ОЛОН ӨНГӨ: Жинхэнэ брэндтэй болцгооё

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 28

Монгол Улсын байгалийн хосгүй үзэмж, унаган төрх, үндэсний өв соёл дотоод, гадаадын аялагчдыг бишрүүлэхгүй байхын аргагүй. 2019 онд манай улсын улсын аялал жуулчлалын салбараас 607 сая ам.доллар буюу 1.6 их наяд төгрөгийн орлогыг эдийн засагт төвлөрүүлсэн. 2020 онд цар тахлын улмаас байдал хэцүүхэн байгаа хэдий ч дотоодын аялал жуулчлал чамгүй хөгжих боломжтойг харуулж чадсан жил болов. Үүнийг гэр бүл, найз нөхөд, хамаатнаараа нийлж аваад Монгол орныхоо 21 аймгаар хөөртэй хөгжөөнтэй аялж буйгаа нүүр номоор дэлгэх олон жишээнээс харж болно. Тэгвэл ингэж аялж байхдаа та жинхэнэ Монгол брэндтэй таарч байв уу. Аялсан газрын дурсамж, Монгол гэсэн утгийг шингээж, ой тоонд үлдэхээр брэнд бүтээгдэхүүнийг аймгуудаас хайлаа. Ховдын тарвас, Хөвсгөлийн утсан загас, Архангайн ааруул, Булганы айраг, Завханы улаан сонгино, Говийн ноолуур гээд нутаг нутгийн онцлох бүтээгдэхүүн олон бий л дээ. Харин яг зориод бэлэг дурсгалын зориулалтаар худалдаад авчихаар бүтээгдэхүүн ховор байна. Тухайн аймгийн онцлох газраар хөргөгчний наалт сэлтхэн хийж, ээлтэй чулуугаар бугуйвч, ээмэг хэлхэж, амьтны ясаар аяга, халбага хийж, арьсан түрүүвч, даавуун цүнх зэргийг онцлох брэндээ гээд аймаг болгонд зарна.

Ингэхдээ мухар сүсэг тал руугаа хэлбийсэн хятадын хямдхан барааг өндөр үнээр шаглах нь хэтийджээ. Ааруул, ээзгий, өрөм, жимс, айргийг бол аваад идээд дуусна. Брэнд гэдэгтээ нь санал нэгдэнэ. Гэхдээ л аялагчдын ой тоонд үлдэхээр онцгой санаачилгатай, ур ухаанаа шингээсэн нутгийн жинхэнэ брэндтэй болчихвол худалдаж авах гадаадын биш ч дотоодын аялагчид мундахгүй байгаа. Хамгийн гол нь сонин содон, үнэ өртөг боломжийн, эрэл хайгуул хийсэн Монгол брэнд бүтээгдэхүүнээр хятад барааг шинэчилье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top