмний сонголт учир Ардчилсан нам хүндэтгэлтэй хандана. Мэдээж сонгуульд ялна гэсэн зорилготой орсон ч бид бүхэн хоёр дахь удаагаа үнэмлэхүй ялагдлаа. Ялагдал гэдэг маш олон шалтгаантай. Ардчилсан намын дүрэм, нэр дэвшигчдэд, мөрийн хөтөлбөрт мөн намын удирдлагуудад тавьсан дүнгийн нийлбэр бол өнөөдрийн УИХ-д манай намаас сонгогдсон арван нэгэн гишүүн гэж харж байна. Бид хүчтэй сөрөг хүчний байр сууринаас ажиллана гэдгийг хэлье.
-Удахгүй орон нутгийн сонгууль болох гэж байна. Ардчилсан намын шат шатны дараагийн удирдлагуудын асуудал их яригдаж байна. Орон нутгийн сонгуулиас өмнө намын удирдлагуудын асуудлыг шийдэх үү?
-Энэ удаагийн сонгууль бол Ардчилсан намыг эрс шинэчлэл хийхгүй болбол ард түмний саналыг авч чадахгүй нь гэдгийг тодорхой харуулсан. Тэгэхээр бид энэ зүг рүү явахаас өөр аргагүй. Хоёрдугаарт сонгууль дуусмагц намын даргын сунгааг зарласан байгаа. Манай нам УИХ-д цөөнх болбол намын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар автоматаар огцордог дүрэмтэй. Үүнийхээ дагуу Үндэсний бодлогын хороондоо танилцуулснаар Ардчилсан намын удирдлагууд автоматаар огцорсон гэж ойлгож болно. Тэгэхээр нэг асуудал гарч ирсэн нь Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан гэдэг хүн яагаад үүрэг гүйцэтгэгчээр ажиллав гэдэг байгаа юм л даа. Ардчилсан нам УИХ-д арван нэгэн гишүүнтэй, бүлэгтэй намын хувьд тодорхой хэмжээний шийдлүүдийг гаргадаг. Өөрөөр хэлбэл, дараагийн намын дарга сонгогдтол намын үүргийг гүйцэтгэх шаардлага гарч ирсэн нь надад оногдсон. С.Эрдэнэ дарга зургадугаар сарын 24-ны хурлаараа намын гишүүд, ард түмний өмнө хариуцлагаа хүлээж огцрохдоо намын дүрмийн дагуу тамгаа аль нэг дэд даргадаа өгнө гэдгээ зарласан. Дүрмийн дагуу намын даргын үүрэг гүйцэтгэгчээр буюу дараагийн дарга сонгогдтол Ц.Туваан миний бие ажиллахаар болоод байна. Дахин нэг тодорхой болсон зүйл нь бидэнд цаг байна. 2024 он хүртэл эрс шинэчлэл хийх, институц болох тал руугаа илүү ажиллах хэрэгтэй. Харин хугацаа бага үлдсэн нэг зүйл нь Ардчилсан намын 180 мянган гишүүнтэй хамгийн ойр байгаа, аравдугаар сарын 15-ны өдөр хуулийн дагуу зохион байгуулагдах орон нутгийн сонгууль юм. Үүнтэй холбоотой намын анхан дунд шатны маш олон гишүүдийн бараг 95 хувь нь надад гарын үсгээ зурж санал ирүүлсэн. Тухайн санал нь “Бидний дөрвөн жилийн хугацаанд бэлдэж ордог орон нутгийн сонгууль тулаад ирчихсэн байхад намын дотоод асуудлуудыг хойшлуулж өгөөч, бидэнд орон нутгийн сонгуулийн дараа цаг байгаа” гэдэг бодитой санал байсан. Энэ хүрээнд дотоодын сонгуулийн хороонд өргөдлийг нь өгч “Энэ сонгуулийг хойшлуулж өгөөч” гэдэг бичиг явуулсан. Мөн өөрт байгаа эрхийнхээ хүрээнд наймдугаар сарын 23-нд хуралдах байсан намын Их хурлыг хойшлуулна гэдгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан байгаа. Одоогийн байдлаар намын үйл ажиллагаа дотроо энэ байдлаар л явж байна.
-Орон нутгийн сонгууль гэдэг нь цаг хугацаа их шаарддаг зүйл учраас ард түмнээ төлөөлж ажиллахын тулд орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр зэхэж байгаа намын гишүүдийн шалтгааныг үндэслээд Үндэсний дотоод хурал хойшилсон гэж ойлгож болох уу?
-Тийм. Аливаа зүйл цаасан дээр байх нэг хэрэг. Амьдрал дээр бас нэг өөр байдаг. Тэгэхээр манай намын 180 мянган гишүүдийн зүгээс энэ хүсэлт шаардлагыг хүргүүлж байгаа юм. Эхлээд орон нутгийнхаа сонгуульд оролцъё, өмнөх удирдлагын УИХ-д ялагдсан асуудлыг дараа нь хэлэлцье, намын даргын сунгаан нь намын дотоод эв нэгдэлд нөлөөлж байна гэдэг асуудлыг маш олон гишүүд тавьж байгаа. Орон нутгийн сонгуулийн дараа намын асуудалдаа нухацтай орж, үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулъя гэсэн хүсэлтийг хүргэж байгаа. Өмнөх дүрмээрээ намын даргаа сонгоод явбал дараагийн ялагдлын үндэс байж болно гэж үзэж байна.
-Мэдээж, намын дараагийн дарга хэн бэ гэдэгт намын шат шатны гишүүд анхаарлаа хандуулж байгаа. Тэгэхээр дараагийн намын удирдлагад та өөрөө нэр дэвших үү?
-Би өмнө нь хэлсэн. Намын удирдлага УИХ-ын сонгуулийн үр дүнгээр хариуцлага хүлээсэн. Би бол түр үүрэг гүйцэтгэгч. Дахин нэг дүрмийг тодруулахад өмнөх намын удирдлага нь УИХ-д ялагдал хүлээсэн бол дахин намын удирдлагад нэр дэвших эрхийг нь одоогийн дүрмээр хааж өгсөн байдаг. Тэгэхээр боломжгүй гэсэн үг.
-Хэрвээ өөрчлөлт хийгдвэл?
-Одоохондоо надад тийм бодол алга. Намын даргын сунгаа зарлаад арав гаруй хүн материалаа өгсөн. Энэ хүмүүс бол нэр дэвшигч биш. Зөвхөн материалаа өгөөд нэр дэвшихээ илэрхийлж байгаа юм. Дотоод сонгуулийн хороо материалд хяналт тавьж нэр дэвших үгүйг нь шийднэ. Дотоод сонгуулийн хороо болон Үндсэн дүрмийн хороо руу явуулсан ижил утгатай бичиг дээр намын даргын сонгуулийг ямар ч нөхцөлд орон нутгийн сонгуулийн өмнө битгий хийгээч, энэ сонгуулийн товыг намын удирдлагатайгаа зөвшилцөж байж гаргаач гэдэг асуудлыг хүргүүлсэн байгаа. Тэгэхээр намын шат шатны гишүүд, дарга нар бүх хүчээ орон нутгийн сонгуульд дайчлах хэрэгтэй байна. Энэ удаагийн УИХ-ын сонгууль үнэмлэхүй олонхийг нэг намд өглөө. Ийм нөхцөлд бид хяналтын тогтолцоог сайтар хангах ёстой байгууллага болж байна. Ард түмний, биднийг сөрөг хүчин болгосон сонголтыг бид олонход хяналт тавих үүрэг гэж ойлгож байгаа. Тэгэхээр орон нутагт ч мөн энэ байдал явагдах ёстой.
-Ядаж орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам идэвхийлэн оролцохгүй бол нэг талд хэтэрхий их эрх мэдэл өгөх нь ямар сөрөг нөлөөтэй гэдгийг бид өнгөрсөн хугацаанд харсан. Ээлжит сонгуультай зэрэгцэн Ардчилсан намын нэрээр овоглож байсан намын лидерүүд хууль шүүхийн байгууллагаар шалгагдаад байна. Хэд хэдэн хүнд ч таслан сэргийлэх үйл ажиллагаа аваад байна. Үүнийг хөндлөнгөөс харахад ямар нэгэн байдлаар өс хонзон авч байгаа юм шиг?
-Ардчилал бол хүнд бүх төрлийн эрх чөлөөг олгодог. Манай Ардчилсан нам Монгол Улсдаа олон эрх чөлөөг авч ирснээрээ бахархдаг. Мөн хүний эрхийг тунхаглан зарладаг нам. Ардчилсан нам тэр олон эрх чөлөөг ард түмэндээ үргэлжлүүлэн эдлүүлэхийн төлөө дуугардаг, цаашид ч дуугарна. Энэ бол манай намын үнэт зүйл, үзэл баримтлал. Хууль бол Монгол Улсад өндөр албан тушаал эрхэлж байсан хүн, жирийн иргэн хоёрт тэгш байх ёстой. Энэ бол зөвхөн Ардчилсан намын хэдэн гишүүд шийтгэл аваад байгаа юм биш л дээ. Монгол Ардын намын ч гишүүд шийтгэгдэж байна. Миний хувьд тухайн хүн буруутай л бол хариуцлагаа хүлээх ёстой гэж үздэг. Харин тэгэхдээ тухайн хүнд хувь хүнийх нь эрхийг нь эдлүүлж байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл өмгөөлүүлэх, хамгаалуулах эрх, үзэл бодлоо хэлэх эрхийг нь хүндэтгэн авч үзэж шийдээсэй гэж боддог. Хоёрдугаарт ард түмний дунд “Яагаад шийдэхгүй байна” гэсэн асуудал маш өндөр байна. “Яагаад жирийн ардын асуудал нүд ирмэхийн зуур шийдэгддэг хэрнээ өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн хэрэг замхраад алга болдог юм бэ” гэсэн асуудал байна.
-Намын дотоод хуваагдлын тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Манай хуваагдал нэлээн эртнээс эхлэлтэй болов уу. Магадгүй намын 30 жилийн түүхтэй ч салшгүй холбоотой байж мэднэ. Мөн бид нэг намын тогтолцоотой байсан системийг эвдэж олон намын тогтолцоотой болсон. Олон намын тогтолцоо гэдэг нь ард нь олон хүмүүс л байна гэсэн үг. Тэгэхээр тэр хүмүүсийн дотор үзэл бодол, үнэт зүйлсийн ялгаанууд тодорхой хэмжээнд гарна. Тийм учраас бид 2000 оны сонгуулийн дараа нэгдэл рүү явсан. Нэгдэл маань тодорхой хэмжээнд сайн үр дүн авч ирсэн ч дотроо хуваагдах гэдэг зүйл байсаар л байна.
-Сүүлийн жилүүдэд намаасаа гарах үзэгдэл маш их ажиглагдаж байна. Мэдээж намаасаа гарсан иргэдийг намдаа буцааж авах нь дүрмэндээ ямар байдаг бол?
-Манай намын ялагдлын дараа бүх хүний амнаас гарч байгаа хоёр үг нь эв нэгдэл. УИХ-ын дүнгээр 44 хувийн санал авсан нэг нам 62 суудал авч олонх болж байна. Цаана нь 56 хувийн саналыг бусад намууд болон бие даан нэр дэвшигчид авсан. Тэгэхээр бид эвлэлдэн нэгдэж байж бодлого шийдвэрээ ярихгүй бол дараагийн олон ялагдал бидний өмнө байна гэдгийг энэ тоон утга харуулж байна. Эв нэгдэлтэй байж 56 хувь хүмүүсийн саналыг үнэ цэнэтэй болгож явна.
-Гишүүнчлэлийг эргэн сэргээх асуудал нээлттэйгээр явагдах уу?
-Гишүүнчлэл сэргээх тал дээр эсрэг намаас нэр дэвшсэн бол, гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч уучлал гуйгаагүй бол буцааж сэргээхгүй гээд олон дүрмүүд байгаа. Энэ асуудал дээр ч бид дүрмийн дагуу ажиллана гэдгээ хэлье.
-Орон нутгийн сонгууль удахгүй болох гэж байна. Намын дотоод ажлуудын явц хэр байна?
-Орон нутгийн сонгууль болоход хоёр сарын л хугацаа байна. Энэ хугацаанд бид маш эрчимтэй ажиллах ёстой. Намын хүрээнд дотоод зохион байгуулалтаа хийгээд ажлууд руугаа орсон. Бүх сум болон үүрийн дарга нартайгаа уулзах ажлуудыг хийгээд эхэлчихсэн байна. Төв намын зүгээс орон нутгууд руу тодорхой мөрийн хөтөлбөрийг явуулсан. Түүнчлэн орон нутгийн сонгуульд санхүүгийн асуудал хүнд байдаг. Санхүүгийн асуудал дээр нь мөн тусалж байгаа. Одоогийн байдлаар Ардчилсан намын хийсэн ажлуудыг сурталчлан таниулах олон олон ажлуудыг хийж эхлээд байна. Мэдээж, хугацаа бага учраас бүх зүйлд тааруулж ажиллаж чадахгүй.
-Тэгэхээр эдийн засгийн сэргэлттэй холбоотой төсвийн тодотголыг хийе гэсэн зарчимыг тавиад эхэлж байна. Үүн дээр сөрөг хүчин яаж ажиллаж байгаа вэ?
-Ээлжит бус чуулган наймдугаар сарын 17-нд товлогдохоор төсөл нь явагдаж байна. Энэ чуулганаар ерөнхийдөө үндсэн гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөж байгаа. Нэгдүгээрт 2020-2024 он хүртэл Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бид баталж өгөх ёстой. Ялсан нам бусад намын оновчтой мөрийн хөтөлбөрийг оруулах байх гэж бодож байна. Хоёрдугаарт төсвийн тодотгол дээр анхаарлаа хандуулна. Төсвийн тодотголыг маш алдагдалтай баталсан. Мөн шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг таслан зогсоох тал дээр Ардчилсан нам олон удаа байр сууриа илэрхийлсэн боловч өнөөдрийн хувьд төсвийн тодотголоо хийх гэж байна. Төсөв одоогийн байдлаар хоёр их наяд гаруй төгрөгөөр тасарчхаад байна. Дөнгөж он гараад долоон сар өнгөрч байхад ийм байдалтай байгаа юм чинь үлдсэн таван сард нэмэгдэх л байх. Мөн хамгийн гол эдийн засгийн асуудал бол өрх гэр бүлийн эдийн засгийн асуудал. Гуравдугаарт нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн асуудал орж ирэх магадлалтай байна. Энэ бол шууд орон нутгийн сонгуультай холбоотой. Орон нутагт дараагийн засаглал нь яаж явах вэ, хэн нь удирдах вэ гэдгийг ярилцах хууль орж ирнэ. Эдгээр асуудлууд дээр засаж залруулах, саналаа хэлэх зүйлс маш их байгаа. Эцэст нь хэлэхэд Ардчилсан намын бүлэг, гишүүд өрх гэр бүлийн хөгжил дээр голчилж анхаарч ажиллах зорилготой байгаа.
А.ЗОЛЗАЯА
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 5 )
Ардчилалын лидэрүүд гэгч энэ этгээдүүд Социализмын үед ажилгүй архичин амар хялбар аргаар хулгай булхай луйвараар амьдрах сонирхолтой хүн хогнууд байсан. Баас хатавч өмхийгөө тавихгүйгэгчээр хулгайч нар нь албан тушаал ашиглан Соц үеийн хэллэгээр дансны аргаар хулгай хийгээд тарвалзаж байгаа нөхдүүд
энэ гэж бас худал гар байна.
ODOO AN GEJ BAYKHGUY BOLSON SHUU DEE
Tanai nam ungursun bxaa. Odoo tatan buugdval taarna
Үнэн шүү. Одоо мэдлэг боловсрол,хүнлэг чанар, хүлээцтэй хандлага,баруун, зүүн тархины хөгжил ,шунал, үг ярианы соёл гэх мэтчилэн олон зүйлийг харж сонгохгүй бол АН -ч ойрын 8 жилдээ нилээд хүнд байдалд орсон гэдгийг бас мэдэхгүй цайрайлаад өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв өө. Ойрын 4 жилд 3 дагч нам хурдан өсөж торних магадлал өндөр харагдаж байна, одоогийн нөхцал байдал үргэлжилбэл\n