Арван жилд нийгмийн ухааны хичээл дээр “Нийгэм гэж юу вэ” гэсэн асуултын тодорхойлолтыг маш их үзэж байсан. Хүний нийгэмшиж байр сууриа олдог, бие даасан тогтолцооны нийлбэр гээд л. Гэхдээ одоо миний ойлгож байгаагаар нийгэм гэдэг бол хүнийг үгүй хийж эсвэл амьдруулж чаддаг зүйл юм байна. Миний амьдардаг нийгэм их сонин. Нэгэнтэйгээ харилцдаг биш хэмхэлцдэг. Таньдаг ч бай танихгүй ч бай хэн нэгэн сөрөг үйлдэл үзүүлэхэд бидний сэтгэл угаас эмтэрдэг. 2019 оны статистик мэдээллээр улсын хэмжээнд нийт 18403 хүн амь насаа алджээ. Энэ үзүүлэлтийн 39 хувь нь бусдын гарт амь насаа алдсан үзүүлэлттэй байна. Энэ хүмүүс бие сэтгэлээрээ өвдөж шаналсаар хорвоогоос одсон нь хэтэрхий гунигтай.
Үнэндээ би ч бас айж байна. Харанхуй болсон хойно ганцаараа явахаас, хэн нэгний ярианы сэдэв болохоос, архи уудаг хамаатны айлдаа очихоос, эргэн тойрны хүмүүс минь аюулд өртөхөөс, хэн нэгэн яг одоо бусдад дээрэлхүүлээд уйлж суухаас би айж байна. Автобусны буудал дээр архи ууж буй хүмүүсээс, тэр хүмүүс орой гэртээ очоод эхнэр хүүхдээ зодохоос, хүүхдүүд сэтгэцийн эмгэгтэй болж байгаагаас, сэтгэл гутралаа дийлж чадахгүй амиа хорлох хүмүүсийн тоо ихэссээр байгаагаас би айж байна. Гэхдээ айдастай нийгэм нэг л өдөр наран мандах шиг гэрэлтэн жаргана гэдэгт би итгэсээр яваа. Тэгвэл бид энэ нийгмийг хэрхэн өөрчлөх вэ. Бид дор бүр нь ээ хариуцлагатай, зөв ёс зүйтэй, бие биедээ хүндэтгэлтэй, ухамсартай, зорилготой байж чадвал энэ нийгэм аяндаа цэгцрээд ирнэ. Хүн бүрийн уураг тархи, сэтгэлгээнд энэ ухамсрыг чип шиг суулгахын тулд хүн гэдэг бодгалийг багаас нь зөв хүмүүжүүлэх хэрэгтэй юм. Яг л цэцгийг үндсээс нь арчилж ургуулдагтай ижил.
Сэтгэгдэл ( 0 )