Сонгогчид боловсролтой байж ПАРЛАМЕНТ төлөвшинө

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 16

Өдгөөгөөс 30 жилийн өмнө орчин цагийн байнгын ажиллагаатай парламент үүд хаалгаа нээсэн хэмээн үздэг.  Монгол төрийн тогтолцоонд нэгэн шинэ хуудас нээж эхэлсэн цагаас хойш бид найм дахь парламентаа бүрдүүлэн ажиллаж байгаа ч парламент төлөвшсөн эсэхэд эргэлзсэн хэвээрээ байна. Хүний амьдралын 30 жил гэдэг асар урт хугацаа ч ардчилал шинэ тутам хөгжиж байгаа манай улсын төрийн тогтолцоонд бол 30 жил гэдэг тийм ч урт хугацаа биш учраас ийн эргэлзэхэд хүргэдэг болов уу.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Улсын Бага Хурал болон найман удаагийн парламентад давхардсан тоогоор 676 хүн гишүүнээр сонгогдож ажилласан. Өөрөөр хэлбэл 676 хүн ардчилсан Монгол Улсад мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийг санаачлан, баталж, хэрэгжүүлжээ. “Сайнтай муутай сав дүүрдэг” хорвоогийн учраар үе үеийн парламентад болох болохгүй гол дүрүүд байсаар ирсэн. Лидер гэж болохуйц улстөрчид ч байсан. Нэгэнт л сонгогч түмний итгэл үнэмшлээр парламентын гишүүн болдог учраас ард түмэн хэнд ч хэрэггүй хүнийг ч илгээж байсан нь ойлгомжтой. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд парламент мэргэ­шихээсээ илүүтэй драм талдаа ойлгогдох хандлага ч цухалзах болсныг судлаачид өгүүлж буй.

Уран сайхны кино доройтож, телевизүүдэд ч сайн контент эрс цөөрсөн энэ цагт УИХ-ын чуулганы хуралдаан юу юунаас үнэ цэнтэй зүйл болохдоо тулжээ. Олон нийт чуулганы хуралдааныг уурлаж бухимдаж, инээж, гуниж, ичиж гээд яг л уран сайхны кино шиг үздэг болсон байна. Манай УИХ-д гоё сайхан дүрүүд ч байлаа. Ерөөсөө парламентаас ил далд утга санаатай, уран сайхны хэтрүүлэгтэй, гоо зүйтэй, аймшгийн бол аймшгийн гээд ямар ч киноны дүр зургийг үзэж болно. Энэ талаас нь харвал парламент төлөвшөөгүй байна гэж болно. Мөн нэг зүйл нь гэвэл УИХ-ын гишүүд маань сонгогчдод таалагдахын тулд жүжиг тавьдаг, популизм хийдэг нь ч үүнд нөлөөлнө. 

Харин 2020 оны УИХ-ын сонгуулиар төр, нийгэмд хэргээр бага ч телевиз үзэгчдийг байлдан дагуулж байсан зарим нөхдүүд бүдэрснээр үзэж харах зүйлгүй парламент бүрдсэн нь баахан уйтгартай гэх хүн цөөнгүй бий. Үүнээс дүгнэхэд иргэд олон нийт Төрийн эрх барих дээд байгууллага гэж харахаасаа илүүтэй нэгэн төрлийн зугаа цэнгэл төдийхнөөр харж байгаа нь боловсроогүй байгааг харуулна. Боловсорсон сонгогчидтой бол аяндаа төлөвшсөн парламент бүрдэнэ гэсэн ухагдахуун гарч ирж байна. Тухайлбал, залуусаас Ж.Батзандан, О.Баасанхүү, С.Жавхлан, ахмадуудаас Ц.Нямдорж, С.Эрдэнэ гээд олон хүн байхгүй болохоор уйтгартай гэх ч хүмүүс байна. Монголын төрд 30 жил дээд түвшинд алба хаасан ч тийм гээд хэлчих гавьяагүй нэгнийг, УИХ-д хоёроос дээш удаа сонгогдон ажиллахдаа олны өмнө, индэр дээр зөвхөн өөрийгөө байлгахын төлөө ажилласан популистуудыг үгүйлж байна гэдэг нь аанай л мэдээ мэдээллийн чанартай ангилал, боловсрол дутаж байгааг давтан давтан  хэлээд байгаа хэрэг. 

Нөгөө талаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдаас гадна Засгийн газрын гишүүн дөрөвхөн гишүүн УИХ-ын гишүүнээр хавсран ажиллахаар болсон. Тиймээс “чуулган” хэмээх уран сайхны киног хэт сулруулж, зарим талд зангараг алдагдаж байна. Урьд өмнө “Давхар дээл”-тэй нөхөд чуулганы хуралдаан дээр их л аархуу харагддаг байв. Олуулаа ч байв. Төсөв мөнгөнөөс эхлээд аливаа асуудал хэлэлцэх үеэр тэнд томоохон давлагаа өрнөж, энэ хэрээр Байнгын хороо, чуулганы хуралдаан дуулиан дунд болдог. Тодотгож хэлбэл, тэдний дунд тойрогтоо төсөв хөрөнгө татах, тендер халамж хуваах гэх мэт олон зүйл дээр бүлэг дундын тохироо ил гарч хэрэлдэх, будилах нь зугаатай байсан болов уу. Далд утга санаа бүхий киног эндээс л харж болохоор байсан нь худлаа биш.

Гол дүр ихэнхдээ О.Баасанхүү, С.Жавхлан гэх мэт цөөн хүнээр өртөөлөх ба дамжина. Ямар танхимд ямар үүрэгтэй сууж байгаагаа мартах дүр ч бий. Бусдыг загнах гээд өөрөө хэн ч биш болтлоо загнуулах дүр ч бас байна. Юу эс мундах билээ. Үе үеийн парламентад сонгодог дүрүүд байсаар ирсэн нь арай ч алдагдсангүй. Ядахад л “Босоо” С.Ганбаатар, “Бидон” Д.Ганбат нараас эхлээд шинэ дүрүүд ахин тодорч, энэ намраас жүжиглэж эхлэх болов уу. Олон нийт ч тэднийгээ сонгож, одоо сонсож байгаагаас харахад боловсорч төлөвших тухай яриагаа улам лавшруулах шаардлага байна.    

Үүнээс өмнө чуулганы танхимд боов боорцог гаргаад тухалдаг, батлагдсан хуулийн хойноос завсарлага авах гэж эргүүтдэг гишүүн ч байв. Өдгөө ч улиран ажиллаж байна. Айлд богино өмдөө мартсанаа Төрийн ордонд мэдээлчихдэг гишүүн ч байв. Ичимдэг эрхтнийхээ зургийг аваад нийгмийн сүлжээнд тараадаг гишүүн гарч ирж л байв. Жалга дов төдийгүй, хүргэн бэр хэмээн талцах ч нөхөд байв. Энэ бол өнөөх л төлөвшөөгүй парламентын гишүүдэд байх ёстой дүр зургуудын нэгээхэн хэсэг. Бүрэн улсын Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн Төрийнхөө ордонд энэ мэт зуугуул мэдээлэл хийгээд зогсож байгаа нь их л дорой байгааг илтгэнэ.

Чуулган тэр чигээрээ мэргэжлийн урлагийн байгуул­лагын нэгэн сүүдэр тусгал, сонирхогчдын театр гэлтэй явж ирсэн нь нуух зүйл биш. Парламентыг сонирхолтой болгож байсан бүх цаг үеийн гол дүр бол “фортуна” Н.Батбаяр гээд сонин хачин дэлгэсэн ч болно. Байнгын хороо, УИХ, Засгийн газрын гээд бүхий л хуралдаанд тэнгэрийн улаач болсон гишүүн маань байнга л уран зөгнөл ярих нь муухан зохиолоос ч илүү сонирхолтой, бас солиотой санагдана. Гавьяат эдийн засагч Н.Батбаяр нь Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа шинжлэх ухааны талаасаа гэхээсээ илүүтэй билэгдлийн тоо ярих нь элбэг байв. Ер нь хаа хамаагүй гэнэт бодит байдлаасаа алсарч эрүүл бус сэтгэлгээтэй болдог. УИХ-ын чуулганы хуралдаанд согтуу ирж, УИХ-ын даргад агсам тавина. Гэнэт гишүүдийн карт суглаад танхимаас зугтана. Байсхийгээд л 99, 888, 33 гэх зэргээр бэлгэдлийн тоо ярьж, шинжлэх ухаанчаар хандах учиртай Төрийн ажлыг шашны зан үйлтэй холбоно. Гагцхүү ийм дүрүүдийг сонгож байгаа ард түмэн байгаад л анхаарах хэрэгтэй.

Гэхдээ үе үеийн парламентад энэ мэт дүрүүд цөөнгүй байгааг л жишээлэн дурдаж байгаа болохоос бус Монгол Улсын Хууль тогтоох дээд байгуулага тэр чигээрээ популистууд, согтуучуудаар дүүрсэн хэрэг биш. Шинэ Монгол Улсыг цогцлоон байгуулахад үнэ цэнтэй хувь нэмрээ оруулсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Хамгийн анхны гэж болох ажил нь Улсын Бага Хурлаас өргөн барьсан шинэ Үндсэн хуулийн төслийг Ардын Их Хурлын депутатууд 76 хоног өдөр, шөнөгүй хэлэлцэж, 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр баталснаар Монгол Улс ардчиллын замаар эргэлтгүй замнасан, парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс болсон түүхтэй юм шүү.

Хамгийн отгон түүхэн явдал гэвэл сүүлийн 20 гаруй жилийн турш, гурван парламент дамжин яригдаж, дөрвөн ч удаа төсөл өргөн баригдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ таван сарын турш, 158 хоногийн хугацаанд тасралтгүй хэлэлцэж, улс орон даяар олон удаагийн хэлэлцүүлэг өрнүүлэн нийгмийн бүх талын зөвшилцлийг хангаж, нийт иргэдийнхээ санаа бодлыг тусгаж шингээсний үндсэн дээр 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар гишүүдийн 100 хувийн саналаар баталсан байдаг.

Үүнээс гадна бидний өдөр тутам мөрдөж хэрэглэж байгаа энэ хууль тогтоомжийг парламентаас л эцэслэн гаргадаг. Тэгэхээр бид парламент төлөвшсөн эсэх тухай ярихаасаа өмнө сонгогч түмнийхээ боловсрол, тэдний мэдээлэлд өөрчлөлт хийх цаг нь ч болсон. Сонгогчдын мэдээ мэдээлэл чанаржиж, боловсрол дээшилж гэмээнэ хүссэн хүсээгүй сайн цаг ирнэ.

ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top