АНУ-ын давж заалдах шатны шүүх Эдвард Сноудены илчилсэн утасны ярианы мета өгөгдлийг цуглуулах хөтөлбөр нь хууль бус байсныг хүлээн зөвшөөрчээ. Шүүхийн энэ шийдвэрийг Сноуден сайшаасан байна.
Олон улсын терроризмтой тэмцэх нэрийдлээр утасны ярианы талаарх мэдээлэл цуглуулах нь АНУ-ын Үндсэн хуулийн дөрөвдүгээр нэмэлт өөрчлөлтийг зөрчиж байна гэж шүүхийн шийдвэрт онцолжээ. Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр үндэслэлгүйгээр нэгжлэг хийх, баривчлахыг хориглосон ба нэгжлэг хийх зөвшөөрлийг хангалттай үндэслэлтэй тохиолдолд зөвхөн шүүх олгох тухай заажээ.
Эл хөтөлбөр хууль зөрчсөн эсэх асуудлыг шүүх гадаадын алан хядагчдад 11 мянган ам.доллар шилжүүлсэнимй төлөө ял авсан Сомалийн дөрвөн иргэний давж заалдсаны дагуу хэлэлцсэн юм. Тэд хууль бусаар иргэдийг тандах хөтөлбөрийг ашиглан тэдний эсрэг нотлох баримтыг олж авсан гэж мэдэгдэж байжээ. Ингэхдээ шүүх тухайн хэрэгт эл хөтөлбөрийн хүрээнд олж авсан мэдээлэл яллах дүгнэлтэд үүрэг гүйцэтгээгүй гэж үзсэн байна.
Америкийн иргэдийн эрх чөлөөний холбоо шүүхийн энэ шийдвэрийг сайшааж, Үндэсний аюулгүй байдлын агентлаг америкчуудын утасны мэдээллийг хууль бусаар цуглуулдаг байсныг давж заалдах шатны шүүх тогтоосон нь хувийн мэдээлэлтэй байх эрхийг хамгаалах үйл хэрэгт байгуулж буй ялалт юм гэж мэдэгджээ.
“Долоон жилийн өмнө үнэнийг хэлсний төлөө намайг буруутгаж байхад Үндэсний аюулгүй байдлыг агентлагийн үйл ажиллагааг манай шүүх хууль бус гэж хүлээн зөвшөөрч, энэхүү үйлдлийг илчилсэн миний гавьяаг хүлээн зөвшөөрөх тэр өдрийг үзнэ гэж би төсөөлөөгүй” гэж Сноуден өөрийн твиттертээ жиргэжээ. Эдвард Сноуден Америкийн тусгай албадын иргэдийг тандах нууц хөтөлбөрийг илчилсний дараа нийгэмд болон Конгресст ширүүн хэлэлцүүлэг өрнөсөн. Улмаар 2015 онд Конгресс иргэдийн мета өгөгдлийг цуглуулахыг хориглосон хууль баталсан билээ. Түүнчлэн, тусгай албад мета өгөгдөл ашигласан тохиолдолд энэ талаар тайлагнаж байхыг үүрэг болгосон юм. Нууц хөтөлбөрийг илчилснийхээ дараа Сноуден Хонконг руу зугтаан, тэднээсээ ОХУ-д ирж, түр орогнох зөвшөөрөл авсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )