Шадар сайд Я.Содбаатар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгчээ. Ингээд түүнийг сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэж байна.
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой ажлын хэсгийн даргаар та ажиллаж байгаа. Өмнө нь цөөнгүй ажлын хэсэг гарч байсан. Энэ удаагийн ажлын хэсэг ямар түвшинд ажиллахаар гол зорилгоо тодорхойлсон бэ?
-Ерөнхий сайдын захирамж гарч Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар тусгайлсан ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийг би ахалж байгаа. Ер нь бол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас “Монголын зэс” компани авсан худалдан авалттай холбоотой асуудал сүүлийн таван жил яригдаж байна. Өмнө нь УИХ, Засгийн газрын түвшинд нийтдээ таван ажлын хэсэг гаргаж ажилласан. Энэ хүрээнд 2017 онд УИХ-ын 27 дугаар тогтоол гарсан. Тус тогтоолоор “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан 400 сая 270 мянган ам.доллар ОХУ-д шилжсэн байдаг. Үүнийг суутган тооцох замаар шийдэх ёстой” гэж шийдсэн байдаг. Уг асуудал өмнө нь Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Л.Оюун-Эрдэнэ сайдуудын ажлын хэсэг дээр тодорхой хэмжээнд яригдаж, шүүхийн асуудал үүссэнээр өдийг хүртэл шийдэгдээгүй байгаа. Тэгэхээр тус асуудлыг нэг талд нь гаргаж шийдэхээр ажлын хэсэг ажиллаж байна. Холбогдох тооцоо судалгааг хийж байна. Тооцоо судалгааг нэгтгээд энэ асуудлаар холбогдох аж ахуйн нэгжтэй хэлцэл хийнэ гэсэн байр суурьтай ажиллаж байгаа. Ажлын хэсэгт Монголбанк, Сангийн яам, ЗГХЭГ гээд холбогдох байгууллагуудаас төлөөлөл орсон.
-“Эрдэнэт” үйлдвэрийн 15 хувийг ард түмэнд хувааж өгөөд үлдсэнийг нь Худалдаа хөгжлийн банкны “сахал” Д.Эрдэнэбилэгт үлдээх гэж байна гэсэн мэдээлэл гарсан?
-Орон нутгийн сонгууль болж байгаа учраас энэ сэдвийг нэлээд улстөржүүлэх гэж оролдож байх шиг байна. Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь, ер нь “Эрдэнэт” үйлдвэрийн ямар нэгэн хувийг хэн нэгэн хүнд өгөхгүй. “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь улсын үйлдвэрийн газар болсон. Улсын үйлдвэрийн бүртгэл нь батлагдсан. Одоо бид УИХ-аас баталж өгсөн онцгой дэглэмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Энэ үйлдвэр цаашдаа 100 хувь төрийн өмчит компани байх ийм байр суурин дээр бид ажиллаж байгаа. Ямар нэгэн хувь хэмжээгээр “сахал” Д.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй уулзсан юм байхгүй.
-Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах асуудлаар ярилцсан зүйл байна уу?
-Улсын онцгой комиссоос санал гаргаж, Засгийн газар хэлэлцээд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг аравдугаар сарын 31-н хүртэл сунгасан байгаа. Цаашид бид хилийн хориог хязгаарласан асуудлыг ч мөн сунгана гэсэн бодолтой байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг Улсын онцгой комисс болон Засгийн газар хуралдаж байж шийднэ.
-Онцгой байдлын ерөнхий газар өндөр үнэтэй автомашин авсан гэсэн асуудал гараад байсан. ОБЕГ бол Шадар сайдын харьяанд байдаг байх аа?
-Миний харьяанд хэд хэдэн агентлаг харьяалагддаг. Тийм учраас бид худалдан авалтын ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулах ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Төрийн худалдан авалтын үйл ажиллагааг цаашдаа боловсронгуй болгох, хүний оролцоогүйгээр явуулах ёстой гэсэн байр суурин дээр ажиллаж байгаа. Бид худалдан авах ажиллагаа явуулж буй байгууллагуудын цахим шилжилттэй танилцана. Төрийн худалдан авалттай холбоотой авлига, хээл хахууль, хүнд суртал асуудал их байгаа учраас эрх зүйн асуудлыг боловсронгуй болгохын тулд хуульд нь өөрчлөлт оруулахаар бэлтгэж байгаа. Ирэх оноос цахим шилжилт рүү оруулна.
-Гадаадаас ирэх зарим нислэг хэт өндөр үнэтэйгээс шалтгаалаад суудал дүүрэхгүй байна гэсэн мэдээллүүд яваад байна?
-Засгийн газар гадаадад байгаа иргэдээ татан авах ажиллагааг эрчимжүүлж байгаа. Бид дулааны улиралд багтааж таван шалгуурт оруулсан хүмүүсээ авах ажил үндсэндээ дуусаж байна. Өнөөдрийн байдлаар Европ, Австрали, Зүүн өмнөд Азиас Монгол руугаа ирэх иргэдийн хүсэлт буурсан. Зарим нислэг суудал бүрэн дүүрэнгүй ирж байгаа. Сөүл-Улаанбаатар чиглэл рүү долоон удаагийн нислэгийг энэ сард үйлдэх бөгөөд онгоц дүүрээд ирж байгаа. АНУ-ын Сиатл-Улаанбаатар чиглэлээс ирсэн сүүлийн хоёр нислэг суудал дүүрэхгүй ирсэн. Гадаадаас ирэх иргэд санхүүгийн боломжгүй бол тухайн улсынхаа холбогдох байгууллагад хандах боломжтой. ШӨХТГ-т онгоцны тийзтэй холбоотой шалгалт хийсэн. Цар тахалтай холбоотой нислэгүүдтэй холбоотой шалгалт хийж, олон улсын жишиг үнэтэй харьцуулж, буулгах чиглэл рүү ажиллаж байна.
Ж.САЙХАН
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 4 )
Төрийн мэдэлд 100% байхаар төрийнхөний шахаа л цэцэглэнэ биздээ.
Бүх компаниудыг улсын болго.
Ингэж яриад эхлэхээр л эвгүй дээ . Хаянг ЭРДЭНЭС МОНГОЛ- ын захиралаар тавиад МАН нэг л эвгүы бнда
ЯРИАД Л СУДЛААД Л НЭГ Ч АЖИЛ ШИЙДЭГДЭЭГҮЙ Л БАЙНА ДОО