Ерөнхийлөгч Х.Баттулгын орон нутгийн иргэдтэй хийх уулзалт, “Эхийн алдар” одон гардуулах ажиллагаа баруун бүсийн аймгуудад үргэлжилж байна. Тэрбээр өнгөрсөн баасан гарагт Завхан аймагт ажиллаж, тус аймгийн 227 ээжид “Эхийн алдар” одон гардуулжээ. Мөн иргэдтэй уулзалт хийх үеэр хэлсэн үгэндээ дэд бүтцийн хөгжил болон аялал жуулчлалын уялдаа холбооны талаар байр сууриа илэрхийлж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төрийн бодлого онцгой үүрэг гүйцэтгэдэг гэдгийг онцолсон байна. Уулзалтад оролцсон иргэд уул уурхайн лиценз хавтгайруулан олгосныг зогсоох, жижиг дунд бизнес, малчдын амьдрал ахуйд хэрэгтэй шийдвэр төр засгаас гаргахыг хүсэхээс эхлээд даралтны эмийг бичиг, дараалалгүй авах асуудлыг ч хөндсөн аж.
Үүний дараа өнгөрсөн бямба гарагт Увс аймагт ажиллаж 346 ээжид “Эхийн алдар” одон гардуулжээ. Түүнчлэн тус аймаг дахь Баруун бүсийн хүүхдийн хөгжлийн төвөөр зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан байна.
Үүнээс гадна уламжлал ёсоор иргэдтэй уулзалт хийж, тэдний үгийг сонсжээ. Мөн “Шинэ эдийн засаг-Увс” хамтын ажиллагааны санаачилгын хүрээнд тус аймагт есдүгээр сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан чуулга уулзалтад оролцож үг хэлжээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Би 2010 онд Зам, тээврийн сайд байхдаа Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг батлуулсан. Төмөр замын асуудлыг баруун аймгийнхан, ялангуяа “Шинэ эдийн засаг-Увс” форумд оролцож байгаа бизнес эрхлэгчид маш нухацтай анхаараад аваарай. Яагаад гэвэл энэ төмөр замаар дамжин Кызыл-Абакан-Красноярск чиглэлтэй холбогдоно. Баруун бүсийг төмөр замаар холбох төрийн бодлого одоогоос арван жилийн өмнө гарсан. Та бүхэн хэвлэл, мэдээллээс харж байгаа байх. Зүүнбаянгаас Цогтцэций, Цогтцэцийгээс Гашуунсухайт хүртэлх 700 орчим км төмөр замын дэд бүтцийн ажил үндсэндээ дуусаж, энэ оны арванхоёрдугаар сард анхны тээвэр хийгдэх гэж байна. Монголчууд түүхэндээ анх удаа 700 км төмөр замыг монгол залуучууд, инженерүүдийн хүчээр бүтээн босгоод эхэлсэн. Ийм бүтээн байгуулалтыг 21 аймагт, тэр дундаа алслагдсан, баруун бүсийн аймгуудад мөн зүүн бүсийн аймгуудад эхлүүлэх ёстой. Тийм учраас үүнийг ярих гэж УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн санаачилсан “Шинэ эдийн засаг-Увс” санаачилгын уулзалтыг зорин ирсэн юм. Одоо монголчууд гаднын гар харахгүйгээр, зээл авахгүйгээр төмөр замаа өөрсдөө тавьж болдог гэдгийг харуулсан юм чинь яагаад баруун бүсийг холбосон дэд бүтэц, төмөр зам тавьж болохгүй гэж. Сая би зүүн аймгуудаар ажиллаад ирсэн. Зүүн аймгуудаар явахдаа Чойбалсан дахь Баянтүмэнгийн мухар төмөр замыг урагшаа шууд Бичигтийн боомт руу холбох талаар удирдлагуудтай нь уулзсан. Энэ төсөл дээр ажиллах бэлэн хүч нь байгаа. Зүүнбаян-Цогтцэций чиглэлийн төмөр замын ажил дуусчихсан учраас энд оролцсон компаниуд, аж ахуйн нэгжүүд өөрсдийн кэмпийг Баруун-Урт чиглэлийн төмөр зам руу нүүлгэж, ажил эхэлж байгаа. Зүүн бүсийн хөгжил ойлгомжтой болчихлоо. Чойбалсангийн мухар төмөр замыг Бичигт рүү холбовол зүүн аймгуудын эдийн засаг буюу ОХУ-БНХАУ-ыг холбосон транзит тээврийн том дэд бүтэц бий болно. Энд цемент, гурилын үйлдвэр болон бусад аж ахуйн нэгжүүд энэ дэд бүтцээ дагаад хөгжинө. Өнөөдөр алслагдсан Халхгол суманд газар тариалан эрхэлж байгаа хүн гурилаа үйлдвэрлээд Улаанбаатар хотод ирж борлуулах боломж байхгүй. Үүнтэй адилаар баруун бүсэд газар тариалан, мал аж ахуй эрхэлж байгаа хүн Улаанбаатарын зах зээлд нийлж, асуудлаа шийднэ гэдэг бас боломжгүй зүйл.
Тийм учраас өнөөдөр энд ярьж байгаа энэ дэд бүтцийн ажил дээр зүүн аймгууд нэгдэж байгаа шиг баруун бүсийн бизнес эрхлэгчид, баруун аймгуудаас сонгогдсон УИХ-ын гишүүд нэгдсэн ойлголтод хүрч, уриалгаа гаргаад, 2010 онд батлагдсан бодлогыг хэрэгжүүлэх тал дээр санаачилгаа гаргаад ажиллаач гэж хүсье. Энэ бодлогыг өөрөө УИХ-аар батлуулсан учраас, энэ бол Монгол Улсыг хөгжүүлэх цорын ганц алхам гэдгийг ойлгочихсон учраас Ерөнхийлөгчийн хувьд та бүхнийг зорин ирж, энэ бүхнийг ярьж байна. Төмөр зам тавих юм бол баруун аймагт амьдардаг наян настай хөгшин, найман настай балчир галт тэргэнд суугаад, унтаад сэрэхдээ Улаанбаатарт ирсэн байдаг болъё л доо. Эмнэлэгтээ үзүүлж, үйлчилгээгээ аваад Улаанбаатараас галт тэргэнд сууж, маргааш өглөө нь Увс, Ховд, Баян-Өлгий аймагтаа ирсэн байдаг болмоор байна шүү дээ. Далайд гарцгүй Монгол Улсын хувьд хөгжил бол төмөр зам юм. Бусад орнууд төмөр замаараа хөгжсөн. Ингэж дэд бүтэц, ложистикоо хөгжүүлсний дараа бизнес эрхлэгчид хүссэн хүсээгүй эвлэлдэн нэгдэж, том асуудал руугаа орно” гэсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
Устгаад л суунуу дон королиногын зонбийнууд
Энэ ёстой солиотой гараа ... өмнөөс н ичээд байх юм даа ... муу худалч хулгайч байжийж шал тоохгүй бурахыг н яанаа... 10 - н жилийн өмнө улсаас ганц ч төгрөг гаргахгүйгээр тавиад нүүрсээ зөөгөөд өдийд ёстой тэнгэрийн умдаг атгасан сууж байх монгол улсыг хохироож нарийн бүдүүн цариг хятад төмөр замаар танкаа ачиад ороод ирнэ гээд солиорч байсан даа ... дараа н солонгосын хулхи самсунг копанидаа төмөр зам тавих завшөөрөл өгч нөгөөх н хамаг доллароор н наадсан ..... МУУР БАГШИЙН үлгэрийг монголчууд нэг санах цаг иржээ ... өмхий баас шорондоо дараа жил орноо