BLACKPINK хамтлаг сувилагчдыг доромжилсондоо хүлцэл өчлөө

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 09

БНСУ-ын охидын BLACKPINK хамтлагийн шинэ дуу Lovesick Girls-ийн клипийг БНСУ-ын Эмнэлгийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлээс ихэд шүүмжлэлд өртөөд байгаа. Хамтлагийн дуучин Женни сувилагчийн хувцастай байгаа хэсгийг “Эрүүл мэндийн манаанд зогсож байгаа эмнэлгийн ажилтан, сувилагчдыг секс, зугаа цэнгэлийн бай болгож, нийгэмд нэр хүндийг нь унагаалаа. Мөн сувилагчийн ажлын хувцсыг огт өөрөөр дүрсэлсэн. Дуу хөгжим, кинонд ийм дүр байнга гаргаж байгаа болохоор сувилагч нар бэлгийн хүчирхийлэлд их өртдөг. YG Entertainment агентлаг энэ талаар арга хэмжээ авах ёстой” гэж шаардсан билээ.

Энэхүү шүүмжлэлийг тус хамтлаг, тэдний харьяалагддаг YG Entertainment агентлаг хүлээн зөвшөөрч “Бид энэ клипээс сувилагчийн дүрс гарч байгаа бүх хэсгийг хасах болно. Ийм үл ойлголцол үүснэ гэж бодсонгүй. Эвгүй байдалд орсон сувилагчдаас уучлал гуйж байна. Улс үндэстний эрүүл мэндийг хамгаалж байгаа эмнэлгийн ажилтнуудыг бид хүндэтгэдэг” гэж хүлцэл өчжээ.

Эмнэлгийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэл уучлалыг хүлээн аваад “Манай нийгэмд сувилагч зэрэг зарим мэргэжлийн хүмүүсийг зугаа цэнгэлийн ажил мэт дүрслэн үзүүлдэг гаж тогтолцоо үүсээд байна. БНСУ-ын эмнэлгийн ажилтнууд COVID-19 цар тахлын эсрэг тэргүүн эгнээнд тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэх болно” гэж албан ёсоор мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Т(202.126.90.55) 2020 оны 10 сарын 09

Зөв

0  |  0
Top