АНУ-ын Умард Каролина мужийн шоронд хүчингийн хэргээр хилсээр ял сонссон хар арьст Ронни Лонг 44 жилийн дараа суллагдлаа.
Өдгөө 64 настай тэрээр 1976 онд 20 насандаа нэгдүгээр зэргийн хүчин, хүний биед санаатай халдсан хэргээр бүх насаараа хорих ял сонссон юм.
Хэдийгээр хэрэг үйлдээгүй гэдгээ шүүх хуралдааны үеэр хэлж байсан ч хэрэг үйлдээгүй гэдгийг батлах хангалттай нотлох баримт байгаагүйгээс хорих ял оноожээ.
Тухайн үед түүнийг 54 настай эмэгтэйг хүчиндсэн гэж үзсэн юм. Хэрэг үйлдэх үед өөр хотод байсан бөгөөд гэрийнхэнтэйгээ утсаар ярьсан гэж мэдүүлдэг ч үүнийг нь хуралдааны үеэр нотолж чадаагүй байна.
Өнгөрсөн хугацаанд түүний өмгөөлөгч цагаатгах талаар 10 гаруй удаа шүүхэд ханджээ. Гэсэн ч тусыг эс олсон юм. Харин хоёр жилийн өмнөөс Умард Каролина мужийн Прокурорын газраас хэргүүдийг мөрдөн байцаах ажиллагааг сэргээхэд түүний холбогдсон хэрэг багтжээ.
Ийнхүү боломжит хурууны хээ, эд, эсийн дээж зэргийг цуглуулж тухайн үеийн нөхцөл байдалтай харьцуулах судлах замаар гэм буруугүй гэдгийг нь тогтоосон байна.
Умард Каролина мужийн удирдлагууд 44 жилийг шоронд хилсээр үдсэн Ронни Лонгт тэтгэмж олгох, моргейжийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах асуудлыг судалж буй аж.
Эх сурвалж: NBC News
Сэтгэгдэл ( 0 )