Нутгийн өөрөө удирдах байгууллагаа СОНГОХ ӨДӨР

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 10 сарын 15

Монгол Улсын иргэд сонгогчид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага иргэдийн Төлөөлөгчдийн хурлаа сонгох гэж байна. 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль өнөөдөр (2020.10.15) орон даяар 07:00 цагаас нэгэн зэрэг эхэллээ. Сонгогчийн санал авах ажиллагаа 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Энэ удаагийн Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд 9 нам, 1 эвслээс болон бие даан нэр дэвшигч, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 9 намаас болон бие даан нэр дэвшигч нийт 17149 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд 21 аймаг, нийслэлээс 816 төлөөлөгч, 330 сум, 9 дүүргээс 7353 төлөөлөгч сонгогдож, иргэд сонгогчдоо төлөөлөн орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө ажиллах юм.

Сонгуулийг зохион байгуулахаар сонгуулийн хороодын болон мэдээллийн технологийн ажилтнуудаас бүрдсэн нийт 21,176 төрийн албан хаагч ажиллаж байна. Цагдаа, тагнуул, онцгой байдлын алба хаагчид, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, сонгогчдыг эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан орчинд саналаа өгөх бололцоогоор хангах үүрэг хүлээсэн бол Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллах юм. 

Түүнчлэн Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас Ковид-19-ын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, 2148 санал авах байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийн бэлтгээд байна. 

Та харьяа хэсгийн хорооны санал өгөх байрны хаяг болон таны нэр сонгогчдын нэрсийн жагсаалтад байгаа эсэхийг харахыг хүсвэл ЭНД дарж нэвтрэн, регистрийн дугаараа кирилл үсгээр оруулж шалгаарай. 


Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ноос орон нутгийн сонгуулийн дүнг дэлгэцээр харуулах боломжгүй хэмээж буй.

Тодруулбал, СЕХ-ны дарга П.ДЭЛГЭРНАРАН "Сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан. 2148 хэсгийн хороонд санал тоолох төхөөрөмж болон ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисууд хүргүүлсэн. 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр батлагдсан хуулиар орон нутгийн сонгуулийн сонгогчдын ирцийг босгогүй байхаар тогтсон. Тиймдээ ч санал хураах цагийг богиносгож, 07.00-20.00 цаг болгосон. Аймаг нийслэл, сум, дүүргийн сонгуулийн дүнг мэдээлэхдээ дэлгэцээр харуулах боломжгүй. Учир нь 8000 гаруй мандат дээр 17 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдөж байгаа учраас энэ бүх хувилбарыг дэлгэцээр харуулах техникийн боломж байхгүй. Ер нь Сонгуулийн тухай хуульд зааснаар “Сонгуулийн дүнг аймаг, нийслэлийн сонгуулийн хороод өөрсдөө гаргаж баталгаажуулах” хуулийн заалттай. Гэхдээ бид автоматжуулсан систем хэрэглэж байгаа учраас сонгуулийн дүнг шуурхай, ил тод дамжуулна. Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд есөн нам, нэг эвслээс болон бие даасан нийт 17149 нэр дэвшигч бүртгүүлэн үнэмлэхээ авсан. СЕХ-ны веб хуудаснаас нийслэл, сум дүүрэгт гарсан сонгуулийн дүнтэй танилцаж болно" гэж энэ талаар тайлбарласан билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top