Ядарсан нэгний боломжийг хулгайлдаг нүх цоорхойг хаана гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 10 сарын 16

Чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо.

Коронавирусний цар тахлын аюул үргэлжилсээр байгааг харгалзан эмзэг бүлгийн иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуй эрхлэгчдийг дэмжих чиглэлээр 2020 онд хэрэгжүүлсэн зарим арга хэмжээг ирэх оны хагас жилд үргэлжлүүлэхээр төлөвлөж байна гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэв.

Тухайлбал, 18 хүртэлх насны хүүхэд бүрт олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн болон нийгмийн халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжихэд сар бүр олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 288 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн шийдвэрийг 2021 оны эхний хагас жилийг дуустал үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Түүнчлэн үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжийн ажилтандаа олгодог цалин хөлснөөс ердийн үед 22-25 хувиар тооцож ногдуулдаг байсан нийгмийн даатгалын шимтгэлийг  чөлөөлж, хөнгөлсөн арга хэмжээг хэсэгчлэн үргэлжлүүлж, 2021 оны эхний хагас жилд 3-5 нэгжээр хөнгөлж, нийт 17 хувиар тооцохоор төлөвлөөд байна.

Цаашид нийгмийн даатгалын төрөл, шимтгэлийн хувь хэмжээ, тэтгэврийн тогтолцоог хөдөлмөр эрхлэлтийн хэв шинж, хүн амын өсөлт, насжилт, цалин хөлсний бодлого зэрэгтэй  уялдуулан тогтолцооны хувьд иж бүрэн шинэчлэх замаар ажил эрхлэлтийг дэмжсэн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд дарамтгүй, санхүүгийн хувьд урт хугацаанд тогтвортой, төлсөн шимтгэлийн хэмжээгээр ирээдүйд үр өгөөжөө өгдөг, тэгш, шударга, ил тод, үр ашигтай тогтолцоонд шилжинэ.

Түүнчлэн олон төрлийн халамжийг хавтгайруулан давхардуулж олгодог байдлыг цэгцэлж зайлшгүй шаардлагатай өрх иргэнд хэрэгцээ шаардлагад нь нийцсэн, хүртээмжтэй дэмжлэг, тусламж олгодог байхаар нийгмийн халамжийн тогтолцоог өөрчилнө. Халамжид хамрагдах шалгуурыг нарийвчлан танил тал, авилгаар төрийн халамж хүртэж ядарсан нэгний боломжийг хулгайлдаг нүх цоорхойг хааж, бэлэнчлэх бус харин ажил хөдөлмөр эрхлэхийг дэмжсэн  тогтолцооны шинэчлэл хийнэ.

Нийгмийн хамгааллын салбарын шинэчлэлийн хүрээнд дээр дурдсан халамж, нийгмийн даатгалын тогтолцоог цогцоор нь шинэчлэх хууль эрх зүйн багц өөрчлөлтийг Засгийн газраас Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэх болно хэмээн мэдэгдлээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.93.87) 2020 оны 10 сарын 16

Хүмүүсийг ажилгүй байлгах бодлгоо болих болоогүй юү? Хэдэн төгрөг нэмсэн гээд байгаа нь хэрэглээний үнэтэй харьцуулбал нэмэгдсэн гэх арга байхгүй ш дээ. Энэ Хүрэлсүх чинь Элбэгдоржийн шавь арай биш биз дээ. Худлаа ярих нь хэтрээд байх юм. Улсад, улсад гэдэг нь цөөн хэдэн хүний төлөө биш зон олны төлөө хийх ёстой, энэ улсын чадал хүчийг нэмэхийн төлөө хийх шаардлагатай зүйлийг хэлж байна. Энэ үүднээс нь хандвал үнэндээ хийчихсэн юм юу ч байхгүй.

0  |  0
Zochin(109.89.151.254) 2020 оны 10 сарын 16

Deegyyr xiij baigaa tom xulgaig tsegtslex ni deer bolov uu ????

0  |  0
Top