1940-өөд оны сүүлээр Баруун болон Зүүнд ихээхэн дуулиан тарьсан хайрын түүхийг өгүүлье. Тэд “Өөр ертөнцийн” хүмүүс ч бие биенээ хайрлахад нь юу ч саад болоогүй...
Танилцахаас өмнө
Ханхүү Али Хан нь аль нэгэн улсын хааны хүү биш ч түүний аав султан Ага Хан III нь исламын шашны нэгэн урсгалын тэргүүн, 20 сая орчим мусульманыг захирдаг хүн байв. Гэхдээ түүний гэр бүл европ хэв маягийн амьдралтай байлаа. Тэд дэлхийгээр аялна. Ханхүү Али Хан Италид 1911 онд төржээ. Тэрээр морь унаж, зэрлэг амьтан агнаж, мөрийтэй тоглож, хүүхэн эргүүлдэгээрээ алдартай байв. Түүний хамгийн агуу хайр нь Америкийн алдартай жүжигчин Рита Хейворт юм.
1918 онд төрсөн Рита ханхүүтэй танилцахдаа аль хэдийнээ алдартай нэгэн болсон байжээ. Олон алдартай кинонд тоглосон бүсгүй “Гильда” (1946) киноны дараа жинхэнэ “хайрын бурхан” болсон байлаа.
Танилцсан түүх
Али Ханы олон сонирхол дунд кино ч ордог байжээ. Ханхүү 1948 онд “Гильда”-г үзээд Ритатай гэрлэхээр шийдэв. Тэрээр Ритаг хоёр дахь нөхөр, найруулагч Орсон Уэллсээсээ салсныг нь мэдээд Францын Ривьерт ирж, түүнтэй уулзах боломжийг хайжээ. Али Хан өөрөө гэрлэсэн байсан нь ч саад болсонгүй.
Сэтгэл татам ханхүү Ритад таалагджээ. Тэд юунаас ч эмээлгүй цагийг хамтдаа өнгөрүүлэх болов. Али Хан Ирланд руу явах хэрэгтэй болоход Рита түүнийг Францад хүлээж үлджээ. Ханхүү дурлалт бүсгүйдээ өдөр бүр цэцэг илгээнэ. Буцаж ирээд жүжигчин бүсгүйг нөлөө бүхий найзуудтайгаа танилцуулахаар хэд хэдэн том үдэшлэг хийв. Ханхүү Ритаг Мадрид руу авч явлаа.
Албан ёсоор гэрлэсэн нь
Али Хан удалгүй түүнд гэрлэх санал тавихад Рита татгалзаж, Холливуд руу нөхөр, охин руугаа буцжээ. Ханхүү түүний араас ирж, бүсгүйн гэрийн эсрэг талын байшинг хөлслөн суусан гэдэг.
Шашны лидер Ага Хан III хүүгээсээ Ритагаас салахыг шаардсан ч бүсгүй жирэмсэн болсон байжээ. Ага Хан тэдэнтэй уулзаж, гэрлүүлэхээр шийдэв. Рита татгалзаж чадаагүйн учир нь 1940-өөд онд гэрлээгүй хүнээсээ хүүхэд төрүүлэх нь олон нийтийн шүүмжлэлтэй тулгардаг байв. Яаралтай хурим 1949 оны тавдугаар сарын 29-нд товлогдсон нь жүжигчин бүсгүйг сандаргажээ. Өөр шашинтай нөхөр, түүнд дуртай биш хадмуудаас эмээсэн Рита хуучин нөхрөө дуудаж, түүнтэй дахин гэрлэхийг хүссэн ч татгалзсан хариу авав. Бүсгүйд өөр сонголт байхгүй тул хүүхдийнхээ эцэгтэй гэрлэхээс өөр аргагүй болжээ. Ханхүү ч эхнэрээсээ салав. Тэдний хуримд 500 гаруй зочин ирсэн байна.
Охин ба шинэ асуудлууд
Рита 1949 оны арванхоёрдугаар сарын 28-нд охин Ясминаа төрүүлжээ. Ханхүүгийн гэр бүл Ритагаас жүжигчний карьераа дуусгахаас гадна шашнаа солихыг шаардсан байна. Али Хан охиноо мусульманы ёс заншлаар өсгөхийг хүсжээ. Рита өөр олон зүйлийг зөвшөөрсөн ч уг шаардлагыг эсэргүүцэв. Үүнээс гадна Али Хан хуримынхаа дараа Ритатай танилцахаас өмнөх чөлөөт амьдралаараа амьдарч, зугаацах болжээ. Үүнийг мэдсэн эцэг нь Рита, Али Хан нарыг Африкаар гурван сар аялалд явуулсан ч ханхүү засрахыг хүсээгүй учир Рита Холливуд руугаа буцаж, эргээд кинонд тоглох боллоо.
Бүсгүйчүүдэд хаягдаж үзээгүй Али Хан ууртай байв. Тэр Ритагаас охиноо хулгайлж авахаар оролджээ. Бас Ясмин мусульманы ёсоор өсөх, жил бүр Пакистанд амрах зөвшөөрлийн хариуд их хэмжээний мөнгө санал болгосон ч Рита татгалзав.
Тэдний салах үйл явц жил гаруй үргэлжилж, 1953 онд дуусжээ.
Дараа нь
1957 онд мусульман-шиитүүдийн тэргүүнээр Али Хан бус түүний хүү Карим сонгогдов. Эцэг нь ийм маягаар Алиг зохисгүй амьдарсных нь төлөө шийтгэжээ. Али Хан 1960 онд автомашины ослоор амиа алдсан байна. Түүний сүйт бүсгүй амьд үлдсэн ч тээж байсан хүүхдээ алджээ.
Харин Рита Али Хантай дахин уулзаагүй ба түүнээс салсан 1953 ондоо жүжигчин Дик Хеймстэй гэрлэж, кино урлагтаа эргэн иржээ. Дараа нь бүсгүй Жеймс Хиллтэй гэрлэсэн ч олон жилийн турш жүжигчин Гленн Фордтой уулзсан гэгддэг. Рита Хейворт 1987 онд олон жил Альцгеймерийн өвчнөөр шаналсныхаа дараа зүрх нь зогсож нас эцэслэжээ.
Сэтгэгдэл ( 5 )
Soliorood uhej
Uneheer uzesgelentei huchtei setgel tataj chaddag busgui baij dee uuriin gesen uzel bodoltoi uchraas yamar ch eriin erhsheeld orolgui uldej chadsan baihdaa
Zavhai bval iim l tavilan huleej bn da ali ch niigemd
2 teneg gar. er em zavxai xund garuud.ķ
Янхан л бсан байна