Хар галууны тархац нутгийг хамарсан судалгаа хийнэ

2020 оны 10 сарын 14

Жил бүр нийгмийн цахим сүлжээнд тураг гогой буюу хар галууг тойрсон олон маргаантай асуудал гардаг. Иргэд гол, нууруудын загас багасаж байгаа нь хар галууны тоо толгой ихэссэнтэй холбоотой тул устгах шаардлагатай гэж үзэж зарим газар зөвшөөрөлгүй тураг гогой шувууг устгах тохиолдлууд гарсан. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлагууд, судлаачид, иргэдийн оролцоотой уулзалт, хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт /2020.10.08/ зохион байгууллаа.

Уулзалтад БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга, мэргэжилтнүүд, шувуу болон загас судлаач эрдэмтэд, загасчдын төлөөлөл, төрийн бус байгууллагууд, болон иргэд оролцсон юм. Хэлэлцүүлгээр тураг гогой үнэхээр загасны тоо толгойд нөлөөлж байгаа эсэх асуудалд бодитоор хандах, иргэдэд үнэн бодит мэдээллийг мэдээлэх, цаашид энэ асуудлаар хамтарсан үйл ажиллагааг хэрхэн явуулах, мэргэжлийн судалгаа шинжилгээ хийх талаар хэлэлцлээ.

  

“Зэрлэг амьтан судлах хамгаалах төв” ТТБ-ын захирал Б.Нямбаяр: “Энэ шувууны жинхэнэ нэр буюу шинжлэх ухааны нэр нь тураг гогой юм. Тураг гогойг тойрсон хэд хэдэн асуудал нийгмийн цахим сүлжээнд багагүй газар авлаа. Нэгдүгээрт: тураг гогой загасыг үй олноор нь идэж байгаагаас үүдэн гол, нууруудын загас цөөрч байна гэх асуудал яригдлаа. Энэ мэдээлэл нь өөрөө их өрөөсгөл юм. Учир нь тухайн амьтны хоол тэжээл нь загас учраас идэх нь ойлгомжтой. Тэд өөрийн идэх хэмжээ хязгаартай тэрнээс биш цахим орчин дахь бичлэг шиг байнга тэгэж олноор нь иддэг амьтан биш. Загас ч өөрөө байгаль дээрээ тийм амархан гогойд байнга тэгэж амархан баригдаад байдаггүй. Тиймээс зөвхөн тураг гогойноос болж загасны тоо толгой буурч байгаа гэдэг нь үнэнд нийцэхгүй. Загасны тоо толгой буурахад олон шалтгаан байж болно. Тухайлбал: уур амьсгалын өөрчлөлт болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн гол, нуурууд хатаж ширгэх, мөн маш их бохирдох болсон нь нэг том шалтгаан байж болох юм. Улсын хэмжээнд сүүлийн 20-30 жилд 2600 гаруй гол, нуур, булаг ширгэсэн гэсэн судалгааны үр дүн бий. Энэ дүн бол загасны амьдрах орчин хэрхэн хомсдож, доройтож байгаагийн нэг илэрхийл болно. Түүнээс гадна тураг гогойг гаднаас зориудаар оруулж ирж байгаа мэтээр бичиж байна. Тийм зүйл байхгүй, энэ шувуу бол манай тивийн умард хагаст өргөн тархалттай байдаг зүйл, Монголд аль эртнээс л байсан шувуу юм. Тиймээс иргэд цахим ертөнцийн зарим мэдээлэлд шүүлтүүртэй хандаж мэргэжлийн судлаач, эрдэмтдийн үгийг сонсож байгаасай гэж хүсч байна.”

МУБИС-ын Биологийн тэнхмийн эрхлэгч Ж.Ариунболд: ”Судалгаа шинжилгээгүйгээр тураг гогой/хар галуу/ шувууг шууд устгах талаар ярьж болохгүй. Орон нутгийн иргэд зохих зөвшөөрөлгүй тор тавьж загас барих тохиолдол их байдаг. Устгах ажлыг хийхэд бусад ховор шувууд дайжих зэрэг бусад амьтдын жам ёсны эрхийн асуудлыг маш сайн тооцох хэрэгтэй.”

“Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” ТББ-ын захирал С.Дамдинсүрэн: Бид биологийн төрөл зүйлийг судалгаа шинжилгээгүй устгах, тоо толгойг цөөрүүлэх арга хэмжээг авбал олон улсад нэгдэн орсон 5 конвенцийн асуудлыг зөрчинө. Амьтны тоо толгойг хэдий хэмжээнд байх ёстой гэдгийг энгийн иргэд бид шийддэггүй. Энэ нь өөрөө байгалийн жам ёсоор зохицуулагддаг зүйл юм.”

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Гидробиологи, загас судлалын лабораторийн эрхлэгч Ч.Аюушсүрэн: Тураг гогой буюу хар галуу олноор цугларч байгаа нууруудыг ажиглахад нуурын гүн, байршил, загасны тоо толгой маш чухал байдаг. Загасны тоо толгой үнэхээр буурсан эсэх талаар дорвитой судалгаа алга байна. Хэрэв үнэхээр загасны  тоо толгой багассан бол иргэдийн тавьж байгаа заламгайн тор гол нэг том шалтгаан болж байна гэж бид үзэж байгаа.”

Хэлэлцүүлгийн үр дүнд 2021 онд тураг гогойн тархац нутгийг бүрэн хамарсан тоо толгойн судалгааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийхээр шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(64.119.19.197) 2021 оны 05 сарын 29

хар галууг тоолох гэж мөнгө зарахын оронд тэр мөнгөөрөө хар галууг хурдан устгаачээ

0  |  1
Top