Сүхбаатар аймагт “Хүүхдээс мэдүүлэг авах өрөө” байгуулж, хүүхэд төвтэй үйлчилгээг эхлүүлжээ. Тус өрөө нь хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлж, дуу дүрсний стандарт хангасан тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байна. Ингэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хүүхэд цагдаад заавал очихгүйгээр, тайван орчинд мэдүүлэг өгөх нөхцөл бодитоор бүрдэж байгаа аж.
Хүүхэдтэй ажиллахад зориулсан тусгай орчныг бий болгосноор мэдүүлэг авах үеийн сэтгэлзүйн ачааллыг бууруулах, хүүхдийн эрх ашгийг нэн түрүүнд хангах зорилгыг онцолжээ.
Тоноглолын хувьд өндөр нягтралтай таазны болон хөдөлгөөнт хоёр камерыг суурилуулсан нь орчны хяналт, баримтжуулалтын шаардлагыг хангах шийдэл болж байгаа юм.
Тохижилтын санхүүжилт нийт 30.5 сая төгрөг бөгөөд үүний 20 сая төгрөгийг Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газар олгож, үлдсэн хэсгийг бусад эх үүсвэрээр бүрдүүлжээ.
Тус аймагт 2025 онд 38, 2026 оны эхний таван сард 27 хүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ. Энэ тоо нь хүүхэдтэй холбоотой хэргийг шалгах, хянан шийдвэрлэх явцад хүүхдээс мэдүүлэг авах хэрэгцээ байгааг харуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )