Шинээр бүрдсэн НИТХ-ын АНХДУГААР хуралдааныг товлолоо

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 21

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль аравдугаар сарын 15-нд болж өнгөрсөн. НИТХ-ын сонгуулиар МАН МАН 34 суудал, Ардчилсан нам 8 суудал, ХҮН гурван суудал тус тус авсан билээ.

Тэгвэл одоо хүчин төгөлдөр үйл ажиллагаа явуулж байгаа НИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр (2020.10.21) хуралдаж, шинээр сонгогдсон төлөөлөгчдийн анхдугаар хуралдааны товыг аравдугаар сарын 23-ны Баасан гаригийн 11.00 цагт хийхээр товлов.

Анхдугаар хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгож, намын бүлгүүдийг байгуулан, бүлгийн дарга нараа сонгоно. Мөн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрийг дэвшүүлнэ.

НИТХ-ын Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь удирдана. Хуульд сонгуулийн дүнгээр тухайн хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй гэж заасан байдаг тул МАН хуулийн дагуу эрхээ эдэлнэ. 

Дашрамд тэмдэглэхэд, МАН-ын Удирдах Зөвлөл өнөөдөр (2020.10.21) хуралдаж, намаас НИТХ-ын болон Хотын даргад хэнийг санал болгохоо ярилцаж тохирно гэсэн мэдээлэл бий. 


МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИАС


11 дүгээр зүйл. Хурлын даргыг сонгох
 

11.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.

11.2. Сонгуулийн дүнгээр тухайн Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй.

11.3. Тухайн Хурлын төлөөлөгчид Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлж болно.

11.4. Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно.

11.5. Энэ хуулийн 11.4-т заасан нэр дэвшигчдийн аль нь ч олонхийн санал аваагүй бол санал тэнцсэн буюу хамгийн олон санал авсан хоёр төлөөлөгчийг хоёр дахь санал хураалтад оруулах бөгөөд тэдгээрийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол энэ зүйлд заасан журмаар Хурлын даргад дахин нэр дэвшүүлнэ.

11.6. Хурлын төлөөлөгчид санал хураалтад оролцохдоо зөвхөн нэг хүний төлөө санал өгөх бөгөөд нэр дэвшигч өөрөө санал хураалтад оролцох эрхтэй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
eco hot(192.82.70.132) 2020 оны 10 сарын 21

hotoo hanuul shig bolgoe oo

0  |  0
Top