Хилсээр 43 жил хоригдсон хүнд зориулж 1.5 сая ам.доллар цуглуулав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 29

АНУ-д хийгээгүй хэргийн төлөө хилс хэргээр 43 жил шоронд хоригдож, суллагдсан Кевин Стриклэнд гэгчид сайн дурынхан интернетээр дамжуулан нийт 1.5 сая ам.долларын хандив цуглуулаад байна.

1979 онд Кевин Стриклэндэд гурван хүний амийг хөнөөсөн хэргээр бүх насаар нь хорих ял оноожээ. Тухайн үед тэр 18 настай байв. 2021 оны зургаадугаар сард тойргийн прокурор Жексон Жин Питерс Бэйкерийн хүсэлтээр шүүх түүний хэргийг дахин шалгаж, ашигласан нотлох баримтууд алдаатай байсныг хүлээн зөвшөөрсний дараа түүнийг Миссури мужийн шоронгоос даруй сулласан байна. Тэрбээр тус мужийн түүхэнд хилс хэргээр шоронд хамгийн удаан хугацаанд суужээ.

Гэхдээ мужийн хуулийн дагуу зөвхөн ДНХ-ийн шинжилгээгээр буруугүй нь тогтоогдож, цагаатгагдан  суллагдсан хоригдлуудад нөхөн олговор олгодог байна. Стриклэндийн тохиолдолд гэрчүүдийн мэдүүлэг дээр үндэслэн түүнийг цагаатгажээ. Тиймээс түүний өмгөөлөгч интернетээр дамжуулан хандив цуглуулах аян өрнүүлсэн байна. Хандивын аянд 27 мянга гаруй хүн нэгдэж, хандив өргөжээ.

1978 оны дөрөвдүгээр сарын 25-нд Канзас хотод дөрвөн гэмт этгээд 22 настай Шэрри Блэк, 22 настай Ларри Ингрэм, 20 настай Жон Уолкерыг хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. Халдлагын дөрөв дэх хохирогч болох 20 настай Синтиа Дуглас үхсэн мэт дүр үзүүлж, амь гарсан байна. Синтиа Дугласын эгчийн найз залуу, хожим нь Синтиа Дуглас өөрөө сэжигтнүүд дундаас Стриклэндийг зааж, шүүх хурлын үеэр түүний эсрэг мэдүүлэг хоёр ч удаа өгч байжээ. Хожим нь Синтиа Дуглас цагдаагийн зүгээс түүнд дарамт, шахалт үзүүлсэн гэж мэдэгдсэн байна. Дуглас халдлага үйлдсэн дөрвөн этгээдийн хоёрыг нь таньдаг байсан ч үлдсэн хоёрыг нь мэддэггүй байсан аж.

Стриклэнд өөрөө хэрэг гарах үед гэртээ, зурагт үзэж байсан гэж мэдүүлэг өгсөн байдаг байна. Хэргийн газарт түүнтэй холбоотой эд мөрийн баримт олдоогүй. Шүүх хурлын эхний сонсголын үеэр тангарагтны шүүх нэгдсэн шийдвэр гаргаж чадаагүй аж. Тангарагтны шүүхийн бүрэлдэхүүнд орсон нэг хар арьст эмэгтэй түүний талд санал өгчээ. Хоёр дахь сонсголын үеэр зөвхөн цагаан арьстнуудаас бүрдсэн тангарагтны шүүх Стриклэндийг буруутай гэж үзэв.

Түүнээс хойш хэдэн жилийн дараа Синтиа Дуглас “Midwest Innocence Project” байгууллагад хандан, мэдүүлгээ өөрчлөхөд нь туслах хүсэлт тавьжээ. Дуглас мэдүүлгээ албан ёсоор эргүүлэн татаж чадалгүйгээр 2015 онд өөд болжээ. Гэсэн хэдий ч түүний ээж, эгч, охин болон найз нар нь Дуглас буруу хүнийг сонгосон гэдэгт илтгэлтэй байсан гэж шүүхэд мэдүүлсэн байна. Халдлагад оролцсон хоёр этгээд ч мөн Стриклэнд хамт байгаагүй гэж хожим нь мэдүүлж байжээ.

Ийнхүү Кэвин Стриклэнд торны цаана нийт 15487 хоног өнгөрүүлсний дараа суллагдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top