Д.Бат-Эрдэнэ: Хар машиныг хакердах боломжгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 13

Орон нутгийн сонгууль ирэх пүрэв гарагт болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор СЕХ-ны Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнээс зарим маргаан дагуулж буй асуултад хариулт авлаа. Тэрбээр энэ удаагийн сонгуульд ирцийн босго байхгүй, хар машиныг хакердах боломжгүй гэх мэт тайлбарыг өглөө. 


-УИХ-ын болон Орон нутгийн сонгуулиар сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг хэрхэн зохицуулж өгсөн бэ?

-Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш сонгогчийн шилжилт, хөдөлгөөн гэдэг асуудал байхгүй болсон. УИХ-ын 2020 оны сонгуулиар сонгогчийн шилжилт, хөдөлгөөнийг хязгаарласан. Энэ бол зөвхөн нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, сонгуулийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч, цагдаагийн ажилтанд хамаарна. Одоо болох гэж байгаа орон нутгийн сонгуулийн хувьд ч сонгогчийн шилжилт, хөдөлгөөн гэдэг зүйл огт байхгүй. Өөрөөр хэлбэл, сонгуулийн байгууллагад ажиллаж байгаа ажилчид ч сонгогчийн шилжилт, хөдөлгөөн хийх боломжгүй. Тухайн шатны нутгийн өөрөө удирдах төлөөллийг сонгож байгаа учраас сонгогч аль нэг газар шилжиж очоод, тухайн дүүргийн удирдлагыг сонгоно гэдэг авцалдаагүй зүйл. Тииймээс энэ удаагийн сонгуулиар ямар ч шилжилт хөдөлгөөн байхгүй.

-Энэ удаагийн орон нутгийн сонгуульд ирцийн босго тавиагүй нь их сонин юм. Магадгүй төрийн эрх мэдлийг хуулийн цоорхой ашиглан авах гэсэн оролдлого гэж хардаж болохоор байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Улс оронд болж байгаа сонгуулийн ирцийг судлаад үзэх юм бол жил ирэх тусам буурсан үзүүлэлттэй байдаг. Үүнийг дагаад бусад улс орнууд ирцийн босго тавьдаггүй байх бодлого баримталж эхэлсэн. Гэсэн хэдий ч СЕХ болон бүх шатны сонгуулийн байгууллага сонгогчийн оролцоог нэмэгдүүлэх, өмнө нь байсан ирцээс бууруулахгүй байх тал дээр анхаарч ажиллана.

-Орон нутгийн сонгуулийн дүнг СЕХ танилцуулах уу?

-СЕХ-ноос орон нутгийн сонгуулийн дүнг танилцуулахгүй. СЕХ орон нутгийн сонгуулийн үеэр мэргэжил, арга зүйгээр хангах үүрэгтэй оролцдог. Өөрөөр хэлбэл, тухайн шатны сонгуулийн хороод нь өөрийн нутаг дэвсгэр дээр сонгуулиа зохион байгуулж явуулах дээд шатны байгууллага гээд хуульчилж өгсөн байдаг.

-Санал тоолох машиныг хакердсан гэх мэдээллийг улс төрийн намууд өгч эхэллээ. Үнэхээр хар машинд нөлөөлөх боломж байдаг юм уу?

-Хар машиныг хакердах боломжгүй. Санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүн бол эцсийн дүн байдаг. Тухайн дүнг СЕХ-нд дамжуулахаас өмнө хэсэг дээр ажиллаж байгаа нэр дэвшигчийн ажиглагч нарт хэвлээд өгдөг. Үүний дараа СЕХ-ны сервер рүү дамжуулдаг. Өөрөөр хэлбэл, СЕХ-ны дүнг ажиглагчид өгсөн дүнтэй харьцуулж харах боломжтой. Хоёрдугаарт, саналын хуудас дээр бичигдсэн саналуудыг ажиглагчид өгсөн дүн мэдээтэй тохирч байгаа эсэхийг хяналтын тооллого явуулж мэдэх боломжтой. Гуравдугаарт, санал тоолох машинд уншигдсан бүх саналын хуудсыг зурган файл болгоод, СD-нд хэвлээд, тарааж өгдөг. Энэ зурган файлыг өөрт нь өгсөн биллтэй тулгаж харах боломжтой.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.179.21.232) 2020 оны 10 сарын 13

За ямар тэнэг хакердах боломжтой гэж хэлхэв дээ. Мэдээж бүгд л боломжгүй л гэнэ. Дараа бүх зохицуулалтаа хийнэ шүү дээ

0  |  0
Top