Италийн өндөр настан эмнэлэгт буй эхнэртээ зориулж серенада тогложээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 13

Италийн Кастель Сан Жованни хотын нэгэн эмнэлэгт хэвтэж буй эхнэртэйгээ уулзах боломжгүй болсон 81 настай Стефано Бочини гэгч өндөр настан эхнэрийнхээ хэвтэж буй өрөөний цонхон доор ирж, серенада тоглож өгчээ. Энэхүү сэтгэл хөдөлгөм агшныг тэднийг хүү Маурицио дүрсжүүлсэн нь интернетэд түгээд байна.

47 жил ханилж буй эхнэр Карла Закки хоёрдугаар давхрын цонхоор харах үед Стефано хайрын дуу аккордион хөгжмөөр цоглог тоглож байжээ. Тэрбээр Энгельберт Хумпердинкийн “Испанийн нүд” дуугаар эхэлж, эхнэрийнхээ дуртай дуунуудыг тоглосон байна.

Улаан цамц, хар хөх өмд, өдтэй малгайгаар гангарч, амны хаалт зүүсэн Бочини серенадагаа дуусгасны дараа эхнэр рүүгээ гараа даллаж буй нь дүрс бичлэгт үлджээ.

Хэдийгээр тус эмнэлэг коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийг хүлээн авдаггүй ч аюулгүй байдлын үүднээс эргэлт оруулахыг хоригложээ. Италийн ANSA мэдээллийн агентлагийн мэдээлснээр,  Бочини Италийн армийн Альпын уулсын явган цэрэгт алба хааж байсан бөгөөд түүний өмссөн өдтэй малгай нь Альпын уулсын явган цэргийн дүрэмт хувцас гэнэ. Аккордион хөгжим тоглох дуртай Бочинийг цэргийн ангийнх нь “Альпын Жанни Моранди (Италийн нэрт хөгжимчин)” гэж хочилдог байсан гэнэ. Стефано Бочини эхнэр Карла Заккитай 1973 онд гэрлэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top