“BTS” хамтлагийнхан олон саяын хөрөнгөтнүүд болно

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 29

Өмнөд Солонгосын к-попын “Big Hit Entertainment” компани ирэх аравдугаар сарын 15-нд IPO гаргаснаар “BTS” хамтлагийн долоон гишүүн бүгд олон саяын хөрөнгөтөн болно гэж CNBC суваг мэдээлжээ. Зах зээлийн үнэлгээ нь 4.1 тэрбум ам.долларт хүрээд буй “Big Hit Entertainment” компанийн 43 хувийг эзэмшдэг Бан Си Хюк тэрбумтан болох гэнэ. Өнгөрсөн наймдугаар сард тэрбээр “BTS” хамтлагийн долоон гишүүнд тус бүр нийт 7.9 сая ам.долларын үнийн дүн бүхий 68385 ширхэг хувьцаа хуваарилжээ.

“Big Hit Entertainment” нэгж хувьцааг 105-135 мянган воноор үнэлээд байгаа бөгөөд нийт 7.13 нэгж хувьцаагаа Солонгосын Хөрөнгийн бирж дээр гаргах замаар 821.2 сая ам.долларыг босгох хүлээлттэй байна. Өнгөрсөн даваа гарагт /2020.09.28/ тус хамтлаг хэдхэн цагийн дотор санал болгож буй хувьцааны тооноос 1000 дахин илүү худалдан авах санал авч, дээд амжилт тогтоожээ. Тус хамтлагийн үнэнч шүтэн бишрэгчид “Big Hit Entertainment” компанийн хувьцааг худалдан авах замаар хайртай дуучдаа дэмжихээ илэрхийлээд байна.

2019 онд “BTS” хамтлаг “Big Hit Entertainment” компанийн орлогын 97 хувийг бүрдүүлсэн бол энэ жил 88 хувийг нь бүрдүүлээд байна. Долоон жилийн түүхэндээ тус компани олон дээд амжилтын эзэн болжээ. Өнгөрсөн наймдугаар сард тус хамтлагийн “Dynamite” сингл “YouTube” сувгаар 24 цагийн дотор 101.2 сая үзэгчдэд хүрч, дээд амжилт тогтоосон байна. Түүнчлэн, “BTS” хамтлаг нь  “Billboard Hot 100” жагсаалтыг тэргүүлсэн Солонгосын анхны хамтлаг болж, өнгөрсөн зургаадугаар сард хийсэн онлайн концерт 100 гаруй орны 756 мянган үзэгчдэд хүрч, Гиннесийн дээд амжилтыг тогтоож байв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top