Хилсээр шоронд хоригдсон австрали эр 19 жилийн дараа суллагджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 14

Одоогоос 19 жилийн өмнө цагдаагийн алба хаагчийг буудан хороосон хэргээр 1995 онд бүх насаараа хорих ял авсан Девид Ийстман 19 жилийн дараа гэм буруугүй нь тогтоогдож, шоронгоос суллагдахаар болжээ. Шүүхээс түүнийг хэрэгт гэм буруугүйг тогтоон, хийсэн хэргийг нь цагаатган Австралийн Засгийн газраас 4.8 сая ам.долларын нөхөн олговор олгуулахаар болсон байна.

Тухайн цаг үед Австралийн Цагдаагийн газрын ахлах мөрдөгч Колин Уинчестерийн амь насанд халдсан хэргээр бүх насаараа хоригдох ял авч байсан юм. Хэдийгээр түүний өмгөөлөгч шүүх хурал хэтэрхий нэг талыг барьсан, нотлох баримт хангалтгүй байхад хэдхэн гэрчийн мэдүүлгээр нэг хүнд хэрэг тохох гэж байна гэж удаа дараа мэдэгдсэн ч үүнийг огт авч хэлэлцээгүй юм.

Австралийн ABC болон Австралийн арилжааны гурван ч телевиз түүний тухай баримтат кино хийж, гэм буруутай эсэхийг нь шүүхээр дахин хэлэлцэх тухай асуудлыг хөндөж байжээ. Энэ хооронд Девид Ийстманы өмгөөлөгч өмгөөллийн зардлаа 80 хувиар бууруулан өөрийнх нь хэргийг шийдвэрлэхийн төлөө тэмцэж байсан юм. Хийгээгүй хэргийнхээ төлөө 19 жил шоронд хоригдохдоо тэрээр өмгөөлөгчийнхөө хамт 1999, 2000, 2001, 2005, 2008 онд шүүх хурал дахин зарлах хүсэлт тавьж байсан ч хэрэгсэхгүй өнгөрсөөр байжээ.

“Тэр үнэхээр цөхөрсөн. Хийгээгүй хэргийнхээ төлөө бүтэн 19 жилээ торны цаана өнгөрөөхөд гэр бүлийнх нь ихэнх гишүүд нөгөө ертөнцөд оджээ. Түүний алдсан цаг хугацааг хэн ч нөхөж, юу ч орлож чадахгүй” гэж Девид Ийстманы өмгөөлөгч Сем Тьерни ярьжээ.

Австралийн холбооны Цагдаагийн газрын бүрэлдэхүүн 2014 онд өөрчлөгдөж улмаар олон жил үргэлжилж, таван ч удаа хүсэлт тавьсан Ийстманд холбогдох хэргийг дахин нээж, мөрдөх ажиллагааг үргэлжлүүлэхээр болсон юм. Улмаар 2018 оны сүүлээс эхлэн түүний хэргийг хэлэлцсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top