Д.Бат-Эрдэнэ гишүүн Өмнөговьд гурил, будаа тарааж, СОНГУУЛИЙН ХУУЛЬ зөрчлөө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 10 сарын 11

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн сурталчилгаа орон даяар үргэлжилж байна. Гэтэл Өмнөговь аймагт орон нутгийн сонгуулийн сурталчилгааны туршид тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн нь одон медаль гардуулж, гурил будаа тараасаар байна. "Улсын Их хурлын гишүүний ажлын алба" нэрийн дор ингэж орон нутгийн сонгуулийн үеэр машин машинаар нь ачиж очсон гурил, будаагаа нэрсийн жагсаалт гаргаж байгаад тарааж байгаа нь Сонгуулийн хуулийн холбогдох заалтыг шууд зөрчиж байгаа үйлдэл юм. 

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ болон тус аймгийн Ардчилсан намын нэр дэвшигчдийн хууль зөрчсөн энэ мэт үйлдлийг хууль хяналтын байгууллагад мэдэгдсэн ч сонсоогүй, хараагүй мэт үл тоомсорлосоор байгаа нь хачирхалтай. 

Өнөөдөр гэхэд /2020.10.11/ Даланзадгад сумын бүх баг болон бусад сумдад хэдэн арван машинаар гурил будаа зөөж, очсон иргэдийн нэрсийг бүртгэн авч байлаа. Даланзадгад сумын Зургаадугаар багийн байранд гурил, будаа тарааж байсан нэр бүхий хүмүүс "Ажнай Д.Бат-Эрдэнэ гишүүн ахмадуудад гарын бэлэг гэж өгч байгаа. Энэ сонгуульд хамаагүй" гэх мэтээр хаацайлж байсан ч очсон хүмүүсийн иргэний үнэмлэхний мэдээлэл, регистрийн дугаарыг тэмдэглэн авч байв. Мөн "Галакси" кино театрт УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн ажлын алба нэрийн дор нийт 5 багийн иргэдэд гурил, будаа тарааж байсан ч энэ үйл ажиллагаанд нь Ардчилсан намын ухуулагч, нэр дэвшигчид нь оролцон, сурталчилгааны материалаа тарааж байсан юм.  

Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ сонгуулийн сурталчилгаа өрнөж байгаа энэ үед "Гишүүний гарын бэлэг" нэртэйгээр ийн хүнс өгч байгаа нь сонгогчдын саналыг татах зорилготой эд зүйл тараах, нөлөөлөх хууль бус үйлдэл болж байгаа бөгөөд энэ үйл ажиллагаанд нь АН-ын ухуулагч, нэр дэвшигчид нь оролцож байгаа нь Сонгуулийн тухай хуулийг илт зөрчсөн үйлдэл болж байна. 
 

 


Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.2 дахь хэсэгт сонгуулийн сурталчилгааг дараах арга, хэлбэрээр явуулахаар заасан байдаг. 
 

  • Сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах;
  • Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах;
  • Хуульд өөрөөр заагаагүй бол намын далбааг гудамж талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах;
  • Сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх;
  • Ухуулах байр ажиллуулах;
  • Радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах;
  • Цахим орчин ашиглах;
  • Өдөр тутмын болон бусад сонин, сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх.
  • Сонгуулийн сурталчилгааны уулзалт, хандивын талаар сонгогчдод зар, урилга явуулсныг сурталчилгааны хэвлэмэл материалд оруулан тооцохгүй бөгөөд ийм төрлийн зар, урилга нь А5 хэмжээнээс илүүгүй байна.


АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИТХ-ЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИАС
 

47 дугаар зүйл. Хууль бус сурталчилгааг хориглох
 

47.1. Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор болон дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

47.1.1. Мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх;

47.1.2. Нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх;

47.1.3. Сонгогчийг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах;

47.1.4. Ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх;

47.1.5. Хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах;

47.1.6. Сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах;

47.1.7. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэх.

47.2. Улс төрийн намаас зөвхөн гишүүдийнхээ хүрээнд зохион байгуулсан сургалт, уулзалтыг сонгогчдын саналыг татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамааруулахгүй.

47.3. Сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч болон түүний менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно.

47.4. Төрийн улс төрийн албан хаагч сонгуулийн сурталчилгаанд оролцож болно.

Хэн нэгнээс таван кг гурил будаа, тав арван цаас гуйж авах биш, албан ёсоор баялагтаа эзэн байцгаая.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.9.46.18) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ ХАХУУЛЬ АВИЛГАЛ МӨН ҮҮ ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА НЬ ЮУ ХИЙДЭГ ЮМ БОЛ ХАРЖ Л БАЙЯ...

1  |  0
Top