Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хуралдаан өчигдөр /2020.10.01/ боллоо. Хуралдааны эхэнд Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан товч танилцуулга хийлээ.
Монгол Улс , бусад улстай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд 2020 онд нэмэлтээр экспортлох дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны махны тоо хэмжээний тухай байлаа. Бэлчээрийн ургамлын ургалт муу байгаа, даац олон дахин хэтэрсэн, өвөлжилт хүндэрч болзошгүй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгуудад зудын эрсдэлийн үнэлгээ хийсэн. Дээрх аймгуудаас бэлтгэсэн хонь, ямааны махыг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан үзэж дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны махны экспортыг 10 дугаар сараас эхлэн зургаагаас доошгүй сарын хугацаанд бэлтгэж, экспортлох хэмжээг нэмэгдүүлэх санал гаргалаа.
Хуралдаанаас хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс зөвлөмж гаргалаа. 2020 оны нэмэлтээр экспортлох стратегийн хүнс болох дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны махны хэмжээг дөчин мянган тонн хүртэл байхаар тогтоохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд зөвлөлөө.
Монгол Улсын 2020-2021 оны хүйтэн улирлын төлөв байдлыг үндэслэн Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгаас бог мал бэлтгэх ажлыг экспортын эрх бүхий аж ахуйн нэгжтэй хамтран шуурхай зохион байгуулахыг холбогдох аймгийн Засаг дарга нарт чиглэл болголоо гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )