Ц.Самдан: Монгол аргаар боловсруулсан сур эдэлгээ сайтай байдаг

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 17

Дорнод аймгийн Чойбалсан хотын Бунханы малын бойнд “Галт наран Өргөө” ХХК арьс, шир боловсруулах үйлдвэр бий. Ганц дайчин ганцаардахгүй гэгчээр бүхий л ажлаа өөрөө гардан хийж, тоног төхөөрөмжөө ч өөрөө зохион бүтээдэг ажилч, хөдөлмөрч нэгэн эрхмийг өнөөдрийн дугаартаа онцоллоо. Түүнийг Цэцэгдэлгэрийн Самдан гэдэг. Малын түүхий эд үнэгүйдэж байгаа энэ үед баялаг бүтээх гэж зорьж буй түүнтэй ярилцлаа.


 

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Цэцэгдэлгэрийн Самдан гэдэг. Одоо 44 настай.  Дорнод аймгийн Сэргэлэн сумынх. Эхнэр таван хүүхэдтэйгээ амьдардаг. Сургууль соёлоор мэргэжил эзэмшээгүй ч малчин амьдралаас өвлөсөн жаахан мэдлэгээрээ амьдраад л байна.

-Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэртэй болох санаа анх яаж төрсөн бэ?

-Монгол Улс жилд 16 сая мал нядалж, нийт арьс ширний 80 хүрэхгүй хувьд нь анхан шатны боловсруулалт хийдэг. Үлдсэн 15 хүрэхгүй хувьд нь гүн боловсруулалт хийж, дотооддоо борлуулдаг. Улсын хэмжээнд ядаж аж үйлдвэрийн нэгдсэн нэг цогцолбор байгуулчихвал арьс ширээ 100 хувь бүрэн боловсруулж экспортлох боломжтой. БНХАУ нэгдсэн төлөвлөгөөний дагуу аж үйлдвэрийн паркуудаа хөгжүүлдэг. Монгол Улсад аж үйлдвэрийн паркгүй байхад урд хөршид газар нутгаа 164 бүсэд хувааж 6600 гаруй аж үйлдвэрийн парк үйл ажиллагаа явуулж байгаа нь эдийн засгийнх нь гол хөдөлгөгч хүч болж байгаа юм. Бидний эцэг өвгөд "Малаас хаях юм байхгүй" гэж хэлдэг байлаа. Бүгдийг нь өөрсдийн гараар элдэж боловсруулж, аж амьдралдаа хэрэглэх бүтээгдэхүүн гарган авдаг байсан шүү дээ. Тиймээс энэ үнэт зүйлийг баялаг болгохын тулд  2017 онд Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвийн нэхий боловсруулах дамжаанд сурсан. Дараа нь “Монгол шивро” ХК-д ажиллаж эхэлсэн. Одоо Дорнод аймагт шилжин үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

-Арьс, шир, нэхий боловсруулахад, хэцүү зүйл юу байдаг вэ. Юун дээр анхаарах шаардлагатай вэ?

-Тоног төхөөрөмжөө өөрөө хийж байгаа. Хүнд нөхцөл гэдэг утгаараа тохирох ажлын байр, ажиллах хүч дутмаг байдаг. Мөн  нэхийний анхан шатны боловсруулалт, нэхий хэрхэн бэлтгэх талаар малчдад зөвлөгөө мэдээлэл, сургалт явуулах шаардлагатай байдаг. Хэцүү гэж нугаралгүй өөрсдийн юмаа үнэ цэнтэй болгож байгаа залуусын жишээ олон байна. Жишээ нь, дэлхийн зах зээлд 1200 ам.доллар хүрдэг үхрийн арьсан дэвсгэрийг герман, турк технологиор Монголдоо үйлдвэрлэж чадаж байна шүү дээ. Арваннэгдүгээр сараас нэгдүгээр сар хүртэл монгол үхрийн арьс зузаан, үс нь хамгийн урт буюу 5-8 см торгомсог байдгаас гадна арьс нь үсээ унахаас сэргийлсэн нягт байдаг учраас үс нь  унадаггүй. Бусад үйлдвэрийн үхрийн үс нь нэг дор 1- 3 өнгө хосолсон байдаг бол монгол үхэрт 7-8 төрлийн байгалийн өнгөтэй байдаг нь орчинг байгалийн мэт дулаан, тансаг үзэмжтэй харагдуулдаг. Мөн мал нядалгааны үеэр арьсыг гэмтээхгүй, цэвэрхэн хийх нь чухал. 

-ХХААХҮ-ийн яамнаас  түүхий эдийг боловсруулах талаар шинэ төсөл хэрэгжүүлээд байна. Орон нутагт хүртээмж нь хэр байна вэ?

-ХХААХҮ-ийн яам болон НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, олон улсын чанар стандартад нийцүүлэх төсөл хэрэгжиж байгаа юм билээ.  Энэхүү төслийн хүрээнд хонины ноосыг машинаар хяргах, бог, бодын арьсыг эсгэлгүйгээр хуулах төхөөрөмжийг НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын зураг төслөөр монгол инженерүүдийн ур ухаан шингээн зохион бүтээсэн юм билээ.  Олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бүрдэнэ.  Аймаг орон нутагт дэлхийн жишигт нийцсэн гадны үйлдвэрийн туршлага,  техник технологийн дэвшлийг нэвтрүүлсэн арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах нэн тэргүүний ажил л даа.

-Дорнод аймгийн хувьд малын гаралтай түүхий эдийг экспортлох тал дээр хөрш улстай хил залгаа учир давуу талтай. Энэ давуу талаа боломж гэж харж байгаа байх?

-Дорнод аймгийн хувьд арьс нэхий боловсруулах жижиг үйлдвэр байгуулах малын ашиг шимийг нэмэгдүүлэх, үүлдэр угсааг сайжруулах тал дээр цогц бодлого боловсруулах хэрэгтэй байна. Хил залгаа хоёр хөрш улстай манай аймгийн хувьд энэ чиглэлээр хамтран ажиллах, бэлэн бүтээгдэхүүн гаргах тал дээр хөнгөлөлттэй нөхцөлөөр ярилцах боломжтой. Үүнийг аймаг, орон нутгийн удирдлага анхаарах биз дээ. Түүхий эд боловсруулах үйлдвэрийн хөгжилд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр, захирагчийн орлогч О.Пүрэв-Очир, Иргэдийн хурлын төлөөлөгч Р.Зоригтбаатар нар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.

-Түүхий эдээ хэдэн төгрөгөөр авч боловсруулдаг вэ?

-Яг үнэнийг хэлэхэд хонины нэхий үнэгүйдсэн. Үхрийн ширийг арьс ширний ченжүүдээс би 10 мянган төгрөгөөр авдаг.  Одоогоор манайх бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс хямд борлуулж байна. Учир нь сурын  хэрэглээг нэмэгдүүлэх сонирхол байна.  Зах зээлийн ханшаар сурын үнэ 5-6 мянган төгрөг байдаг бол манайх  нэг метр сураа  гурван мянган төгрөгөөр борлуулдаг.  Нэг хурганы арьсыг таван мянган төгрөгөөр элдэж өгдөг. Мөн нэг хурганы арьсыг нь манайх авах нөхцөлтэйгөөр гурван хурганы арьс элдэж өгдөг.

-Арьс, шир боловсруулахад  шат дамжлага тоног төхөөрөмж, бодис гээд зардал их ордог уу?

-Мөнгө санхүүгийн асуудал бэрхшээлтэй хэдий ч зээл тусламж одоогоор хөөцөлдөөгүй байгаа. Учир нь, одоохондоо боловсруулалтын тал дээр туршлага хуримтлуулж байна. Үйлдвэрийн аргаар боловсруулахад орчин нөхцөл маш их нөлөөтэй. Төвийн дулаан, ус, бохиртой холбогдсон байгууламж  шаардлагатай байдаг.  Арьс шир боловсруулахад химийн бодис их ордог тул асуудал их. Харин монгол аргаа цахилгаан тоног төхөөрөмжтэй хослуулах хэрэгтэй. Жишээ нь, нэхий бүрэн боловсруулах үе шат гэхэд 15 орчим хоног, ширийг сур болгож бэлдэхэд 20 орчим хоног болно. Одоогоор монгол аргаар боловсруулж байгаа сур нь эдэлгээнд маш сайн тохирдог. Өөрийн гараар хийсэн цахилгаан төхөөрөмжөөрөө л ажиллаж байна даа.

-Боловсруулсан бүтээгдэхүүнээрээ юу, юу хийж байна вэ?

-Маш олон төрлийн бүтээгдэхүүн бэлтгэж болно. Нэхийгээр хөдөө явахад хэрэглэх дэвсгэр гудас, машин мотоциклийн нударга, суудлын бүрээс, аяллын хөнжил, хүүхдийн дэвсгэр, өлгий, дээл, пальто үйлдвэрлэж болдог. Манай найзууд миний бэлдсэн нэхийгээр маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна. Арьс ширээр гэхэд сур, тэлээ, цүнх, түрийвч,  гутал, аяны богц, айрагны хөхүүр гээд тоочоод  барагдахгүй олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно. Манай үйлдвэр ширээр сур хийхээс гадна  үстэй нь элдэж дэвсгэр болгохоор ажиллаж байна. Бас  үсийг нь аваад зураг зурах ч боломжтой. Манай бүтээгдэхүүнд хүмүүс сэтгэл ханамжтай байдаг. Захиалга их ирдэг ч хүний нөөц хүрэлцдэггүй. Өдөрт 35 мянган төгрөгөөр ажиллуулъя гэхээр залуус ажил голоод ирдэггүй.

-Түүхий эд үнэгүйдэж, хаягдаж байна. Үйлдвэрлэгч хүний хувьд та юунд их эмзэглэдэг вэ?

-Малаас хаях зүйл гэвэл амьсгал л байна. Уул уурхайн салбар хөгжиж цэцэглэж байгаа ч буянт малынхаа энэ их буяныг эх орондоо боловсруулах тал дээр төр маань дорвитойхон шийдвэр гаргаасай л гэж хүсэж бас  эмзэглэж байна даа.

-Цаашид үйлдвэрээ өргөжүүлэх ямар төсөл хөтөлбөр хийх бодолтой байдаг вэ?

-Цаашид буянт малынхаа түүхий эдийг хаяхгүй илүү олон төрлөөр  боловсруулж баялаг болгохыг мөрөөдөж явдаг. Хүн хүсээд, хийж л байвал “Галтнаран Өргөө” ХХК магадгүй зүүн бүсийн арьс шир боловсруулах үйлдвэрийн төв болохыг үгүйсгэхгүй шүү дээ. Итали улс 16 сая малтай хэр нь  нэг арьсыг бүрэн боловсруулахад дөрвөн  евро, нэг арьсаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 40 евро, жилд 50 тэрбум еврогийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, орлого олдог.  Гэтэл манай улс 70 сая гаруй малтай хэр нь нэг арьсыг бүрэн боловсруулахад 25 цент ч хүрэхгүй орлого буюу жилд 46 тэрбум төгрөгийн орлого олдог. Бидэнд Итали шиг эдийн засгаа хөгжүүлэх бүрэн боломж бий. Ингэхийн тулд малаа эрүүлжүүлэх, арьс шир бэлтгэх, боловсруулах, экспортлох нэгдсэн цогц бодлогыг хэрэгжүүлэх боломжтой. Арьс ширний цогцолбор барих ажлыг нэн яаралтай урагшлуулах цаг болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тэнгэр Мөнх(202.21.109.91) 2022 оны 06 сарын 22

Үнэхээр л ганц дайчин ганцаардадгүй гэдэгийг үзүүлж байгаа хүндээ. Нөгөө доороо үхрийн ширтэй хонины нэхий улавчаа үйлдвэрлээрэй өвөл аминд орсон шүү.Амжилт хүсье!!!

1  |  0
Top