Найруулагч С.Бямба: IPTV чиглэлийн цуврал бүтээл хийнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 20

“Улаанбаатар” олон улсын XII кино наадмын нээлт өчигдөр /2020.10.19/ “Тэнгис” кино театрт боллоо.

Дашням, Балжинням давхцсан бэлэгт сайн өдөр нээлтээ хийсэн энэхүү наадмын гол онцлог нь цар тахлын улмаас онлайн явагдсан, гадаадаас шүүгч, зочид ирээгүй явдал байлаа. Гэхдээ дэлхий дахинд алдартай том олон наадам цуцлагдаж, хойшилж байхад “Улаанбаатар” кино наадам жил бүрийн адил үзэгч олонтойгоо уулзсан юм. Наадамд шинээр “Үзэхийн хязгаар” хөтөлбөр нэмэгдсэн нь кино урлагаар дамжуулан, соёлын илэрхийллийн олон төрлийг танилцуулах, бүс нутгийн кино урлагийн шилдэг бүтээлийг үзэгчдэд хүргэх, кино үзвэрийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Мөн “Ирж яваа цаг” кино форумаар модератор Б.Түмэн-Өлзий ковид-19 тахлын үеийн кино урлагийн талаар ярих бол “Авдраа уудал” сургалтыг найруулагч С.Бямба удирдан явуулах юм.  

Энэ жилийн кино наадмыг Монголын уран сайхны “Хэвтрийн хүн” киногоор нээлээ. Зохиолч, яруу найрагч Г.Аюурзаны “Хэвтрийн хүн” бэсрэг романаас сэдэвлэн найруулагч С.Бямба зохиолыг нь бичиж, өөрөө найруулжээ. Ингээд нээлтийн ёслолын дараа найруулагч С.Бямбатай товчхон ярилцсанаа хүргэе.
 

-Кино наадам таны “Хэвтрийн хүн” бүтээлээр эхэлж байна. Баяр хүргэе.

-Баярлалаа. Их баяртай байгаа.

-Энэ жил коронавирусний улмаас олон киноны нээлт хойшлогдож, олон кино наадам цуцлагдлаа. Хөл хорио тогтоосноос зураг авалтын ажлууд ч зогссон.

-Мэдээж хэрэг энэ цар тахлын хөл хорио бидний ажилд их хүнд туссан. Олон нийтээр цуглаж болохгүй болсон учраас бүх үйл ажиллагаа үндсэндээ зогссон гэсэн үг. Гэхдээ онлайнаар харилцаж, ийм нөхцөлд хийж чадах юмаа хийцгээлээ. Уран бүтээлч хүн гэдэг хамгийн гол нь дотоод сэтгэлээ байнга чагнаж, ажиглаж байх хэрэгтэй байдаг. Энэ утгаараа харин цар тахлын хөл хорио нь бидэнд ашигтай болсон байж ч магадгүй. Өөрөө өөртөө цаг гаргаж, өөртэйгээ ярилцах цаг гарсан болов уу.

-Саяхан “Кино урлагийг дэмжих тухай” хуулийн төсөл хэлэлцэж эхэлсэн. Манай кино урлагийн зах зээлийн өнөөгийн байдал?

-Хэдэн тэрбум хөрөнгө эргэлдэж байгаа гадаадын зах зээлтэй харьцуулаад харах юм бол мэдээж жижигхэн, бага. Харин 3 сая хүнтэй улс орны зах зээлээ тооцоод үзэх юм бол манайд эргэлдэж байгаа мөнгө дотооддоо уран бүтээлчдээ дэмжээд кино урлагийг хөгжүүлэхэд хангалттай гэж би харж байгаа. Гагцхүү бодлогын хувьд зөв харж, нийцүүлэх асуудал л байна. Түүнээс биш гучин хэдэн кино гарч байна гэдэг муу үзүүлэлт биш. Энэ бүх кино ямар нэг хэмжээгээр ашиг олж байгаа учраас хийгдэж байгаа. Харамсалтай нь арилжааны талын кино урлагийн чиглэлийн киноны хоорондхи тэнцвэр байхгүй болчихоод байгаа нь асуудал болоод байна. Урлагийн талын кино хийж байгаа уран бүтээлчид илүү агуулга талаа хардаг. Харин арилжааны чиглэлийн хүмүүс маш хурдтай, олны сонирхол татсан юм хийхийн тулд өндөр чадалтай техник технологи ашигладаг. Урлагийн талын хүмүүсийн бүтээл нөгөө хэддээ нөлөөлж, тэнцвэртэй явах ёстой. Харьцаа нь алдагдахаар зогсонги болоод байгаа юм.

-Та сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Коронавирус, цар тахал дэлгэцэнд гарч байгаа кинонд их нөлөөллөө. Театрт кино гарахгүй, үзэгчдийн тоог хязгаарлалаа. Олон улсын зах зээл дээр ч мөн адил, кино театрын ашиг орлого буурсан. Үүнтэй зэрэгцээд IPTV, телевизийн чиглэлийн бүтээл илүү хүчээ авч байна. Би ч гэсэн тэр чиглэлийн юм хийх санаатай байгаа. Цуврал бүтээл.

-IPTV хүчээ авлаа гэхэд азийнхан, тэр дундаа манайхан Холливудын зах зээлд гарахад дөхөмтэй боллоо, монгол хэлээрээ ч тодрох боломжтой боллоо гэж ярьж байгаа.

-Iинэ техник технологи нэг талаасаа зах зээлийг тэлж байгаа нь үнэн. Гэхдээ бид одоохондоо яг тэр хүчтэй тоглогчдын тоглодог зах зээлийг сайн мэдэхгүй байгаа. Тийшээ орох тийм ч амархан ажил биш. Нэлээд удаан цаг хугацаа, нөр их хөдөлмөр шаарддаг зүйл. Бид технологийн хувьд боломжтой болоод ирэхээр амархан гэж бодоод байна.

-Та “Улаанбаатар” наадмын үеэр “Авдраа уудал” сургалт явуулна. Ямар хичээл заах вэ ?

-Үнэндээ сургалт маань эхлээд нэлээд удаж байна. Ерөнхийдөө найруулагчийн ур чадварын сургалт л даа. Өөрийнхөө туршлагыг л бусадтай хуваалцаж байгаа юм. Сургалт гэхээсээ илүү харилцан яриа хэлбэртэй. Оролцогчид ч бас амьдралын туршлагаа надад ярьдаг. Түүнээс биш би яг энийг дагахаар ийм юм болдог гэсэн жор заахгүй байгаа.

-Энэ жилийн кино наадмын онцлох кино?

-Монгол киноны уралдаант хэсэг их сонирхол татаж байгаа. Энэ жил цар тахал гарч, кино гарахгүй хуримтлагдсан учраас их чанартай бүтээлүүд иржээ. Тиймээс үзэгчдэд монгол кинонуудаа үзээрэй гэж зөвлөмөөр байна. Гаднын кинонууд бол жил бүр дандаа олон улсын наадмын шагналтай бүтээлүүд байдаг болохоор чанар сайн байдаг.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top